Интерпол Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа зогсоожээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн билээ. Мөрдөн байцаалтын явцад түүний дүү болон туслахынх нь ахаас байцаалт авах олон шалтгаан гарч ирсэн ч тэд аль хэдийнэ Монголоос оргон зайлсан байв. Иймээс АТГ-ынхан Интерполын товчоонд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуягийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Уг нь  Интерпол үндэстэн дамнасан хар тамхины наймаачин, алан хядагч, галт зэвсгийн худалдаачин, хүний наймааны хэрэгт холбоотой хүмүүсийг эрэн сурвал-жилдаг. Бас алдагдсан түүх соёлын хосгүй үнэт зүйлс, золиос болсон хүүхдүүдийг хайдаг. Ямар ч байсан малын хулгайч, “жижиг” залилангийн хэрэгтнийг эрэн сурвалжилдаггүй. Баргийн хэрэгтнийг тоодоггүй  Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол АТГ-ын хүсэлтийг хүлээн авч өөрийн цахим хуудастаа 2012 оны аравдугаар сарын эхээр зураг, мэдээллийг нь байршуулсан. Ингэснээр энэ хүмүүс олон улсад эрэн сурвалжилж буй “зартай” гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил Интерполд бүрт-гэлтэй болсон юм. Гэтэл ердөө хоёр сарын дараа буюу энэ сарын 10-нд Интерполын цахим хуудаснаас Н.Энхтуяа, Б.Хуяг нарын мэдээлэл арчигджээ. Өөрөөр хэлбэл, тэднийг Интерпол эрэн сурвалжлахаа зогсоосон байна. Үүнд зарим үйл явц нөлөөлсөн байх магадлал өндөр байгаа юм.

МАХН-ЫНХНЫ ЭЭЛЖ ДАРААЛСАН ЗАХИДАЛ

МАХН-ынхны явуулсан захиаг үзчихээд интерполынхон Монголын хоёр иргэнийг эрэн сурвалжлахаа больсон байх магадлал өндөр. Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн цагаас МАХН-ынхан гараа хумхиж зүгээр суугаагүй. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “Энэ хүмүүсийг эрэн сурвалжлахыг зогсоо” хэмээн Интер¬по¬лын ерөнхий нарийн бичгийн даргад электрон шуудангаар аравдугаар сарын 25-нд захиа илгээсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүд Монгол Улсын Засгийн газрын нэрээр Интерполд хандсан гэхэд болно. Тиймээс ч түүний энэ үйлдлийг мөрдөн байцаалтын явцад саад учруулж, эрх мэдэл, албан тушаалаа ашигласан үйлдэл гэж АТГ-ынхан сэжигтнээр тооцон шалгаж эхэл¬сэн. Гэвч үүний дараагаас МАХН-ын гишүүд, тэр дундаа УИХ, Засгийн газарт суудалтай хүмүүс Интерполд хандаж байлаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын ги¬шүүн О.Баасанхүү нар ээлж дараалан захиа бичицгээсэн билээ.

Ямартай ч өнөөдөр Ин¬тер¬полоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад Н.Энхтуяа, Б.Хуяг нарын нэр алга. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сар орчмын өмнө “Хууль зүйн дэд сайдын явуулсан захидлаас болж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газраас давхар сануулга ирсэн. Ингэснээр энэ хүмүүсийг эрэн сурвалжлах шийдвэрээ тэд эргэн харж магадгүй байна” гэж хэлсэн нь үнэний ортой байжээ.

Н.ЭНХТУЯА, Б.ХУЯГ НАР Н.ЭНХБАЯРЫН ХЭРЭГТЭЙ ХАМААРАЛГҮЙ БОЛСОН УУ

Хоёр дахь үндэслэл нь ийм байна. Н.Энхбаярт Улсын дээд шүүх 2.6 жилийн ял оноохдоо “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр онц их хэмжээний хохирол учруулсан, Японы бурхны шашны “Агоншү” байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг завшсан гэх үйлдлийг хангалттай нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Харин бусадтай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Мөн түүний улсад төлөх ёстой 1.2 тэрбум төгрөгийг цайруулсан билээ. Энэ бүхэн нь Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах шаардлагагүй болгосон байх магадлалтай. Хуулийнхны заавал нягтлах шаардлагатай гэсэн үйлдлүүдийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон болохоор энэ хоёр хүнээс юу асуух вэ гэж бодсон ч байж болох юм. Эсвэл Ц.Батбаяр, Т.Би¬лэгт нарын хэргийг Н.Энхбаярын хэргээс тусгаарласан шиг зүйл тохиолдож болно. Өөрөөр хэлбэл, ор сураггүй хил давж зугтсан Монголын хоёр иргэнийг буцаж ирэх хүртэл хэргийг түдгэлзүүлсэн байх магадлалтай.

АТГ-ЫНХНЫ ҮНДЭСЛЭЛ ХАНГАЛТГҮЙ БАЙСАН УУ

Интерпол улс төрийн болон зохиомол эрүүгийн хэрэгт оролцохгүй байхыг гол чиг шугамаа болгодог. Ийм ч үүднээс хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн эрэн сурвалжлуулах хүсэлтийг долоон үндсэн шалгуур тавьж хүлээж авдаг байна. Энэ нь Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг луйврын хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлахаа больсон дараагийн шалтгаан байж болох юм. Мөрдөн байцаагчид хүн л юм чинь алдсан байж болно. Интерполд хандсан үндэслэл нь тийм ч оновчтой биш байсныг үгүйсгэх аргагүй. Тийм учраас холбогдох хүмүүсээс энэ талаар тодрууллаа.

Нийслэлийн прокурорын орлогч Е.САГСАЙ:

-Эрэн сурвалжлах эсэхийг цагдаагийн байгууллага мэднэ. Яагаад гэвэл, прокурорын байгууллага тэр хүмүүсийг эрэн сурвалжлуулах хүсэлт Интерполд гаргаагүй. Яг энэ талаар мэдэхгүй байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.АМАРБАТ:

-Энэ хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоогүй.

ТЭД “ӨРГӨӨ”, “УЛААНБААТАР ТАЙМС”-ЫН ХУВЬЧЛАЛД НЭР ХОЛБОГДДОГ

Б.Хуягийг “Өргөө” зочид бууд¬лын хувьчлалын асуудлаар шалгах шаардлагатай ажээ. Экс Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан баривчлаад сулалсныг олон хүн мэднэ. Харин түүний төрсөн ах Б.Хуяг АНУ руу дүрвэсэн байдаг. Тэрээр Н.Энхбаяр нарт хол¬богдох хэргээс болоод сүүлийн хоёр жил эх орондоо ирж чадахгүй байгаа ч хаа нэгтээ найз, нөхөд рүүгээ цахим шуудан бичдэг гэсэн мэдээлэл бий. Иймээс ч АТГ, УМБГ-аас Буяагийн Хуягийг луйврын хэрэгт холбогдуулж Интерпо¬лоор эрэн сурвалжлуулж эхэлсэн. НИТХ-ын тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлснээр Б.Хуягийн нэр энэхүү дуулиант хэрэгт холбогдох болсон юм.

Харин Н.Энхбаярын дүүгээс “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын талаар байцаалт авах олон шаардлага АТГ-ынханд бий. Тэрээр бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” хэмээх хувийн компанийг 2010 онд ахаасаа авснаар энэ хэрэгт нэр холбогджээ. Н.Энхтуяа тухайн үед Сингапурт байрлах усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байв. Тэр 2004 оноос хойш АНУ, ОХУ, Сингапурт амьдарч байсан бөгөөд Монголд суурин байгаагүй. Харин компанийнхаа үйл ажиллагаанд алсаас оролцдог байсан ажээ. Үүний дараа “Mедиа холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Н.Энхтуяа “Медиа холдинг”-ийн захирал болоод “Улаанбаатар таймс” НӨҮГ-ийн хувьчлалын дараа Н.Энхбаярын “Кроп” компанид хөрөнгөө шилжүүлсэн юм. Ахынхаа бэлэглэсэн компанийг авсан дүү нь өмчилснөөр ийн хэрэгт холбогдсон байдаг.

Г.УЛСБОЛДЭх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин.



URL:

Сэтгэгдэл бичих