Ш.Сайхансамбуу хахууль өгсөн гишүүдээ нэрлэхээс өөр аргагүй боллоо!

Монгол хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд дундаас үнэнийг хэнээс ч айхгүй хэлчихдэг цөөхөн сонины нэг нь “Өдрийн сонин”. Олон жил хэвлэлийн зах зээлд чанагдаж, шигшигдсэн тус сонины сэтгүүлчид үе, үе дуулиант нийтлэл гаргаж, уншигчдын хүрээгээ улам бүр тэлсээр байна. Нийгмийн даатгалын мөнгийг хулгайлж байсан эмнэлгийн дарга нарыг хэргийг илчилснийхээ дараахан “Өдрийн сонин”-ы 2011 оны 3-р сарын 14-ний дугаарт Ш.Сайхансамбуу гишүүний ярилцлагыг нийтэлсэн юм. Тэрхүү нийтлэлийн дагуу манай сайт  Сайхансамбуу гишүүнээс хахууль авсан гишүүдийг шалгая!” гэдэг асуудлыг хөндөж тавьсан. Мэдээллийг дахин сонирхуулаад эцэст нь дүгнэлтээ гаргацгаая.

“Авилгалтай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа танаа
Хээл хахуулийн хэрэг гээч юм хэдэн эмч, багш, цагдаа, бас бус хурган дарга  нарыг л тойроод байх янзтай. УИХ-ын гишүүд, сайдууд, төрийн томоохон ажилтнуудын хахуулийн талаарх мэдээлэл байнга гарах боловч тэгэсхийгээд намждаг. Манай сайт авилгалын тухай нэгэн томоохон мэдээллийг мөшгихийг зорилоо. Энэ бол Ш.Сайхансамбуу гишүүний мэдэгдэл. Эрхэм гишүүн өөрийнх нь хэлснээр хэд хэдэн хүнд хахууль өгсөн бөгөөд тэдэнтэйгээ одоо их хуралд зэрэгцээд сууж байна гэж ярьжээ. Бид энэ мэдээллийг Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад хүргүүлж байна. Ямар хариулт өгөхийг удахгүй эргэн мэдээлэх болно.

2011.03.14-ний “Өглөөний сонин”-д Ш.Сайхансамбуу гишүүний өгсөн ярилцлагаас:
… -Монголын улс төрд бизнесийнхэн, улс төрийнхөн гэсэн том зааг ялгаа илт гарчээ гэдэгтэй та санал нийлэх үү?
-Харин тэгж ярих юм бол бид нараас хахууль, хандив авсан намын нэр, ард түмний буянаар олон жил төрд суугаад хөлжчихсөн нөхдүүд байна шүү дээ. Мань мэттэй зэрэгцэж шинэ загварын тэрэг унадаг, тансаг зэрэглэлийн хаусд амьдардаг төрийн албан хаагчид бий. Тэд чинь бизнесмэнүүдэд асар дургүй байдаг юм. Бид эднийг шахмаар байна. Төрийн мөнгөөр баяжсан хулгайч нарыг бүгдийг шахаж гаргах хэрэгтэй. Яагаад С.Батболд, Х.Баттулга, Ганхуяг нараар жишээ татаж ярьсан бэ гэвэл эдгээр хүмүүс бол шударга хөдөлмөрөөр хийж бүтээж босгож чадсан хүмүүс.
-Төрөөр төрсөн тэрбумтнуудыг төрөөс шахаж зайлуулна гэхээр дургүйлхэх хүмүүс олон гарах байх даа?
-Дургүй л байна биз. 2012 онд заавал сонгогдох гэж зүтгээд үхэн хатан улайрахгүй. Би болилоо гэхэд надад хийх ажил зөндөө бий. Бизнесээ хийгээд явна. Үлдээд хийх нь хийнэ л биз. Заавал бүгдээрээ гишүүн болох гэж шавах шаардлага алга. Харин төрийн мөнгө идэж уудаг, албан тушаалаараа аархдаг, хүн дарамталдаг, иргэдээ боддоггүй нөхдүүдийг төрөөс хязгаарлах нь зөв. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг ард түмэн нэрээр нь нэрлэж байна шүү дээ. Саяхан нэг сонин дээр нэлээн хэдэн хүмүүсийг унадаг машин, амьдардаг байшинтай нь гаргаж тавьсан байна билээ. Би гэхэд 2002 онд өөрийнхөө хөрөнгөөр хоёр давхар байшин барьсан. Би барилгын хүн шүү дээ. Арван хүнтэй бригад байгуулаад өөрөө ахлаад ханыг нь будаад, обойгоо наасан. Тэгж өөрийнхөө хөлс хүч хөрөнгөөр барьсан учраас хэнээс ч айхгүй. Гэтэл нэг ч удаа бизнес хийж үзээгүй, дандаа төрийн албаар явж яамны сайд үе улиран хийчихээд юугаараа хаус, үнэтэй машин аваад байна вэ. Ганцхан гарын үсэг зураад хэдэн зуун саяар хахууль авдаг нь ч бий. Тиймээс төрөөс төрсөн тэрбумтнуудад хандаж хэлэхэд “Одоо та нар болно, шунал ихэдвэл шулам болно шүү. Ард түмний хөрөнгийг ингэж дураараа идэж ууж болохгүй. Та нарыг үр хүүхдүүд чинь залгамжлаад амьдарна. Идэж ууж болдог л юм байна гэж бодоод явж болохгүй. Хэдэн үеийн үр  удамдаа нүгэл хурааж байна. Эрх мэдэл эргээд төлөх төлбөртэй байдаг гэж Р.Чойномын шүлэгт байдаг даа. Хүн шударга бусаар олж авсан эд баялгийнхаа хариуг заавал буцааж төлдөг жамтай шүү” гэж хэлмээр байна.
-Бизнес эрхэлдэг хүмүүс хээл хахууль авагчидтай илүү ойр байдаг байх л даа?
-Тэгэлгүй яах юм бэ. Бид нар өөрсдөө өгч байсан учраас мэдэлгүй яах вэ. Хэнд авлига өгч байснаа нэрлэ гэвэл нэрлэнэ дээ.
-Нэрлэж чадах уу?
-Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхдүүдтэйгээ бид нар зэрэгцээд л сууж байна. Хүний мөс чанар юм даа. Тэр утгаараа хэл ам хийж будлиантуулаад яах ч юм билээ. Ерөөсөө боломжийн юмыг болохгүй гэсээр байгаад юм авдаг л байхгүй юу” гэж УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу маш тодорхой ярьжээ. Түүнээс хүмүүсийн нэр усыг, хахуулийн хэмжээтэй нь асуух хэрэгтэй гэж санагдана. Эсвэл аль эртний явдал, одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх юм болов уу. Тэгвэл ядаж нэрийг нь зарлаад ёс зүйн асуудал ярих юм сан. Ямартай ч Ч.Сангарагчаа даргын хариуг хүлээж сууя даа.” гэсэн мэдээллийг манай сайт гаргасан юм.
Ямар ч байсан мэдээллийн мөрөөр Ш.Сайхансамбуу гишүүнийг АТГ-аас дуудаж, хахууль авсан гишүүдийнхээ нэрсийг гаргаж өг гэж шаарджээ. Ч.Сангарагчаа шоронд илгээгдсэн ч Авлигатай тэмцэх газраас эл асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр “хөдөлсөн” нь сайшаалтай. Хэрвээ Сайхансамбуу тэдгээр авлигачдынхаа нэрсийг гаргаж өгөхгүй бол өөрөө асуудалд орно шүү гэдгийг ч сануулсан байна. Сэтгүүлчийн мэдрэмжээр энэ асуудлыг ярилцлага дунд хөндөж тавьж чадсан “Өдрийн сонин”-ы мэргэжил нэгт нөхдөдөө эл хэрэг явдлын дараа халуун баяр хүргэх нь зөв. Одоо харин хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд энэ сэжмийг огтхон ч алдалгүй цөмөөрөө нийлж Ш.Сайхансамбууг шахах хэрэгтэй. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Нэгэнт өгчихсөн хахуулийнхаа тоо, авсан хүнийхээ нэр усыг захын босс нэрлэх л болж дээ. Нэхэл хатуу нэхнэ шүү сэтгүүлчид ээ, тэр хахууль авсан этгээдүүдийн нэрсийг.
Д.Билгүүн. Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих