Ю.Цэдэнбал даргын туслах болгох гэж намайг хоёр жил тагнасан

Ю.Цэдэнбал дарга, Л.Батцэнгэл, Мценск хотын музейн эрхлэгч А.И.Макашев нар. 1970 он.

Монгол Улсын тө­рийг 40 гаруй жил удир­дан залсан Ю.Цэдэнба­лын нарийн бичгийн дар­га байсан Л.Батцэн­гэл­тэй хөөрөлдлөө. Ю.Цэдэнба­лын албан ажлын хам­гийн ойрын шадар тус­лагч байж өрөөнийх нь үүдэнд 15 жилийн турш “жи­жүүр­лэсэн” энэ эрхэм өөрөө түүхийн нэгээ­хэн ар­хив болон үлд­жээ. Л.Бат­цэнгэл гуайн хашиж явсан МАХН-ын төв хо­рооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлө­лийн нарийн бич­гийн дар­га гэдэг бол тухайн үеийн нэр хүнд­тэй өндөр албан ту­шаал байсан нь мэдээж.

-Таны өдөр тутмын хийдэг гол ажил юу байв. Ю.Цэдэнбал дар­гын нэг өдрийн ажлын хуваарийг зураглаад хэлэхгүй юу?

-Би гарын үзүүрийн бүхий л ажлыг хийнэ. Ут­саар ийш тийшээ холбоо барина. Бичиг цаасыг нааш цааш нь зөөж гүйнэ. Миний ажил их ээ. Ю.Цэдэнбал дарга өглөө найман цагт ирэхэд би тэр өдрийн цаг агаарын мэдээ, олон улсын мэдээ, өдөр тутмын хэвлэлүү­дийг ширээний эхний эг­нээнд бэлдээд тавьчихна. Дараагийн эгнээнд ир­гэдээс ирүүлсэн өргөдөл, захидал байна.

Дараа нь тэр өдөр үзэж харж боловсруулах бичиг баримтуудаа тавина. Мөн хурлын материалыг эрэмбээр нь байрлуулна. Өглөөнөөс эхлэн бичиг баримт боловсруулахын зэрэгцээ уулзах гэсэн хүн гэж тасралтгүй цувчихна.

-Эрхбиш цайны цагаар завсарлана биз дээ?

-Зарим үед завсарлаж ч амжих­гүй. Би орсон гарсан хүмүүсийн нэрс, хийж буй ажлаа цаг минуттай нь бүртгэж бичдэг зуршилтай. Одоо миний дэвтрийг харахгүй юу. Өглөө найман цагаас эхлээд шөнө дунд болтол ажилласан цагийн бүртгэл нь байна. Нүсэр ажилладаг байсан нь харагддаг. Гадагшаа ажлаар явж байхад манай дарга бид хоёрыг дөрвөн хоног унтсангүй ажиллалаа гэж гадны хүн ихэд гайхаж байсан. Тэр үед шөнө унтахгүй ажиллах үе олонтаа. Ямар сайндаа өглөө цонхны хөшиг ярхад дарга “Өө өглөө болчихож уу. Жаахан завсарлая даа” гэж хэлж байхав.

-Ю.Цэдэнбал дарга өдөр тутмын 74 хэвлэл уншиж хардаг байсан гэсэн?

-Ном, сонин маш их уншина. Голчлон Оросын 74 төрлийн хэв­лэл захиална. Уншаад тэмдэглээ хийнэ. Зөвхөн ажил дээрээ ажил­лах төдийгүй шөнө гэртээ хариад унтахгүй. Ялангуяа ойн хурал, бүгд хурлын үеэр гэртээ ажиллана. Би өөрийнхөө жирийн нэгэн өдрийн ажлын ачааллыг харуулъя л даа. Өдөрт 91 хүнтэй утсаар ярьж, даргын өрөө рүү 100 удаа орж, боловсруулсан бичиг баримтыг 22 хүнд цааш нь дамжуулсан байна. Энэ бол ажлын ачаалал харьцангуй ихтэй үед биш. Даргыг яаж ажилладгийг хүн сонсвол гайхахаар. Хэдийд нь ном уншиж, хэдийд нь энэ олон хүнтэй уулзаж бичиг баримт боловс­руул­даг байна аа гэхээр. Амралтын өдөр, гэртээ, баяр ёслолоор ч ном уншиж л суудаг. Магадгүй ном ганцаардсан сэтгэлийг нь илүү их тайтгаруулдаг байсан ч байх юм гэж хааяа бодогддог.

-Найз нөхөд хэр олонтой байв. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байв. Зан төрхийн хувьд тэр хэр нээлттэй хүн бэ?

-Номноос өөр гойд зүйл сонир­хохгүй. Би нэг удаа хөзөр зааж үзсэн юм. Унгарт айлчлаад буцаад явж байлаа. Намайг эндээс явахад Батмөнх дарга онгоцонд хөзөр авч яваарай гэж сэмхэн гуйсан юм. Бид ч онгоцон дотор хөзрөө тоглоод л. Филатова гуайн нүд ам ууртай гялалзаад жаахан дургүй байгааг ч гадарласан л даа. Тэгсэн олны дунд намайг дуудаж байгаад “Улс төрийн товчооны гишүүдийг мөрийтэй тоглуулж ард түмний хөрөнгийг барах гээ юу” гэж ирээд бут авсан. Ю.Цэдэнбал дарга намайг хөвгүүн гэж дууддаг байж билээ. Би даргаас нас нэлээн дүү ч байсан. Ер нь дарга хэр баргийн хүн загнахгүй. Төв хорооны Улс төрийн товчооны хэдэн гишүүдтэй дотно нөхөд байсан. Гэхдээ төрийн удирдагч хүн, найз нөхөд гэдэг заагтай шиг байгаа юм. Төрийг удирдаж байж айл хэсч дарвиад архи дарс уугаад явбал зохисгүй. Тэр үед чинь архи дарс хориотой. Янз бүрийн ёслолын арга хэмжээний үеэр хэмжээтэй хэрэглэдэг байсан үе. Тэгэхээр дарга маань заримдаа гэртээ ганцаараа уухаас өөр зам байхгүй байгаа биз дээ.

-Сүүл рүүгээ нэлээн балга­даг болсон гэх яриа байдаг. Тэр тусмаа гэргий нь уулгахгүй гэж их цагддаг байсан юм биш үү?

-Толгойтой бүхэн хэрэглэж байгаа өнөөдрийн үетэй харьцуул­бал даргын уудаг юу ч биш. Дусал гэсэн үг. Би даргынхаа уусан таван тохиолдлыг л мэдэх юм. Хэрэв тэгж их уусан бол өдөр шөнөгүй яаж ажиллаж, ийм их ажил амжуулах болж байна вэ. Ер нь архи зэрэг жижигхэн асуудал ярихаасаа илүүтэй Монгол Улсыг 1940 онд хүлээж аваад 1984 он гэхэд ямар болгож хувиргав гэдгийг ярих нь чухал.

-Одоогийн төрийн албатай харьцуулахад тэр үед маш их ачаалалтай ажилладаг байжээ дээ?

-Тэр үед Төв хорооны Улс төрийн товчооны гар нийлсэн эв нэгдэлтэй шижигнэсэн 10 гаруй дарга нар байлаа. Самбуу, Молом­жамц, Дүгэрсүрэн, Лувсанравдан, Дансранрагчаа, Гончигноров, Готов нарын тэдгээр хүмүүстэй дарга өөрөө шууд харьцана. Хурал болно. Би зарлана. Тэдний ажлын, гэрийн, зуслангийн утсыг би бүгдийг нь цээжилчихнэ. Манай дарга орой таван цагт ажлаа тарж байсан нь өдрийн од шиг ховор. Би 15 жилийн турш ажиллахдаа есөн жилд нь ээлжийн амралтаа авч үзээгүй. Намайг тэнд ажиллаж байхад төрийн өндөр албан тушаалын нийт 105 дарга, сайд байлаа. Тэд үнэхээр хариуцлага­тай ажилладаг байсан. Нэг үүрэг даалгавар аваад явна. Заавал биелүүлнэ. Эргэж ирж заавал хэлнэ. Өнөөдрийн яриад байгаа хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл чухам тэр үед л хатуу байсан. Аливаа төрд диктатур гэдэг заавал байх ёстой. Энэ нь захиргаадалт гэсэн үг биш л дээ. Тийм хатуу чанд байхгүй бол улсын ажил яаж ч явах билээ. Өглөө ирчихээд үд хүрэв үү үгүй юу тарчаад байвал ажил урагшаа явахгүй л дээ. Одоо ч гадуур ажилтай гэчихээд байхаа­саа байхгүй нь их байна шүү дээ.

-Цаг наргүй ажилладаг мөрт­лөө огтхон ч цуцдаггүй Ю.Цэдэн­бал гуай бие сайтай хүн байжээ дээ. Эрүүл мэнддээ хэр анхаардаг байв?

-Хоол ундаа их тохируулна. Алим байнга иднэ. Анх намайг ажилд очиход дарга 96 кг жинтэй байсан. Жин хасна гээд хоол бага иднэ. Ер нь жаахан иддэг байсан. Ийм их завгүй байгаа хүн чинь хооллож ч амжихгүй. Ямар сайн­даа даргын иддэг хоолыг би хоёрыг ч идсэн цадахааргүй. Дарга өглөө орж ирэнгүүтээ гимнастик тогтмол хийнэ. Тэгээд л ажилдаа орно доо. Усанд сайн сэлнэ. Хар далайд сэлдэг гэхээр мундаг усчин байгаа биз.

-Гэргий Филатова гуай албан ажилд нь хэр их оролцдог байсан юм бэ?

-Би нарийн бичгийн даргаар 1963-1978 он хүртэл ажилласан. Намайг байхад Филатова гуай Хүүхдийн төлөө фондын ажлыг дөнгөж эхлүүлж байсан болоод тэрүү даргын ажилд гүнзгий нөлөөлж орж байгаагүй. Олон нийтийн дунд тэгтлээ ордоггүй байсан. Филатова гуайн ааш авирын талаар төдий­лөн сайн мэдэхгүй. Харин тэр үед Хөгжим бүжгийн дунд сургуулийг байгуу­лахаар анхаарлаа тавь­чихсан тэнд л тууж явж харагддаг. Хүүхдийн төлөө фондын дарга болсноос хойш барилга байшин, хүүхдийн ордон, Найрамдал зуслан, яам, тамгын газар байгуулах гээд бусдыг ихээхэн шахаж шаардах ажил гардаг байсан шиг байгаа юм.

-Анхнаас нь энэ хоёрыг бодлоготойгоор гэр бүл болгосон гэдэг яриа байдаг. Танд энэ тал дээр ямар бодол төрдөг вэ?

-Хүний хувийн амьдрал надад ямар хамаа байхав. Гэр бүл болс­ноос болж улс нийгэмд учирсан хохирол гэж юу байгаа юм. Ю.Цэдэнбал, Филатова хоёр насан туршдаа бие биенээ түшиж халам­жилж амьдарсан. Улс төрийн ажил олон жил хийж явсан хүнийг хувийн амьдралаар нь харлуулах гэж оролдох нь маш буруу үзэл гэж боддог.

-Даргатай чинь уулзахаар ирсэн хүмүүс хэр бэргэдэг байв. Танд мэдрэгддэг байв уу?

-Хүндэлснээсээ болж эмээсэн байдал гаргана аа. Бүгд л гар барихсан, ганц үг сольж үзэхсэн гэсэн сэтгэлээр хандана. Нэг удаа дарга Архангайд малчинтай уулзаад “Та бичиг үсэг мэдэх үү” гэж асуув. Нөгөөх нь “Мэднэ ээ” гэлээ. “Сонин хэвлэл захиалж уншиж байна уу” гэхэд нөгөө малчин “Сониндоо ч баавгай” гэж хариулж билээ.

-Танд тэр их хүний дэргэд юм сурч ажиллах завшаан хэрхэн тохиосон байдаг юм бэ. Энэ сонин байна?

-Уг нь би Завханд багшилж байв. Хотод ирээд эмнэлэгт эмчлүү­лээд буцах гэж байтал Гадаад хэргийн яам дуудав. Тэнд ажиллаж байхад Ю.Цэдэнбал даргатай анх нүүр тулж учирсан. Намайг ямархуу хүн бэ гэдгийг эхлээд ажсан шиг байгаа юм. Гадаад хэргийн яаман дээр 1961 онд Вьетнамын Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан ирэхэд би орчуулагч хийж байсан. Тэрний дараагаас миний араас хүн дагаж шалгаж, тагнасан шиг байгаа юм. Лав хоёр жил араас дагасан гэсэн. Тэгээд  л ажилд тэнцэх хүн байна гэж тооцсон хэрэг. Анх багш хүн чинь нарийн бичгийн дарга гэдэг үгний нарийн учрыг ч мэдэхгүй очив доо. Ажлаа авчихаад хөдөө­нөөс ирсэн болоод тэр үү дарга хонхдож дууддаг гэдгийг огт мэдэхгүй. Өрөөндөө сууж байтал утас дуугарах шиг болов. Эрийтэл өрсөн олон утсыг ээлж дараалаад л аваад байлаа. Нэг утсаар лав орос хүн ярьж байна, бушуухан тавьчихлаа. Ахиад нэг утас авсан. Байхгүй. Тэгж байтал үүд дуугарч дарга гарч ирээд сая хонх дуугар­сан гэдгийг тайлбарлаж энэ хон­хыг дуугарахаар чи орж ирж байгаа­рай гэж хэлж байж билээ. Тиймэрхүү хөгтэй ажилд орж байлаа.

-Та хамгийн сүүлд Бал даргатайгаа хэзээ уулзав?

-1978 оны арваннэгдүгээр сард уулзсан. Тэр уулзалт жаахан базаах­гүй уулзалт болсон. Би 1978 оны долдугаар сард ажлаасаа больж Чехэд Элчин сайдын яаманд ажиллахаар томилогдоод тийш явсан юм. Тэндээ ажлаа хийгээд явж байтал нэг өглөө жижүүр тантай утсаар хүн ярья гэж байна аа. Дарга ярьж байна. Өнөөдөр Москвад ир, үүрэг өгнө гэв. Тэгээд нислээ. Москвад очиж уулзтал чи маргааш Улаанбаатар руу шууд буц. Би хоёр хоногийн дараа араас чинь очно гэсэн. Би тэндээсээ Улаанбаатарт ирээд байж байтал дарга ирээд маршал цол авсан зургаа сонирхуулаад л. Намайг их хүндэлж байна аа. Цай чихэр өмнө тавиад л. Дарга хэлж байна аа. Би чамд үүрэг өгье гэхээр нь би дэвтэр, балаа шүүрээд автал “Чи одоо гараад хуучин ажлаа хүлээж ав” гэсэн. Би “Үгүй” гэж хариулсан.

-Яагаад тэр вэ?

-Та миний урмыг хугалсан. Одоо надад өмнөх шигээ танд зүтгэх сэтгэл төрөн гарахгүй гэдгийг хэлсэн. Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэгчээр чадахгүй гэдгээ шууд хэлсэн. Дарга тэгсэн чи орныхоо хүнээ олж өг гэсэн. Би танд нэг хүн олж өгсөн. Та миний тэр хүнийг голоо биз дээ гэсэн. Яагаад тэгж хэлэх болов гэхээр урьд нь хүмүүс намайг матаж зураг зурж мөнгө хөөцөлдлөө гэж даргад матсанаас болж би Чех рүү томи­логдсон байсан. Дарга ч намайг зэмлэсэн. Ажлаа хийхгүй зураг зураад гэж. Тэгэхээр нь би та намайг огт мэддэггүй юм байна. Би танд өөрийгөө танилцуулъя гээд дэвтрээ авчраад өдөр тутмын хий­сэн уулзсан бүх ажлаа харуулсан. Таны өгсөн үүргийг биелүүлэх гээд өдөрт зөвхөн өрөөнд чинь 100 удаа орж байгаа хүн хэдийд нь зураг зурах вэ гэдгээ тайлбарласан. Тэгээд жаахан гомдсон юм уу даа янз нь. Би дахиж очоод юухэв гэж бодсон. Манайхан чинь сайн үйлсийг дутагдал болгож матдаг хүмүүс. Би ажлын бус цагаараа одон тэмдэг зурсан нь үнэн. Тэмдэг зурлаа гээд юу нь муу байгаа юм бэ. Тэгээд л  хов жив хөөцөлдөж байгаа бол та бид хоёрын зам нийлэхгүй гэж хэлээд би өргөдлөө өгөөд ажлаасаа гарч билээ.

-Танд одоо даргын чинь тухай ямар дурсамж үлдээ вэ?

-Ю.Цэдэнбал дарга ХХ зууны хосгүй хүн. Мэдлэг, хүн чанар тэр дундаа өөрийн биеэ улсын төлөө тэгж зориулан зүтгэдэг хүн хорвоод ховорхон. Зөвхөн даргын дэргэд байх 15 жилийг ажлын найман цагаар тооцоход 30 жилийн ажлыг бид хоёр хийсэн байна лээ. Нойр хоолгүй зүтгэж хийсэн бүтээснийг нь бодохоор заримдаа сэтгэл шимширдэг. Яагаад гэвэл тэр хүнийг хичнээн олон өдрөөр улс орны төлөө нойргүй хонож байсныг тэр болгон мэдэхгүй мөртлөө өнөө­дөр элдэв янзаар хэлэхээр нь би өмнөөс нь эмзэглэдэг. Би дар­гынхаа тухай ном бичсэн. Одоо хувийнхаа дурсамжийг бичиж на­рийн бичгийн даргын ажлыг то­войл­гон харуулахыг зорьж бай­на. Би ч эрхээ мэддэггүй, үүргээ мэддэг нарийн бичгийн дарга байж дээ.

Л.Батцэнгэл гуай бидний мэдэх олон тэмдэг, одонгийн анхны загварыг гаргасан уран гартай нэгэн.  Пионерийн тэмдэг, Халх голын 30 жилийн ойн медаль, Шударга журам, ардын жүжигчин гэх мэт олон арван одон, меда­лийн анхны эх загварыг гаргажээ. Тэмдэг зурдаг гэдгээрээ матаанд өртөж ч үзсэн Л.Батцэнгэл гуай өдгөө өндөр насыг зооглосон ч багын хөдөлмөрч зангаа тавих­гүй бүтээлээ туурвисаар л.

Б.ДОЛЗОДМАА


URL:

Сэтгэгдэл бичих