Дотоодын дүрвэгсэд

Хоёр жилийн өмнө Сэлэнгийг зорилоо. Аймаг наадмаа хийж байгаатай таарчихав. Наадмын комиссын дарга Батмөнх хэмээх ид дунд насны эртэй ойр зуурын яриа өрнүүлэнгээ анзаарсан юм гэвэл аймгийн наадамд нь Увсын бөх түрүүлж, бас Увсын угшилтай морь түрүү магнай болж байгаа бололтой. Монгол Улсын төрийн далбааг морин дээр дэрвүүлэн зогсоо залуутай тааралдаж ус нутгийг нь асуувал бас л Увс гэнэ.

 

Сэлэнгэд байгаа билүү, Увсад яваа билүү хэмээн эргэлзэх янзтай шүү. Сэлэнгийнхэн гэж жалга довоороо ялгараад байдаггүй “интернациональч” амар жимэр ард түмэн. Сүүлийн хэдэн жилийн турш баруун аймгуудаас нүүдэллэн ирэгсдээр ам бүл нь айхавтар олширч байгаа гэнэ. Хүн яах вэ, Монгол орныхоо хаана ч амьдарсан яадаг юм, эрх нь байгаа юм чинь, харин хэцүү юм нь мал их олширч байна гэсэн үг уулзсан хүмүүсийн олонхийн амнаас унаж байх юм.

 

Аймгийн мал сүрэг 1,3 сая хүрчихсэн гэнэ. Дэлхий даахгүй биш мал сүрэг ингэж өссөнд юундаа ундууцдаг байнаа гэж бодлоо. Гэвч бас учир байгаа юм байна. Сэлэнгэ бол Монгол орны газар тариалангийн гол бүс нутаг. Наранд ойрхон Сэлэнгийн буудай гээд л дуулна шүү дээ. Эх орны үр тарианы хэрэгцээний голыг энэ аймгийнхан нугалдаг.

 

Тийм болохоор өмнөх нийгмийн үед тус аймгийн малыг бодлогоор хагас саяас илүү гаргалгүй барьдаг байсан гэнэ. Гэтэл одоо малаа хаана бэлчээрлүүлэх вэ, тариагаа хаана тарих вэ гээд асуудал бол байна аа, байна. Шилжин ирэгсдийн хөлд ширвэгдэж байгаа аймгийн нэг нь бас л Төв аймаг. Мөн л баруун бүсийн тухайлбал, Увс, Завхан, Говь-Алтай аймгаас шилжин ирэгсэд зонхилдог.

 

Бүр аймаг, сум бүрдээ алтайнх, увсынх гэхчлэн нутаг нутгийн фракцтай гэх юм билээ. Аагаа багтааж ядсандаа л тэр холын нутгаас нүүж ирэв гэж дээ, амьдралын эрхээр л ус нутгаа орхиж урт холын аянд гарсан байж таарна шүү дээ. Ер нь хөдөөнийхний төвд тэмүүлэх эрчим айхавтар нэмэгдэж байгаа гэлцэх. Ус нутаг эзэнгүйрч үлдэж байна. Нийслэл хотоо аваад үзэхгүй юу, хотын хаяа холоос ирэгсдээр тэлсээр л байгаа шүү дээ.

 

Хотын хөдөөнийхөн гэгдээд их хөлийн газар гүйдлээ олох гэж тэвдэж л яваа харагддаг. Өвгөд дээдсийнхээ дагшин газар, өсч торнисон өлгий нутгаа орхих олон шалтгаан бий. Энэ дундаас хот хөдөөгийн хөгжлийн ялгаа хамгийн том хүчин зүйл болж байна Монгол орныг бүсчлэн хөгжүүлнэ гэсэн сайхан амлалт талаар болсны хариу үйлдэл нь энэ шилжин ирэгсэд.

 

Сайн боловсрол, чанартай эмнэлэг, хямд үнэ, ажлын байрны төлөөх тэдний сүүлчийн найдвар, эцсийн зогсоол нь Улаанбаатар мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэд эрснээ эндээс ч бас олж чаддаггүй. Тэднийг шилжин ирэгсэд хэмээн даруухнаар нэрлэдэг. Гэвч үнэн хэрэгтээ тэд бол бодлогын ялгаварлал, оршин амьдархуйн орхигдсон нөхцөлөөс дүрвэн ирэгсэд юм.
Дүрвэгсэд гэхээр монгол хүний сэтгэлд их хол сонсогдоно. Дайны хөл, байгалийн гамшигт нэрвэгдэж буй бөмбөрцгийн хаа нэгтээ л ийм юм байдаг гэж ойлгодог. Гэвч тэр холын юм Монголд морилчихоод байгаа нэг хэлбэр нь энэ. Хотод шилжин ирэгсдийн цувааг тогтоох гэж арайтай л хөл хорио тогтоогоогүй байх. Төлбөр мөнгө хүртэл төлж аргацаах гэж оролдож байсан санагдана.
Ус нутгаа орхин дүрвэх өөр нэг шалтгаан нь уул уурхайн олборлолт, үүнийг дагасан экологийн доройтол юм. Иймэрхүү нүд хальтрам дүр зургийг Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай гэхчлэн олон аймгийн нутгаас олж харахад төвөгтэй биш. Хонгор нутаг гэж нэртэйгээ адилхан баян газар. Тус аймагт алтгүй газар гэж ховорхон гэж байгаа.

 

Алтны төлөөх улангасал энэ нутгийн ард түмний уух усыг хордуулж, тахилгатай уул овоо, өвөлжөө бууцыг нь хүртэл булааж авчээ. Баянхонгорын Баянбулаг сумын төвийнхний ундаалдаг булгийг алт олборлогчид хордуулчихжээ. Тэгээд сумынхан хэдэн арван км-ийн холоос ундны усаа зөөдөг болсон гэнэ. Баянбулгийнхан нэг литр усыг бараг 20 орчим төгрөгөөр худалдан авдаг аж.

 

Бөмбөгөр сумын дэргэдэх Өлзийт голыг бас л уул уурхайхан амийг нь тасалчихжээ. Амны усны эрэлд нутгийнхан хатаж байх жишээний. Галуут гэж газрын цэнхэр мэлмийгээр хүрээлүүлсэн сайхан нутаг байв. Бас л мөнөөх уул уурхайхан сохолчихсон. Удахгүй уух ус нь алтнаасаа илүү үнэтэй болж мэдмээр байна. Энэ мэт нөхцөл байдал дотоодын дүрвэгсдийг өдөөх нэг хүчин зүйл болж байна.

 

Одоо хөдөөнийхнийг нутагт нь барьж байгаа ганц юм нь гэвэл амьжиргааны хэдэн мал нь болоод байна. Малаа зуданд өргөчихвөл маргааш нь нутгаасаа дүрвэнэ.

П.Булган

Эх сурвалж: “Өдрийн Шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих