Хүүхдийг шоронд биш тусгай сургуульд явуулна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ болон эмэгтэй гишүүд ял эдэлж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудлаар өчигдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт 17 байгууллагын төлөөллийг оролцуулсан. Хэлэлцүүлгээр хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар гол сэдвээ болгон асуудлыг авч үзсэн.

 

Ял эдэлж байгаа эхчүүд хүүхэдтэйгээ хоригдож байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Мөн давтан ял эдэлж байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөж, бие нь муудах явдал гарч байгаа нь ялын бодлого хатуудаж, хуулиа сурталчлахгүй хойноосоо урагшаагаа явдаг ийм байдал үүсээд байна хэмээн хэлэлцүүлгийг даргалж байгаа З.Баянсэлэнгэ хэлж байлаа.

 

Энэ хүрээнд Хууль зүйн яамнаас “Хүүхдийн хорих ангийг байхгүй болгож, тусгай сургуультай болгох талаар шинээр гаргаж байгаа хуулиар зохицуулна” хэмээн тайлбар тавьж байв. Сүүлийн 10 жил Эрүүгийн хуулийн 184.3 184.4 зүйлээр олон эмэгтэй ял эдэлж байгаа. Өнөөдрийн байдлаар Эмэгтэйчүүдийн хорих ангид 250 орчим эмэгтэй ял эдэлж байгаагийн дотор 0-1 хүртэлх насны хүүхэдтэй 10 эх бий гэнэ.

 

Ээж нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул хүүхэд нь хамтдаа байдаг. Мөн Хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа хүүхдүүдийн дунд ясны сүрьеэ өвчтэй хүүхэд ч их аж. Өвчин нь хүндэрсэн ч ялаас чөлөөлж болдоггүй. Дээр нь нийт ял эдэлж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн 70 шахам хувь нь давтан хэрэг үйлдсэн гэсэн зүйл ангиар хэрэг нь хүндэрч 10-15 хүртэлх жилээр шоронд суухаар шүүхээс хэргээ таслуулсан байсныг эмэгтэй гишүүд хэлж байлаа.

 

Хэлэлцүүлэгт оролцсон Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлийн хэлснээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл
боловсруулж байгаа гэнэ. Хуульд өөрчлөлт оруулснаар насанд хүрээгүй хүүхэд хэрэг үйлдсэн тохиолдолд шоронд хорихгүй, харин тусгай сургуульд сургана. Өөрөөр хэлбэл, шинэчлэн найруулж байгаа хуулийн хүрээнд Хүүхдийн хорих ангийг байхгүй болгож оронд нь тусгай сургууль байгуулахаар тусгасан байна.

 

Тусгай сургууль нь хаалттай, түүнд шүүхээс шийтгэл авсан хүүхдүүдийг төрөл бүрийн мэргэжлээр сургаж, нийгэмшүүлэх бодлого барих аж. Эх нь ял эдэлж байгаагаас хүүхдүүд нь хамтдаа хоригдож эрхээ хасуулж байгаа хүүхдүүдийн тухайд бас зарим нэг өөрчлөлт хийнэ.

 

Тухайлбал, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хүүхэд төрүүлбэл түүнийгээ нэг нас хүртэл асарна, дараа нь хүүхдийг нь Асран хүмүүжүүлэх төвд шилжүүлэх, эс бөгөөс ар гэрийн асрамжид байлгах зэрэг арга хэмжээг авахаар заалт тусгажээ.

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих