Яруу найрагч Р.Чойном ба улс төрийн хэлмэгдүүлэлт

Миний бие 1988-1990 онд БНМАУ-ын Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байх үед яруу найрагч Р.Чойномыг хэлмэгдүүлсэн тухай утга агуулга бүхий материал хэвлэлд гарах болсон. Тэдгээр материалаас үүдэн Улсын Ерөнхий Прокурорын туслахын хувьд яруу найрагч Р.Чойномыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт ял шийтгэсэн хавтаст хэргийн материалыг тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны (НАХЯ) төв архиваас улсын нууцыг задруулахгүй гэдэг ам өчгөө өгч, хэрэв задруулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ гарынхаа үсгээр нотлон байж татуулан авч, хянаж судлав.
Түүнд ял халдаасан тэр гурван хавтаст хэргийг улсын онц маш нууц зэрэглэлд хамааруулсан учраас ингэх шаардлагатай байв. Би эл хэргийг хянаж дууссаныхаа дараа тэр үеийн Улсын Ерөнхий Прокурорт – яруу найрагч Р.Чойномыг үнэхээр хэлмэгдүүлчихжээ.
Хэдийгээр тэр мөнх бусыг үзсэн ч түүнийг цагаатгах нь хувь хүнийх нь хувьд төдийгүй цаашид хүний эрхийг хамгаалахад нийгэмд ач холбогдолтой чухал үйл явдал болно.

Түүний үйлдэлд нэгэнт гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байгаа тул таны Улсын Дээд шүүхийн бүгд хуралд бичих эсэргүүцлийн төслийг төлөвлөчихлөө гэж албан ёсоор танилцуулж билээ.
1990 онд “Р.Чойномд тулгасан ял” хэмээх бэсрэг ном бичиж, үүнийг маань “Монгол уран зохиол“ хэвлэлийн газар 50 000 хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгосон билээ. Эл ном Монгол улсад өрнөсөн 1990 оны ардчилсан хөдөлгөөний үйл явцыг эрчимжүүлэхэд зохих нөлөө үзүүлсэнд миний бие дотроо нууцханаар сэтгэлийн бахархал тээж явдаг юм. Эл номыг гадаадад ч бас өндөр үнэлсэн. Тухайлбал, Японы монголч эрдэмтэн Таганори Мацуда Япон улсын “Хоккайдо” сонинд 1993 онд бичсэн “Улс төрийн хэрэгтний шүүхийн архив” хэмээх өгүүлэлдээ “улс төрийн хэрэгтэн, яруу найрагч Р.Чойномын хэргийн тухай нэлээд зүйлийг мэдэж болохоор тодорхой баримтыг иш үндэс болгосон С.Нарангэрэлийн бичсэн “Р.Чойномд тулгасан ял” хэмээх номыг уншлаа. Монголын төр, нийгмийн эсрэг улс төрийн хэрэгтнээр татагдаж, нийтийн засан хүмүүжүүлэх газарт дөрвөн жил хорих ял эдэлсэн Р.Чойномын тухай шүүхийн тогтоолыг баримт болгосон эл ном хэвлэгдсэн нь Монголд ардчилал эрийн цээнд хүрсний нэгэн баталгаа” (1) хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Эсэргүү найрагч Р.Чойномын мөрөөр сурвалжилсан минь” хэмээн гарчигласан Японы “Миншюги буцаку” сэтгүүлийн 1998 оны дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ “Монголын ардчилал эрийн цээнд хүрсэний нэгэн илрэл нь Р.Чойномыг хууль ёсоор цагаатгасан явдал. Түүнийг “улс төрийн хэрэгтэн” хэмээлгэж, ял хүлээлгэж, шоронд хорьсон шүүхийн тогтоол, шийдвэр, баримт материалыг Дотоод Явдлын Яамны архиваас шүүж түүвэрлэн өмгөөлөгч С.Нарангэрэл “Р.Чойномд тулгасан ял” гэдэг бичил номыг 1990 онд 50 мянган ширхэг хэвлүүлжээ” (2) гэж бичсэн байна.
“ЯРУУ НАЙРГАН” МӨРДӨН БАЙЦААЛТ
Түүний хавтаст хэргийн материалыг шүүн тунгаахад яруу найрагч Р.Чойномыг сэжигтэн, яллагдагчаар 22 удаа байцаасан проткол байдаг. (3) Р.Чойномыг бичсэн шүлгийнх нь мөр тус бүрээр асууж шалгаан байцаасан нь эл хэргийн мөрдөн байцаалтын нэгэн өвөрмөц онцлог гэлтэй. Тэрчигтээ яруу найраг болсон ийм хэргийг урьд нь би уншиж хянаж байсангүй. Энэ учраас илтгэлийн эл хэсгийг “Яруу найрган мөрдөн байцаалт” гэж гарчигласны учир энэ буюу. Мөрдөн байцаалтын явцад Р.Чойномоос авсан зарим мэдүүлгийн хэсгээс түүвэрлэн толилуулж байна:
Мөрдөн байцаагч: Сүлд болсон төрийг
Ардтайгаа хүн шиг яритал дүрэлзэнэ
Сүүлчийн ширээс нь хөөгдтөл дүрэлзэнэ гэдэг чинь ямар учир утгатай юм бэ?
Р.Чойном: – Энэ бол манай төрийг ард түмэнтэйгээ зүй ёсоор ярилцдаггүй гэж хэлсэн утга юм…(4)
Мөрдөн байцаагч:
-Аугаа их хүнийг
Амьдад нь танилгүй
Авсанд хийгээд уйлдаг
Ард түмэн минь хөөрхий гэдэг чинь таны бичсэн нэргүй шүлгийн үг мөн үү? Мөн бол та үүнийхээ улс төрийн утга санааг тайлбарлаж ярих уу?
Р.Чойном: – Би Буяннэмэх, Нацагдорж, Сэр-Од гэх мэтийн хүмүүсээс эхэлж түүхэнд нэр нь үлдэх хүмүүсийг нас барсан хойно нь дурсдаг явдал манай улсад ч, бусад улс оронд ч байдаг явдлыг хэлсэн юм…(5)
Мөрдөн байцаагч: – Таны энэ шүлэгт
Эрхэм нөхөд минь эвдээгүй
Энэхэн үе минь эвдлээ дээ гэсэн мөр байна. үүнийгээ тайлбарлаж ярь.
Р.Чойном: – Би яахав, энэ шүлэгт миний амьдарч байгаа энэ үе намайг эвдлээ дээ гэсэн санаагаар бичсэн юм…(6)
Мөрдөн байцаагч:
- Гэхдээ цаг ирнэ
Гэрт маань, нийслэлд маань
Гэм зэмтэй эх нутагт минь
Гэдэн нь хөдөлсөн түмэнд маань гэдэг бадгийг тайлбарлаж ярь.
Р.Чойном: – Энэ бол түрүүчийн бадагт манайх хөгжил муу гэж дурдсан болохоор манай эх оронд хөгжлийн цаг ирнэ гэсэн утгаар түрүүчийн хоёр мөрийг хэлсэн юм… (7)
Мөрдөн байцаагч:
-Нүгэлийг туулсан түмэн минь
Нүдэнд чинь үүл суув уу?
Хүчтэний өмнө бөхийж
Хүчгүйн өмнө годойж
Хамелеон шиг явсан та нарын
Харамсалтай түүхийг би мэднэ гэж бичсэн байна. үүнийгээ тайлбарлан ярь.
Р.Чойном: – Нүгэлийг туулсан түмэн минь гэдэг бол 1930-аад оны үеийн алдаа завхралыг туулсан гэж хэлж байгаа үг юм. Нүдэнд чинь үүл суув уу? гэдэг бол намайг юм хийх бүтээхийг оролдож байхад түүнийг минь олж харахгүйгээр архичин гэж нэрлэж ад үзэж байна гэсэн санаа юм. Хүчтэний өмнө бөхийж гэдэг нь 1930-аад онд ба бас сүүлд ч гэсэн тэр, нам төрийг алдаа хийж байхад түүний тухайд юу ч дуугараагүй бөхийсөн гэж хэлсэн юм. Хамелеон шиг явсан гэдэг нь бусдыг аялдан дагах дуртай гэсэн утгаар хэлсэн юм.
Мөрдөн байцаагч: – Манай ард түмэн “хамелеон” шиг юу дагаад байсан хэрэг вэ? Манай ард түмэн туйлбаргүй гэсэн санаа яагаад энд оруулах болсон бэ?
Р.Чойном: – Ард түмнийг өөрөөс дээшхи зүйлд чимээгүй байдаг, доош байгаадаа ширүүн “хамелеон” шиг хувирамтгай гэсэн утгаар хэлсэн үг юм.
Мөрдөн байцаагч: -Таны санаагаар бол монголын ард түмэн ямар байвал таарах болж байна вэ? Нам, төрийг алдаа хийвэл түүнийг ашиглаж басах ёстой юм уу?
Р.Чойном: – Би монголын ард түмэн нам, төрийг алдаа хийвэл тэр дор нь хэлдэг, засдаг байх ёстой гэж бодсон учраас хэлсэн юм. Өөр ямар нэгэн зорилго байхгүй…(8) Ийм үнэхээрийн сонирхолтой байцаалт болж өнгөрчээ. Эл хэргийн мөрдөн байцаалтын тактикийг судалж үзэхэд Р.Чойномоор өөрөөр нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тулган хүлээлгэх гэж оролдсон явдал юм. Коммунист суртлын үед яллагдагч гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөх явдал түүний хэрэг үйлдсэнийг нотлох гол баримт гэж үздэг байсан. Цаг үе нь ийм байсан болохоор Р.Чойномоор “Миний энэ шүлгийн улс төрийн утга агуулга бол яриангүй нам төр, ард түмнийг үзэн ядсан үзэл санаа байгаа нь үнэн байна. Би зарим зүйлийг чөлөөтэй шүүмжлэх ёстой гэж бодоод бичсэн юм.” (9) гэсэн өчиг гаргуулж авсан байна.
“ТЭРСЛҮҮ” Р.ЧОЙНОМД ТУЛГАСАН ТӨРИЙН ЯЛЛАГААНЫ УТГА АГУУЛГА
1970 оны 2 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Прокурорын туслахын баталсан ялын төлөвлөгөө ба мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолд яруу найрагч Р.Чойном чухам ямар хэрэгт ял шийтгүүлсэн нь тодорхой байдаг. Тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны I дүгээр орлогч сайд, Улсыг Аюулаас хамгаалах Ерөнхий газрын дарга зөвшөөрч, мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга гарын үсэг зурсан ялын төлөвлөгөөнд “Яллагдагч Р.Чойном нь “Өөрөө өөртөө унших”, “агуу их хүнийг амьдад нь танихгүй” гэж эхэлсэн шүлгүүдэд БНМАУ-ын нийгэм, төрийн байгууламж, төрийн ардчилал, соёл, эдийн засгийн ололт амжилтуудыг үгүйсгэн бичсэн төдийгүй монгол зөвлөлтийн найрамдалт харилцаа ба төрийн удирдагч болон нам засгаас явуулж байгаа арга хэмжээг элдвээр дайран доромжилж гүтгэсэн ба өөрийн энэ үзэл санаагаа дэлгэрүүлэх зорилгоор уг шүлгийг бусдад хуулуулах, уншиж өгөх зэрэг ажиллагаа явуулж ирсэн байна.” (10) гэж онцлон тэмдэглэжээ. Эдгээр үйлдлийнх нь нотлох баримт гэж Р.Чойномын бичсэн “Өөрөө өөртөө унших” шүлгээс нь ийнхүү иш татсан байна:
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагийг ажих бүр
Уур минь асч байна.
Түрүүчийн засгийг түлхэн унагаад
Түүний оронд хурдан буу барьж өндийсөн засаг
Түүх ёс, төв шударга ухаан бүхнийг бас
Түлхэн унагаад хүнийг мал болгож байна.
Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг европоор тарааж
Эсэн бусын ховч доншуучдыг урьж авчраад өөрсдөө мал мэт сажилж явна.
Эрээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийн нэрийг дурсахаар
Эмээж Оросын өлмийг долоож байна
гэсэн мөрүүдийг ялын төлөвлөгөөнд оруулсан байна. Цааш нь:
Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан төр
Таван зуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна.
Тарьсан тэр хэргийг илэрч мэдэгдэхээс нааш
Та бид бүгдийг жигдхэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж байна.
Ядуу амьдралын чинь зулай дээр өстөн ингэж суугаад
Ярганы мэс үсэнд чинь билүүдэж сууна
Сүр хүчтэй уур минь үлдээд зогсохгүй дүрэлзэн
Сүлд болсон төрийг
Ардтайгаа хүн шиг яритал дүрэлзэнэ
Сүүлчийн ширээс нь хөөгдтөл дүрэлзэнэ” (11)
өөр нэгэн шүлгийнх нь дараахи мөрөөс иш татаж түүнийг түүгээр нь буруутгажээ:
Өөрийг чинь харин нөхцвөл
Өнөөх улс төр гэдэг сарыг залгидаг
Рах шиг амьтан сайн ханийг минь залгисан гэж бодоорой
Хамаг бүхэн хаалттай
Хатуу чанд заалттай
Солгой хөгжим шиг энэ үед
Согтуурах шиг жаргал алга.
Эдгээр мөр шүлгүүдэд үндэслэн тэр үеийн НАХЯ-ны мөрдөн байцаах байгууллага “монгол, зөвлөлтийн найрамдалт харьцаа ба манай нам, төр, түүний зарим удирдагч, социалист хэв ёсыг гүтгэн доромжилжээ.” (12) гэсэн дүгнэлт хийжээ.
Улсын Дээд шүүх ялын өмнө дурдсан төлөвлөгөөнд үндэслэн гаргасан таслан шийдвэрлэх тогтоолдоо “Р.Чойном манай нийгэм, төрийн байгууллыг гутаахад чиглэгдсэн гүтгэлгийн чиглэлтэй шүлэг бичээд зогсоогүй түүнийг бусдад ашиглуулах буюу уншиж байжээ“ (13) гэсэн дүгнэлт хийж түүнийг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзжээ.
ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМ БА “УЛС ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГ”
Улсын Дээд шүүх тэр үед дагаж мөрдөж байсан 1961 оны эрүүгийн хуулийн 49 (БНМАУ-ын эсрэг ухуулах ба сурталчлах) дүгээр зүйлийн “а”-д зааснаар яруу найрагч Р.Чойномыг шийтгэсэн билээ. Эрүүгийн хуулийн эл зүйлд “БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор ухуулах буюу сурталчлах, мөн зорилгоор БНМАУ-ын нийгэм, төрийн байгууламжийг гутаахад чиглэсэн гүтгэлэг тараах, мөн тийм агуулгатай ном хэвлэл бэлтгэх буюу тараасан байвал таван жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэнэ” (14) гэж заасан байв. Улсын Дээд шүүх дөрвөн жилийн хугацаагаар хорьж, уг ялыг чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эл гэмт хэрэг нь төрийн эсрэг онц аюултай гэмт хэргийн зэрэглэлд хамаарч байсан бөгөөд ийм гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэгсдийг гагцхүү чанга дэглэмтэй хорих газар ялыг нь эдлүүлдэг байжээ. Мөн эл гэмт хэрэг нь улс төрийн гэмт хэрэгт тооцогддог байсан учраас яруу найрагч Р.Чойном тэр цаг үедээ улс төрийн гэмт хэрэгтэн гэгдэж явжээ. Энэ нэрээсээ насан туршдаа салж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Улсын Дээд шүүх түүний хэргийг давж заалдах эрхгүйгээр таслан шийдвэрлэсэн юм. Хавтаст хэргийн материалыг шүүн тунгаахад Р.Чойномын хэргийг хаалттай (15) бөгөөд маш богино хугацаанд Улсын Дээд шүүх хэлэлцсэн байдаг. Энэ нь тэр үеийн НАХЯ-ны хараа хяналтын дор урьдчилан бэлтгэсэн шүүхийн нэг ёсны жүжиглэлийн түүхэн баримт болон үлджээ.
Р.ЧОЙНОМЫГ ХЭЛМЭГДҮҮЛСНЭЭ ТӨРӨӨС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ
1990 оны 4 дүгээр сарын 26-нд болсон Монгол улсын шүүх эрх мэдлийн хамгийн дээд хуралдаан-Улсын Дээд шүүхийн бүгд хурлаар Р.Чойномд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцээд түүнд “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон шүлгүүд нь агуулгын хувьд зарим дутагдалтай байсан нь үнэн боловч түүгээрээ БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилготой байсан, төрийн эсрэг чиглэсэн гэх үндэсгүй бөгөөд зориуд бэлтгэж тараасан баримт алга байна. Иймд 1961 оны эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн “а” ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал буруу болжээ” (16) гэсэн дүгнэлт хийж түүнийг нэхэн цагаатгасан билээ. Энэ цагаатгалыг тэр үеийн Улсын Дээд шүүх хүчтэй өрнөсөн ардчилсан хөдөлгөөний шаардлагаар аргагүйтэж хийсэн нь Улсын Дээд шүүхийн өмнө дурдсан тогтоолд “шүлгүүд нь агуулгын хувьд зарим дутагдалтай байсан нь үнэн…” гэж зааснаас үзэхэд тодорхой байх бөгөөд Улсын Дээд Шүүх бол яруу найрагчийн бичсэн уран бүтээл, шүлгийн агуулгын доголдол, дутагдлыг шүүн тунгаадаг байгууллага биш билээ. үүнээс үүдэгдэн хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд ноцтой харшилсан эл гэмт хэргийг эрүүгийн хуулиас хасахгүй бол гэм зэмгүй олон хүнийг цаашид хэлмэгдүүлэх эрх зүйн үндэс хэвээр байх болно гэсэн бодол миний санаа сэтгэлээс гардаггүй байсан юм.
Миний бие 1992 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон учир хууль тогтоогч болж, улмаар 1961 оны эрүүгийн хуулийг шинэ үндсэн хуультай нийцүүлэх зарчимын асуудлыг шийдвэрлэсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн томоохон төсөлийг дангаараа боловсруулж, үндсэн хуульд заасны дагуу санаачлан УИХ-аар хэлэлцүүлэх хувь тавилан надад олдсон билээ. Энэ үйл явцад яруу найрагч Р.Чойномыг бичсэн шүлгийнх нь төлөө “улс төрийн гэмт хэрэгтэн” болгож олон жилийн туршид нийгмээс хатуу чанд тусгаарлан сэтгэлийн тамд унагах эрх зүйн үндсийг тавьсан 1961 оны эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг хүчингүй болгуулж чадсан билээ. (17)
Р.ЧОЙНОМЫН “УЛС ТӨРИЙН ХЭРГЭЭС ҮҮДСЭН” ТҮҮХЭН СУРГАМЖ
Яруу найрагч бичсэн шүлгийнхээ төлөө юуны учир “улс төрийн гэмт хэрэгтэн” болов?, дахин ийм хэлмэгдүүлэлт давтагдах хөрс суурь манай улсад бий юу? зэрэг олон асуудал зохих ёсны хариугаа хүлээсээр байна.
Р.Чойномыг хэлмэгдүүлсэн хэргийн материалыг шүүн тунгаахад хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт зэрэг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг зөрчсөн, шүүх хараат бус байдлаа алдсан, түүгээр ч барахгүй улс төрийн зорилгод ашиглагдаж байсан зэрэг нь тодорхой байдаг. Нэгэн баримт дурдахад Р.Чойномын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр түүний хууль ёсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалаагүй, харин бараг улсын яллагчаас илүү шахуу ялласан байдаг. өмгөөлөгчийн өмгөөллөөс ганцхан өгүүлбэр иш татъя. өмгөөлөгч “Миний өмгөөллийн дор шүүгдэж байгаа Рэнцэнгийн Чойном тус улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 49-ийн “а”-д заасан гэмт хэргийг үйлдэж, манай улсын нийгэм төрийн байгууламж, төрийн ардчилал, соёл-эдийн засгийн ололт амжилтыг үгүйсгэн, монгол-зөвлөлтийн найрамдалт харилцаа, нам төрийн удирдлага, нам засгийн арга хэмжээг бүдүүлгээр доромжилж гүтгэн дайрсан үзэл санаа бүхий шүлэг бичиж, түүнээ бусдад хуулуулах, өөрөө бусдад унших зэргээр зүй бус үйлдэл хийж байжээ” (18) гэжээ.
Яруу найрагч Р.Чойном Монгол улсад ноёрхож байсан тоталитар дэглэмийн золиос болсон хүн. Энэ дэглэмийн үеийн улс төрийн хэлмэгдүүлэлтэд нийтдээ 33,5 мянган хүн өртөгдснөөс 29 мянга нь гэм буруугүй болох нь тогтоогдож цагаатгагдсан билээ. Тэдгээрээс 19411 хүн цаазлагдаж, бусад нь нийгмээс хатуу чанд тусгаарлагдаж, ойр дотныхоо хүмүүст ял нь халдаагдаж, аймшигтай хэлмэгдэл, доромжлол амссан юм. (19) Ийм цуст яргалал, харгислал дагуулсан энэ дэглэмийн өвөрмөгц үндсэн шинж нь нэг нам хэмжээлшгүй ноёрхлоо тогтоосон; өөрийн гарт улс төр, эдийн засаг, цэрэг, улс төрийн дээд засаглалыг төвлөрүүлсэн “үндэсний” удирдагчийн дүрийг тодруулан өргөмжилсөн; бүх нийтэд хяналт тавих-мөрдөн мөшгөх хүчирхэг тогтолцоог буй болгосон; хуурмаг шүүн таслах ажиллагаа нь залхаан цээрлүүлэх дэд тогтолцооны хэвшмэл шинж нь болсон; хэлмэгдүүлэлтийг үе үе явуулах замаар нийгэмд айдас хүйдсийн уур амьсгал буй болгон хатуу чанд “дэг” тогтоосон ба ард түмнийг эрх баригчдад дуулгавартай захирагддаг хүлцэнгүй болгосон; хүний оюун санааны эрх чөлөөг хаан боогдуулсан; албадлагын үзэл суртлаас гажсан буюу өөрөөр сэтгэгчдийг хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэнд тооцож хатуу харгис цээрлүүлж ирсэн; нийгмийн ухамсрыг мөлгөр байдалд барьж байх үзэл суртлын хүчирхэг аппараттай болгосон; нийгмийн дотроос дайсан этгээдийг байнга олж илрүүлэн тэднийг нийгмээр жигшүүлэх, үзэн ядуулахад чиглэгдсэн олон талт шаталсан үйл ажиллагаа явуулсан зэрэг олон зүйлээр тодорхойлогддог байсан.(20)
1990 онд монголчууд бид энэ дэглэмээс эгнэгт салан хагацахын тулд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн дагуу аж төрөхийн төлөө тэмцэцгээсэн. Энэ тэмцэл амар хялбар байгаагүй. 15 жилийн дараа эргээд харахад харамсалтай нь бидний өмнөө тавьсан эл зорилт бүрэн төгс хэрэгжиж чадсангүй, энэ дэглэм зарим талаар дахин сэргэж эхлэв. Монгол улс XXI зуунд яруу найрагч Р.Чойном шиг “улс төрийн хоригдол”-той болж байна. “Эмнести Интернешнл” олон улсын хүний эрхийн байгууллага 2005 онд энэ тухай албан ёсоор хүлээн зөвшөөрөв. (21)
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномд тохиолдсон шиг хэлмэгдүүлэлт давтагдан гарах объектив нөхцөл өнөөгийн цаг үед хэвээр хадгалагдсаар байна. Хэдийгээр Монгол улс үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхээ зарлан тунхаглаж(22), Эрүүгийн хуульдаа (2002 оны) “Xүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” (23) гэж заасан боловч хууль хэрэгжихгүй, заримдаа хуулийг эрх баригчдын зүгээс илтэд хөсөрдүүлэх явдал гарч байна. Тэр ч атугай “хууль бус” явдал хууль болж үйлчлэх явдал ч үзэгдэх боллоо. Иймд шүүх, үндсэн хуулийн цэц зэрэг хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг зохих ёсоор ажиллуулж, хүн бүр жам ёсны эрхийнхээ төлөө нэгдэн тэмцэхгүй бол тоталитар дэглэм өдрөөс өдөрт улам сэргэн хор уршиг нь бидэнд буцааж сэргээхийн аргагүй үнэ цэнээр ирэх болно.
Содовсүрэнгийн НАРАНГЭРЭЛ
Aкадемич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих