2012 онд дэлхий сөнөх үү: НАСА-гийн үзэл бодол.

АНУ-ын сансарын үндэсний агентлаг (НАСА) дэлхий ертөнцийн мөхлийн тухай 12 асуултад хариу өгч олон нийтийг тайвшуулахаар шийдвэрлэв.

Сүүлийн үед Интернетээр Ванга гийн зөн, Нострадамусын шүлэг, хамгийн гол нь Майя омгийнхны үл таагдах хуанли зэрэгт дурдагдсан удахгүй дэлхий ертөнц мөхөх тухай урьдчилсан таамаг цацагдах боллоо. Ард түмний дунд түгсэн домгоор 2011 оны арван хоёрдугаар сард Дэлхий Нибиру хэмээх гаригтай  мөргөлдөж хүн төрөлхтний соёл иргэншилд цэг тавих ажээ.  Дэлхий дахины интернет хэрэглэгчид НАСА-гийн албан ёсны лабораторийг үл танигдах гариг, түүний даялалын асуултаар булж эхлээд байна. Эцсийн эцэст энэхүү Агентлаг дэлхийн мөхлийн талаарх гол асуултуудад хариу өгч, олон нийтийг тайвшруулахаар шийджээ. Асуултын дор НАСА-гийн астробиологийн Институтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дэвид Моррисон хариулт өгсөн байна.
1. 2012 оны арван хоёрдугаар сард дэлхий яагаад мөхөх ёстой гэж?
Дэвид Моррисон: Уран зөгнөлч Зекари Ситчин эртний шумерууд ертөнцийн төгсөлийг урьдчилан таамагласан гэж зарласан. Тэр 1976 онд хэвлүүлсэн “12 дахь гараг” гэсэн  бүтээлдээ эртний шумерын гар бичмэл дотроос орчин үеийн шинжлэх ухаанаар танин мэдэгдээгүй Нибиру гарагийн тухай гар бичмэл олсон гэж зарласан. Энэ гараг манай нарыг тойрон эргэдэг бөгөөд бүтэн тойрохын тулд 3600 дэлхийн жил шаардлагатай учраас өнөөг хүртэл түүнийг хэн ч олж хараагүй гэжээ. Саяхнаас энэхүү таамгийг өөр домгоор нотлохын хичээсэн байна. Эртний Майягийн хуанлиар  2011 оны 12 дугаар сар нь Манай ертөнцийн оршин тогтнох сүүлийн сар бөгөөд түүнээс цааш ертөнц мөхнө гэжээ. Индейчүүд үүнийг арван хоёрдугаар сарын 20-23-ны хооронд гэж урьдчилан тооцоолжээ.

«АиФ»-ын тайлбар: Индейчүүдийн урьдчилсан таамгийг сонирхох хандлагыг “2012″ гэсэн киноны зар сурталчилгаа улам дэвэргэсэн юм. Киноны зохиомж нь дэлхий сөнөх тухай Майягийн хуанлийн товлосон  хугацаатай тохирч байгаа юм.

2. Шумерчууд өөрсдийнхөө үйл хэргийг сайн мэддэг байсан бөгөөд нэг бус удаа астрономын үнэн зөв таамгийг дэвшүүлж байсан. Жишээ нь Улан, Нептун, Плутон зэрэг гарагуудын нээлтийг урьдчилан таамагласан. Нибиругийн талаар алдаагүй байж болох биш үү?

Дэвид Моррисон: Нибиру гэсэн нэр вавилоны одон орончдын бүтээлд дурдагддаг бөгөөд Мардук бурханыг судлаачидтай мөн холбоотой. Энэ нь мөн ойролцоогоор манай тооллын өмнөх 668-627 оны хооронд бүтээгдсэн Вавилоны «Энума элиш» домогт гардаг, гэхдээ шумерын соёл иргэншил манай тооллын өмнөх  XXIII- XVII зууны үед оршин тогтнож, өөрийн соёлын бүхий л өв дурсгалаа бүтээсэн гэдгийг санахад илүүдэхгүй.  Нибиру гэсэн гарагийг шумерууд нээсэн гэсэн  үзэл санаа нь Ситчины таамаг, бодол санаанаас урган гарсан ямар нэгэн үндэслэлгүй зүйл гэж бодож байна.  Шумерын соёл иргэншил нь урлаг соёлын гайхамшигт бүтээлүүд, хөдөө аж ахуй, хотын дэд бүтэцийн тэргүүний технологи, бичиг үсгийн онцгой чадвартай байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч харамсалтай нь астрономын хүрээн дэх шумерын нээлтүүдийг гэрчилсэн баримт бичиг бидэнд тун бага байгаа юм. Шумерууд Нептун, Уран, Плутоны тухай ямар нэгэн төсөөлөлгүй байсан юм. Тэд гараг эрхэс нарыг тойрон эргэдэг тухай огт мэдэхгүй байсан, харин гелео-төвийн тухай анхны төсөөлөл шумерын соёл иргэншил мөхсөнөөс хойш ойлолцоогоор 2 мянган жилийн дараа эртний Грект  бий болжээ.

3. 1983 онд НАСА арав дахь гарагийг нээж “Икс” гэж нэрлэсэн, дараа нь Зено буюу Эрис гэж нэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж дэлхийн томоохон сонинууд шуугисан. Энэ Нибиру биш гэж үү.

Дэвид Моррисон: НАСА 1983 онд солонгон давхаргын хэт ягаан хэсгийн астрономын судалгаа явуулах зорилгоор арван сарын хугацаатайгаар IRAS аппаратыг хөөргөсөн. Энэ аппарат урд өмнө бидэнд мэдэгдээгүй байсан цацрагийн эх сурвалжуудыг (350 мянга орчим) илрүүлсэн боловч тэдний аль нь ч Нибиру, Икс гараг болон манай нарны тогтолцооны хүрээн дэх өөр ямар нэгэн объектын аль нь ч биш байсан. 10 дахь гарагийн тухай цуурхал 1984 онд гарсан. Тэр үед шинжлэх ухааны нэг хэвлэл IRAS шинжлэх ухааны үл хамаарах үл танигдах объектуудыг илрүүлсэн, энэ нь ямар нэгэн  нээгдээгүй гарагууд байж болох юм гэж мэдээлсэн. Гэвч сүүлд нь газарт болон сансарт хийсэн урт удаан судалгаа шинжилгээний явцад эдгээр объектууд нь алс холын галактикууд гэдэгт НАСА-гийн ажилтнууд итгэсэн юм. Үндсэндээ Нибиру нь цэвэр уран сэтгэмжийн үр дүн. Орчин үеийн астрофизикийн хөгжлөөс харахад манай нарны тогтолцоонд “үл үзэгдэх” , “нээгдээгүй” 10 дахь гараг байх боломжгүй.

4. “Икс гараг” гэсэн нэр томъёо янз бүрийн он жилүүдийн шинжлэх ухааны бүтээлүүдэд нэг биш удаа дэвшигдэж байсан. НАСА шинэ гараг нээгдсэн тухай баримтыг нуух гэж шургуу оролдож байна гэсэн хардлага төрдөг?
Дэвид Моррисон: “Икс гараг” гэдэг нь шууд бус мэдээний үндсэн дээр  таамаглаж байгаа, оршин буй нь эргэлзээтэй объектын илэрхийлэл. Зөвхөн тухайн объект бодитойгоор оршин буй нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд түүнд жинхэнэ нэр өгдөг, жишээ нь Плутон гэж нэрлэхэд л “Икс гараг” гэсэн нэр үгүй болно. Хэрэв сансрын биет оршин тогтнож байгаа нь батлагдаагүй буюу тэр гараг биш бол түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичихээ зогсоно л гэсэн үг. Ингээд л гүйцээ. Сүүлчийн “Икс гараг” гэхэд манай нарны тогтолцооны захад орших бичил гараг – Эрида болсон. Тэр Плутоны нэгэн адил сарнаас бага хэмжээтэй, тойрог зам нь дэлхийгээс 4 сая милиэс  хол учраас дэлхийд ойртох боломжгүй.
5. НАСА өмнөд туйл дээр маш том дуран авай зоосон. Энэ нь Нибируг нууцаар хянахын тулд бүтээсэн эд биш үү?

Дэвид Моррисон: Тиймээ. Өмнөд туйлд дуран авай бий. Түүнийг НАСА нууж хаасан юм байхгүй. Тэр Нибируг ажиглах зориулалт байхгүй. Энэхүү дуран авайг Үндэсний шинжлэх ухааны байгууллагын хүч хөрөнгөөр барьж байгуулсан. Энэ бол харах төхөөрөмж биш, радио учраас ямар нэгэн зураг авах дүрс буулгаж чадахгүй. туйл дээр телескоп ажиллахад өдөр шөнө саад болохгүй, мөн богино долгион хүлээн авалт хамгийн сайн байдаг  учраас энэ байрлалыг сонгосон юм.
6. Google Sky болон Microsoft Telescope программд оруулсан сансарын бүрэн хэмжээний зураг дээр сүүдэртэй хар хэсэг байгааг юугаар тайлбарлах вэ? Тэнд Нибиру нуугдаж байгаа гэлцэх юм

Дэвид Моррисон: Тэнгэрийн энэ хэсэг 2007-2008 оны өвөл дэлхийн аль ч хэсгээс маш тодорхой харагдсан учраас тэнд Нибиру нуугдсан байх боломжгүй. Тэнгэрийн энэ зураг дээр “хар цэг” яагаад гарсан талаар надад сонирхолтой байсан учраас би Google-ийн шинжлэх ухааны хэлтэст ажилладаг өөрийн танилаасаа асуусан юм. Түүний үгээр бол сансрын энэ хэсэг компьютерын техникийн алдааны үр дүнд арчигдсан, удахгүй түүнийг засаж залруулагдах юм гэсэн.

7. Майячуудын астрономын таамаглалууд гол цэгийг ихэвчлэн оносон (үнэн зөв) байдаг. Эртний индейчүүд дэлхийн төгсгөл чухам 2012 онд болно гэж үзсэн юм бол?

Дэвид Моррисон: Дэлхийн мөхлийн тухай “таамаг дэвшүүлэгч”-дийн иш үндэс болгож байгаа Майягийн цаг тооны бичиг нь ирээдүйг таамаглахад биш, өнгөрсөн цаг үеийг тооцох үндсэн дээр зохиогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Индейчүүдийн цаг тооны бичиг нь биднийхээс ихээхэн нарийн, он цагийн хэлхээг нарийн зөв гаргаж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрч болох боловч түүний тусламжтайгаар ямар нэгэн таамаг дэвшүүлж болно гэсэн үг бишээ.  Маягийн цаг тооны бичиг 2012 онд хүртэл зохиогдсоноос л шалтгаалж ертөнцийн мөхлийн тухай үзэл санаа үүссэн байх. Миний өмнө байгаа ширээний календарын эцсийн өдөр арван хоёрдугаар сарын 31-нээр төгссөн л байна шүү дээ.

8. 2012 онд нарны ихэнх гаригууд нэг шугамд жагсана, харин Дэлхий тэнгэрийн заадсын дунд орно. Энэ нь бидэнд ямар үр дагавар авчрах бол?

Дэвид Моррисон: 2012 онд гаригуудын ямар нэгэн “жагсаал” болохгүй. “Дэлхий тэнгэрийн заадас” дунд орно гэдгийг би ойлгохгүй байна. Тэнгэрийн заадас галактик нь пүршин бүтэцтэй, бид манай нарны аймаг түүний хамгийн захад, түүний “дунд”-аас 30 мянган гэрлийн жилийн тэртээд оршдог. Түүнээс гадна галактикийн төвийг тойрон эргэхдээ алслагдсан тэр зайд л оршдог.

9. Дэлхий удахшүй Тэнгэрийн заадасын “хар нүх”-рүү сорогдон орно. Бидэнд юу тохиолдох бол? Энэ дэлхийн төгсгөл биш үү?

Дэвид Моррисон: Хар нүх гэж хүмүүс Тэнгэрийн заадас доторхи тоосон үүлийн том цагирагийг нэрлэдэг. Уг чанартаа энэ нь галакитийн төвийг дэлхийн биднээс халхалж, бидний авах мэдээллийг хязгаарладаг. Дэлхийн мөхлийн тухай үзэл сурталчдад “хар нүх” гэсэн энэ үг нэр томъёо ихэд таалагдаж, гэнэхэн олныг айлгаж байна л гэж би бодож байна.

10. Интернетэд бичиж байгаагаар 2012 онд Наран дээр урд өмнө байгаагүй шуурга эхэлж, үүнээс болж дэлхийн дэлхийн соронзон туйл өөрчлөгдөнө. Хүн төрөлхтөнд юу тохиолдох бол? Дэлхийн соронзон орон түүнийг сансрын биетүүдээс хамгаалдаг бус уу?

Дэвид Моррисон: Үнэн хэрэг дээрээ Нарны соронзон идэвхжил ойролцоогоор 11 жил дутамд хамгийн их явагдана. Энэ үед бид наран дээрхи томоохон дэлбэрэлт, нарны титэмийг ажиглаж болно. Гэвч энэ нь дэлхийн амьдралд нэг их нөлөөлөхгүй. Харин нь эдгээр үзэгдэл задгай сансарт болон Саран дээр ажиллаж байгаа сансрын нисэгчдэд аюултай. Гэвч НАСА-гийн мэргэжилтнүүд эдгээр хүндрэлийг эртнээс даван туулах чадвартай болсон. Заримдаа нарны шуурганаас болж манай хиймэл дагуул дээрх радио холбоог тасалдах, электрон хэрэгслийг гэмтээх явдал гардаг учраас бид ихэнх тохиолдолд урьдчилан хамгаалах тогтолцоог суурилуулдаг. Цаг хугацааны хувьд авч үзэхэд нарны сүүлчийн хүчтэй идэвхжилт 2001 онд болсон бол дараагийнх нь 2012 онд 11 жилийн дараа болно. Гэвч нарны идэвхжилтийн өмнөх бууралт (энэ мөн тодорхой хугацаанд явагдана) бага зэрэг өөрчлөлттэй явагдсан учраас идэвжилт нэг жилээр “хоцорч” 2013 онд явагдагдах болов уу.

Тэгэхээр соронзон орны хувьд авч үзэхэд энэ нь биднийг бүрхүүл мэт, түүний дотор  нарны нөлөөнөөс хамгаалдаг. Дэлхийн соронзон туйлийг  өөрчлөх ямар нэгэн шалтгаан одоогоор мэдэгдээгүй байна. Бидэнд мэдэгдэж байгаагаар энэ үзэгдэл 400 мянган жилд нэг удаа явагдана.
11. 2012 онд Дэлхийг сансарын биет мөргөх тухай таамаг сонссон. Энэ үнэн үү?

Дэвид Моррисон: Сансарын биет болон сүүлт однууд Дэлхийд байнга унадаг боловч том объектттой мөргөлдөх нь ховор үзэгдэл. Сүүлчийн тохиолдол 65 сая жилийн өмнө тохиолдож динозаврын мөхөлд хүргэсэн.  Өнөөдөр НАСА сансарын объектуудыг нүд салгалгүй ажиглаж, тэдгээрийг мөргөхөөс нь асар өмнө Дэлхийг чиглэн ирж байгаа хөдөлгөөнийг илрүүлэхийн тулд  ажиллаж байна. Бид бага ч гэсэн аюултай зүйлийг олж хараагүй гэдгийг баттай хэлж чадна.

12. Сүлжээнд Дэлхийн зүг чиглэн ирж байгаа гаригуудын олон тооны гэрэл зураг, видео-бичлэг “зугаалж” байна. Энэ нотолгоо биш гэж үү?

Дэвид Моррисон: Эдгээр дүрс зургуудыг бүгдийг нь тайлбарлаж барахгүй, гэвч тэдний ихэнх нь фото-техникийн линз дээр үүссэн толбо, Нарны гэрлийн хуурамч дүрслэл  байдаг. Тэдгээрийг дараах шинж тэмдэгээр амархан илрүүлж болно: хуурмаг тусгал нь нарны шууд тусгал бөгөөд видео дээр объективын хөдөлгөөн давтдаг. Энэхүү хий үзэгдэлийг нисдэг таваг хэлбэрээр ч харж болно. Хүмүүс өнөөг хүртэл энэхүү худал хуурмаг зүйлд итгэдэг гэдэгт би их гайхдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих