Малаа хариулж явсан хүн рүү галзуу чоно дайрчээ

Галзуу чоно хун рүү дайрсан талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Галзуурсан чоно хоёроороо явж байгаад хонио хариулж явсан хүн, мал руу дайрсан явдал гарсан. Хонио хариулж явсан хүн рүү нэг чоно нь дайрч ээрүүлдээд хувцасных нь гаднаас хазаж хэд хэдэн газар битүү хавдар үүсгэсэн. Нөгөө чоно нь малыг нь хөөгөөд гэрийнх нь гадаа очиж уяатай байсан нохойтой ноцолдож уралцсан.

 

Энэ чимээнээр гарч ирсэн гэрийн эзэгтэй 49 настай “А” руу галзуу чоно дайрч нүүрнийх нь арьсыг 8см хэртэй газар урсан аймшигтай явдал болсон. Гэрийн эзэгтэй гэр рүүгээ орж өөрөө цус тогтоох арга хэмжээ авч, саахалт айл руугаа утасдаж хэлснээр саахалт айлынх нь залуу мотоцикльтой ирж галзуу чоныг царилаар цохиж алсан байгаа. Тэр даруй сумын мал, хүн эмнэлгийн түргэн тусламж очиж ариутгал, устгал хийж галзуу чононд хазуулсан эмэгтэй “А”, “Ч” нарыг аймгийн эмнэлэгт хүргэсэн.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоо хяналтын байдалд байгаа. Цаашид энэ хүнийг 30 хоног, түүнээс дээш /90 хоног/ хугацаагаар хянах ёстой. Галзуу чононд хазуулснаас хойш 24 цагийн дотор нийлдэс эмчилгээг хийсэн. Вакцин эмчилгээг нийт 5 удаа хийнэ. Энэ нь тодорхой хугацаатай хийгддэг. Өчигдөр гуравдугаар тунг хийсэн. “А”-гийн биеийн байдал гайгүй байгаа ч эрсдэл ихтэй. Учир нь хөл гараас нь бус нүүрнээс хазсан нь төв мэдрэлийн системд ойрхон учир.

-“Ч”-ийн хувьд бие нь ямар байгаа вэ?

-Иргэн “Ч” зузаан хувцастай байсан учир 2-3 хэсэгт битүү хавдар үүссэнээс бусдаар шарх аваагүй. Гэхдээ хувцас болон гарт нь шүлс наалдсанаас халдвар авч болзошгүй гэж үзэн вакцин хийлгээд гадуур байгаа.

-Хөл хорио тогтоох уу?

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд мал, амьтны хувьд хөл хорио тогтоох ёстой. Мал, амьтны хооронд дамжих боломж ихтэй. Мал, амьтнаас хүнд халдаж болох боловч хүнээс хүнд халддаггүй. Тийм учраас хүний хувьд хөл хорио тогтоодоггүй.

-Галзуу чоныг яаж устгасан бэ?

-Анхны дуудлагаар хөдөө аж ахуйн мэргэжилтэн очоод толгойг нь тасдаж аваад биеийг нь айлын ойролцоо ухсан нүхэнд хийж булаад хлорын шохой хийж ном журмаар нь устгасан. Уяатай байсан нохой их шархадсан байсан гэсэн.

-Мал руу нь дайрсан уу?

-Малд нь үзлэг хийхэд нэг ямаа хазуулсан байсныг устгаж бусад малд вакцин, ариутгал хийсэн. Нэг гэрийн хоёр нэг нь эмнэлэгт, нэг нь гадуур вакцин хийлгэж байгаа. Малыг нь аймгийн хойд голд байдаг ах дүү нар нь тууж аваачаад маллаж байгаа.

-Аймгаас ямар арга хэмжээ авав?

-Алагдаагүй галзуу чононд ямар арга хэмжээ авсныг мэдэхгүй байна. Манайх энэ тухай мэдээллийг Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Онцгой байдлын хэлтэс зэрэг газруудад мэдээлсэн. Мөн “Говийн долгион” бүсийн радиогоор малчдад сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Тус айл орчмын цаазтай бүсэд багтдаг учир хэн дуртай нь очоод ан хийх боломжгүй.

-Чононд хазуулсан нохойг устгасан уу?

-Тэр айлын хоёр нохой чононд хазуулсан байсныг маргааш нь очиж хоёуланг нь устгасан.

-Галзуу мал, амьтныг мэдэхгүй оролдсон тохиолдол гарч байсан уу?

- 2012 оны эхээр галзуу өвчин хүнд халдварлах н ө х ц ө л бүрдсэн байсныг даруй түргэн арга хэмжээ авч устгасан. Тухайлбал хөдөөний айлын гадаа ирсэн чоныг хүмүүс агнаж, гар хуруугаараа барьж арьсыг нь хуулж эд бад хийсэн чононд шинжилгээ хийхэд галзуу өвчтэй нь тогтоогдсон. Тэр чоныг оролдсон 12 хүнд галзуугийн вакцин хийж арга хэмжээ авсаны үндсэнд өвчилсөн хүн байхгүй.

-Өвчний голомтын талаар?

-Байгалийн голомтот халдварт 30 гаруй бүлэг өвчин байдаг. Үүнээс манай Монголд тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар гэх зэрэг өвчнүүд тохиолддог. Тарваган тахал, боом өвчний голомт нэг л газар байдаг. Галзуугийн голомт хаана хамаагүй байдаг. Өвлийн хүйтэнд амьтны сэг зэмэндээ галзуугийн вирус нь удаан хадгалагддаг.

 

Өмнөговь аймаг галзуу өвчний голомттой учир галзуу өвчин илрэх хандлагатай. Манай аймагт урд нь мал, амьтан галзуурсан тохиолдол байгаа. 1981 онд хүн галзуурсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. 2010 он хүртэл 10 гаруй жил галзуу өвчин гараагүй. Харин 2010 оны нэгдүгээр сараас эхлэн галзуу өвчин гарч 35 мал, амьтан галзуурсан тохиолдол бүртгэгдсэн нь цаашид ихсэх хандлагатай болж байна.

 

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд, малчид анхаарал болгоомжтой байх хэрэггэй байна. Мөн аймгийн төр засаг болон холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.

 

Эх сурвалж: “Монгол говь”


URL:

Сэтгэгдэл бичих