Д.Арвины аяглал ба АН

Төрийн түшээгээр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа Д.Арвин гишүүнийг тойрсон элдэв яриа сүүлийн үед түймэр адил дэгдлээ. УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд долоо ч хонолгүй “хэргийн эзэн”-ээр тодров. Хана чихтэй гэгчээр нууц юм гэж байх биш дээ. МАН-аас дөрөв дэх удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдөн сонгогдсон энэ эрхэм эдүгээ АН руу шилжиж байгаа бололтой.

 

Аль намд элсэж, юуг сонгох нь хүний эрх. Тиймээс улс төр ч бас хүн юм болохоор МАН-аас гарч АН-д элсэх нь түүний эрх биз. Гэхдээ л 13 жилийн дараа УИХ-д цөөнх болоод байгаа МАН-ыг орхиж олон суудал авсан АН руу зүтгэх нь хүний эрх гэхээсээ илүүтэй улстөрчийн урвалт гэлтэй. 2000 оноос хойших МАН-ын мандан бадарч байх үед Д.Арвин энэ намаас дөрвөнтөө мандат өвөрлөн УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг.

Гэтэл дөрөв дэхээ төрийн түшээгээр сонгогдонгуутаа АН-д элсэхээр болсон нь саяхных бус аль эртний тохироо гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Арвин дахин санал хураалтаар үнэндээ ялагдсан гэнэ. Тэрбээр УИХ-ын сонгуулиар ч ялагдал хүлээсэн бөгөөд “улаан хэрүүлч”-ийнхээ ачаар дахин санал Хураалт явуулах шийдвэр гаргуулжээ.

 

Гэвч цэргийн хотхон гэгдэх баянзүрхчүүд Д.Арвинг бус экс Засаг дарга Батзоригийг дэмжжээ. Тиймээс Налайхын 1000 сонгогчийн санал худалдан авах тохироог тус дүүргийн АН-тай хийсэн аж. Үүний дараагаар тойргийн хороо дүнгээ мэдээлээгүй байхад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-д Д.Арвиныг тангараг өргөх асуудлыг барьжээ.

Ингээд л УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Д.Арвин АН-д “өрөө төлөх” үлдэж. Өчигдөр Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Засгийн газар бонд гаргах талаар чухал асуудал хэлэлцсэн ч энэ нь хэвлэлийнхний анхаарлыг татсангүй. ДАрвин гишүүний эрэлд гарлаа. Гэвч тэрбээр хэвлэлийнхнээс зугтаж, хувийн асуудал хэмээн ширэв татаж байсан хэдий ч маргааш албан ёсоор мэдээлэл хийх болсноо халти дуулгалаа.

 
Мэдээж мэдээлэлдээ МАН-аас гарах болсон шалтгаанаа “нам намайг жийсэн, гадуурхсан” гэх мэтээр гомдоллох байх. Харин түүнд энэ намд гомдоллох эрх бий билүү. Түүнд УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандатыг өнгөрсөн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуулиар энэ нам олгосон. Хэдийгээр өөрийнх нь хүчин зүтгэл байсныг үгүйсгэхгүй ч МАН-ын нэрээр л УИХ-ын гишүүн болж байсан нь гашуун боловч үнэн.

 

Ялангуяа 2000 оны УИХ-ын сонгуулиар хуучин нэрээр МАХН-аас нэр дэвшсэн бор “халзан хонь” ч УИХ-д сонгогдож байлаа. Учир нь сонгогчдын дийлэнх нь сонголтоо хийхдээ намыг нь харгалздаг уламжлалтай. Харин одоо энэ нам УИХ-д цөөнх болж, Засгийн газартай хамтрах нь бүү хэл бүлгээ ч байгуулж чадалгүй нэгэн улирлыг ардаа орхиж байна. Д.Арвинд ялагдсанд бус ялалтыг “манайх” гэдэг хууль үйлчилдэг бололтой.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Хуулиараа нам эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүн өөр намд элсэн орж болдоггүй аж. Харин тойргоор сонгогдсон гишүүн бусад намд элсэн орох нь нээлттэй юм билээ. Г.Батхүү намаасаа хамт нэр дэвшин өрсөлдсөн Д.Зоригтыгоо жийн, УИХ-ын гишүүний тангаргийг ганцаар өргөж олны нүдийг орой дээр гаргасан.

 

Д.Зоригтыг Өвөрхангайн тойргийн асуудал шүүхээр бүрэн шийдвэрлэгдэх үеийг харахаар түр түдгэлзсэн гэж халхавч хийж байгаа. Тун удахгүй Д.Зоригт бус Чинзориг тангараг өргөөд зогсож байх биз. AH Д.Зоригтыг жийж, УИХ-д олонх болох нэг мандатаа алдах нь ээ гэвэл эндүүрэл юм. Д.Зоригтыг Д.Арвинаар сольж байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй шүү дээ.

Д.Арвин 12 жил төрийн түшээгээр сонгогдож, улс төрд хат суусан эмэгтэй гэхэд хүн чанараараа хорооны нийгмийн ажилтнаас УИХ-д гишүүнээр орж ирсэн Д.Баянсэлэнгээс л хөлийн чинээ байна даа. Баянсэлэнгэ УИХ-ын гишүүнээсээ татгалзаад ч хамаагүй намын даргынхаа төлөө өлсгөлөн зарлахад бэлэн байгаа бол Д.Арвин намынхаа суудлыг зараад бусад руу урвах хүн байж. Нөгөөтэйгүүр АН-д ч, МАН-д ч улс төрийн намын баримтлал гэж байна уу.

 

Уг нь зүүний, барууны чиглэлээрээ ялгардаг байсан бол одоо агаар нэгэн болж. Улстөрч хүний замын хүзүү урт ч АН ирэх 2016 оны парламентын сонгуулиар Д.Арвин гишүүнийг нэр дэвшүүлэх өрсөлдүүлэхгүй нь лавтай.

Нөгөөтэйгүүр манайхан өв залгамжлагчаа улс төрд дэвшүүлдэг уламжлал тогтоод байна. Д.Арвин гишүүнч бас хүүгээ улс төрд бэлтгэж л байгаа байх. Харин тэр үед эрхэм гишүүн ДАрвин МАН-ыг эргээд гуйх нүүртэй байх уу. За тэгээд ДАрвин МАН-ыг сонгоно уу, АН-ыг сонгоно уу хэнд хамаатай юм, хүний эрх гэж болох ч улстөрч хүнд зангараг хэрэгтэй л баймаарсан.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих