Дэлхийн хамгийн ядуу 10 орон

НҮБ-ын тооцоолсноор өдөр бүр 25 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсаар байна. Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Тэдний энэ байдлыг бууруулах аргагүй юм. Учир нь тэдгээр ядуу хүнд дэлхийн нийт байгалийн баялгийн ердөө тав гаруй хувь нь оногдож байдаг аж. Эсрэгээрээ дэлхийн хүн амын 20 хувь нь тансаг амьдарч, дэлхийн нийт баялгийн 75 хувийг эзэмшиж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр өдөрт нэг ам.доллар болон түүнээс доош орлоготой тэрбум гаруй хүн амьдардаг. Тэгвэл хоёр ам.долларын орлоготой хоёр тэрбум хүн амь зуусаар байна. Ер нь долоон тэрбум гаруй хүн амтай дэлхийн иргэдийн талаас илүү хувь нь ядуу амьдардаг ажээ. Ингээд дэлхийн 200 гаруй орноос хамгийн буурай хөгжилтэй 10 орныг танилцуулья.

1. Бүгд найрамдах ардчилсан Конго Улс
Бүгд найрамдах ардчилсан Конго Улс дэлхийн хамгийн ядуу орон. Тус улс ижил төвшний есөн орноо бодвол харьцангуй их буюу 71.7 сая хүн амтай. Энэ нь тухайн улсад хөгжих боломж, нөөц бололцоо байна гэсэн үг. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн судалгаагаар тус улсын ДНБ нь 25 тэрбум ам.доллар аж.
Харин нэг хүнд оногддог ДНБ нь 348 ам.доллар. Тэгвэл дэлхийн хамгийн баян орон Катарт нэг хүнд 103275 ам.долларын ДНБ оногдож байна. Бүгд найрамдах Ардчилсан Конго Улс Бүгд найрамдах Конго Улстай одоог хүртэл дайтсаар байгаа. Хоёр улсын хоорондох Конгын II дайн 1998 онд эхэлсэн.
Уг дайныг “Африкийн дэлхийн дайн” гэж нэрлэх нь ч бий. Учир нь энэ дайнд Африк тивийн есөн орон, 20 орчим зэвсэгт бүлэг оролцсон байна. Хэдийгээр “Африкийн дэлхийн дайн” 2003 онд төгссөн ч Конгын зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.
Ялангуяа тус бүс нутагт хүчингийн хэрэг, бэлгийн дарамт газар авч дэлхийд хамгийн аймшигтай бүс нутаг болоод байна. Хоёр Конгын II дайнд 1998 оноос хойш 5.4 сая хүн амь үрэгдээд буй. Үүгээрээ уг дайн Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн олон хүний аминд хүрсэн дайнаар тодорчээ. Гэхдээ амь үрэгдэгсдийн ихэнх нь дайнаас үүдэлтэй хумхаа, суулгалт, хатгаа өвчин болон хүндхэн байдлаас болж нас барсан байна.

2. Либери
Либери 3.8 сая хүн амтай. Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэгд тооцогддог. Тус улсын ДНБ нь 1.7 тэрбум ам.доллар. Нэг хүнд оногддог ДНБ нь 456 ам.доллар. Либери Улс Дэлхийн II дайны үеэр АНУ-ын хөрөнгө оруулалтаар өнөөгийн төрхөө олсон.
Өөрөөр хэлбэл тус улс 1940-өөд оноос шинэчлэгдэж эхэлжээ. Гэхдээ энэ шинэчлэлд тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Уильям Табмен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Либерийн ард түмэн үздэг. Тэрбээр АНУ-ын дэмжлэгээр улс орондоо эдийн засгийн ардчилал тогтоожээ. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллага /хожмоо Африкийн холбоо хэмээн нэрээ өөрчилсөн/-ын үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг юм.
1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна.
Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улстөр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.

3. Зимбабве
Дэлхий дэх мөнгөний ханш хамгийн их суларсан орон бол Зимбабве. Зарим шинжээч үүнийг тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабетай холбон тайлбарладаг. 1987 оноос хойш тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж буй Р.Мугабе үндэсний мөнгөн тэмдэгтийг ам.доллар болгон өөрчилснөөс гадна хөрөнгө олох зорилгоор олон ч удаа үнэтэй дэвсгэрт гаргасан. Үүний улмаас тус улсад мөнгөний ханш ихээр суларч, баячууд ядуучуудын эгнээнд шилжжээ.
Түүнчлэн цөөнгүй баян иргэн гаднын орнууд уруу дүрвэсэн байна. Тус улс одоогоор албан ёсны мөнгөн тэмдэгтгүй байгаа юм. Иргэд нь Өмнөд Африкийн ранд, Ботсванын пула, Британийн фунт, АНУ-ын доллар, Европын олон оронд хэрэглэж буй еврог илүүд үзэж худалдаа хийх болжээ.
12.5 сая хүн амтай тус улс 6.5 тэрбум ам.долларын ДНБ-тэй. Харин нэг хүнд 487 ам.долларын ДНБ оногддог. Зимбабве 1998-2002 онд Конгын II дайнд оролцсоноос олон зуун сая ам.доллараа салхинд хийсгэсэн билээ. Үүний улмаас эдийн засаг нь хөрөнгөгүйтэж фермерүүдэд газрыг нь худалдаж эхэлсэн байна.
Гэсэн ч Засгийн газрын албаныхан фермерүүдээс авлига авч, газрын зөвшөөрөл эмх замбараагүй олгосны улмаас олон зуун фермер газрын маргаан дэгдээсээр байгаа юм.

4.Бурунди
8.7 сая хүн амтай, 5.1 тэрбум ДНБ, 614 ам.доларын нэг хүнд оногдох ДНБ-тэй Бурунди Улс хуурай газраар хүрээлэгдсэн. Тиймээс үр тариа, жимс, ногооны аж ахуй голчлон эрхэлдэг. Гэхдээ нэн ядуу бусад орнуудаа бодвол кобальт, зэсийн нөөцтэй.
Мөн түүнчлэн элсэн чихэр, кофе экспортолдог. Тус улсын экспортын гол хоёр бүтээгдэхүүн нь элсэн чихэр, кофе юм. 27.8-хан хавтгай дөрвөлжин км газар нутагтай тус улсад хүн ам маш шигүү суурьшдаг. Үүний улмаас дотоодын сөргөлдөөн, боловсрол, авлига, ХДХВ/ДОХ-ын гаралт өндөр байдаг ажээ.

5.Эритрей
Африкийн бусад орнуудын л адил эдийн засагтай тус улсын ДНБ дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигддэг. Харин нэг хүнд 735 ам.долларын ДНБ оногддог. Тус улс 5.8 сая хүн амтай. Хүн амын 65 хувь нь мал маллаж, фермерын аж ахуй эрхэлдэг ажээ. Харин бусад хэсэг нь газар тариалан эрхэлнэ.
Гэхдээ ган гачиг ихээхэн саад учруулдаг байна. Эритрей Улс хөрш Этиоптой дайтсаны улмаас эдийн засаг нь асар их хохирол хүлээсэн. 1999 онд тус улсын ДНБ-ий өсөлт нэг хувьд ч хүрэхгүй байв.
Түүнчлэн 2000 онд ДНБ нь 8.2 хувиар буурчээ. Учир нь 2000 оны тавдугаар сард дайны улмаас 600 гаруй сая ам.долларын өмч устах юм уу ямар нэг байдлаар сүйдэж, 225 сая ам.долларын мал үгүй болж, 55 мянган орон сууц эвдэрч, ургацынхаа 62 хувийг алдаж байсан аж.

6. Төв Африкийн бүгд найрамдах улс
Төв Африкийн бүгд найрамдах улс 4.4 сая хүн амтай. ДНБ нь 3.6 тэрбум ам.доллар. Харин нэг хүнд 767 ам.долларын ДНБ оногддог. Тус улс уран, газрын тос, алт, очир алмаз, мод, усны эрчим хүчний нөөцтэй. Гэсэн ч Африк болон дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэгд олон жил бичигдсээр байна. НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр тус улс өнгөрөгч онд 0.343 оноо авч 187 орноос 179-д жагсч байв.

7. Нигер
Нигер бол хөгжиж буй орон. Гэхдээ НҮБ-аас өнгөрөгч онд гаргасан Хүний хөгжлийн индексээр 187 орноос 186-д жагсчээ. Ер нь тус улс олон улсын байгууллагуудын судалгаагаар дандаа доогуур үзүүлэлттэй гардаг байна. Тус улсын газар нутгийн ихэнх хэсэг элсээр бүрхэгдээгүй ч цөлжилтөд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг аж.
Тус улсын өмнөд нутгууд илүү үржил сайтай бөгөөд тэнд газар тариалан түлхүү хөгжсөн юм. Нигер улс газар тариалан, уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай.
Хэдий баялгийн байнгын нөөц багатай ч ховор бодисууд экспортолдог. Ялангуяа ураны хүдэр экспортолдог байна. Нигер улс 15.7 сая хүн амтай бөгөөд тус бүрт нь 771 ам.долларын ДНБ оногддог. Харин үндэсний хэмжээнд 11.6 тэрбум ам.долларын ДНБ-тэй.

8. Сьерра-Леоне
Сьерра-Леоне Улсын эдийн засгийн гол цөм нь уул уурхай. Хүн ам, газар нутаг бага тус улсын эдийн засгийн үндэс суурь нь уул уурхай, тэр дундаа очир алмазын олборлолт. Сьерра-Леоне 1961 онд Их Британиас тусгаар тогтносон бөгөөд албан ёсны хэл нь англи. Тиймдээ ч англи маягийн нэр зонхилдог. Тус улсын нийслэлийг Freetown /чөлөөт хот/ гэдэг.
Уг хотын гол боомт одоо ч гэсэн Хатан хаан II Элизабетийн усан зогсоол гэсэн нэртэй байгаа. 5.5 сая хүн ам, 5.1 тэрбум ам.долларын ДНБ, 849 ам.долларын нэг хүнд оногдох ДНБ-тэй энэ улсад гаднын уул уурхай олон компани үйл ажиллагаа явуулж байна.
Тэдний дийлэнх нь титан, хөнгөн цагааны хүдэр, алт олборлодог. Тус улс рутил буюу титаны диоксидын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг аж. Уг металл сансрын төхөөрөмжүүдэд өргөнөөр ашиглагддаг үнэтэй баялаг юм. Мөн хөгжингүй орнууд худалдаж авдаг. Гэсэн ч хүн амын 70 хувь нэн ядуу амьдарч байна. Тиймдээ ч “Титан дээр суусан гуйлгачид” гэж нэрлэгддэг.

9. Малави
Малави Тоготой адил далайд гарцтай улс биш. Хуурай газраар хүрээлэгдсэн тус улсад 15 сая хүн амьдарч байна. ДНБ нь 14 тэрбум ам.доллар. Нэг хүнд оногдож буй ДНБ нь 860 ам.доллар. Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг тус улс үндсэндээ газар тариаланд суурилсан эдийн засагтай.
Тиймдээ ч газар тариаландаа найддаг. Малавийн иргэдийн дийлэнх хэсэг нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд газар тариалан эрхэлдэг. Тус улсын Засгийн газар хөгжил цэцэглэлтэд дэм болох гаднын уулзалтуудад байнга оролцож тусламж хүсдэг байна.
Дэлхийн хөгжингүй орнууд 2000 оноос тус улсад олгодог дэмжлэг, тусламжийнхаа хэмжээг бууруулжээ. Малавийн Засгийн газар эдийн засгаа өргөтгөх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, санхүүгийн эрх чөлөө бий болгох, барилгажилт зэрэг ажлууд хийж байна. Малави 2005 оноос улс орноо хөгжүүлэх эдгээр хөтөлбөрийг батлан ажиллаж байгаа юм.

10. Того
6.7 сая хүн амтай Того Улсын ДНБ 6.4 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Харин нэг хүнд оногдох ДНБ нь 898 ам.доллар. Того нь Саб-Сахарын /Сахарын цөлийн дор орших бүс нутаг/ халуун орон юм. Мөн газар тариалан эрхлэхэд өндөр ач холбогдолтой. Тус улсын цаг агаар сайн ургац авахад хангалттай.
Гэсэн ч дэлхийн хамгийн ядуу орнуудын эхний аравт багтжээ. Тус улсын албан ёсны хэл нь франц. Үүнээс гадна хэд хэдэн хэлээр ярьдаг.
Ялангуяа Тогогийн хамгийн том шашны бүлгийн Гбе хэлээр ярьдаг хүн цөөнгүй. Уг хэлийг тус улсын иргэдийн ихэнх нь уугуул хэлээ гэж итгэдэг байна. Тогод христийн шашинтнууд олонхи бөгөөд лалын шашинтнууд цөөнх ажээ.

Э.ТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих