Зарим эмч зайнаас оношилдог болжээ

Бид яах гэж сар болгон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглүүлж, мөнгө төлдөг юм бэ. Уг нь улсын эмнэлэгт үнэ төлбөргүй биеэ үзүүлж, оношлуулах гэж төлдөг биш гэж үү. Улсын эмнэлэгт биеэ үзүүлэх гэж хүнд суртал, дугаарлалт гээд янз бүрийн асуудалтай тулгардгийг хүн бүр л мэдэж байгаа. Харин Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй байж  улсын эмнэлэгт давхар мөнгө төлөн үзүүлэх нь арай л хэтэрсэн зүйл баймаар.

Хэд хоногийн өмнө нуруу минь татаад бөгтөр болж орхив. Гайгүй болох байх гэж бодоод хоёр, гурван өдөр харсан ч улам өвдөх янзтай болохоор нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр очсон юм. Тус эмнэлэг нь улсдаа томоохонд тооцогдох тул хүмүүс хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнана. Хаана очиж хэнд үзүүлэхээ мэдэхгүй байсан болохоор хүлээн авах ажилтнаас нь “Нуруу өвдөөд байгаа юм. Хаана үзүүлэх вэ” гэж асуухад хариу дугарсангүй. Сонсоогүй юм байх гэж бодоод дахиад асуутал, нэлээд ширүүн харцаар харснаа “Гурван давхарт нуруу нугас тархины тасаг байгаа. Тэнд очоод үзүүл” гэв. Түүний хэлснээр гурван давхарт гарав. Хэн гэдэг эмчид үзүүлэхээ мэдэхгүй хэсэг зогссоноо цагаан халааттай эмэгтэйгээс учир байдлаа хэлж, хэнд үзүүлэхээ асуутал, ганц үг хэлэхгүй мөрөө хавччихаад яваад өгөв. Хэсэг зогсож, өөр хэн нэгэн гарч ирэхийг хүлээсэн боловч бүгд завгүй гүйлдэн надад хаана, хэнд үзүүлэхийг хэлээд өгөх хүн олдсонгүй. Тэгэхээр нь өрөөний үүдэнд хадсан хаягийг нь харж байгаад нэг өрөөнд яваад орчихов. Эмч бололтой ахимаг насны эмэгтэй “за яасан” гэв. Би ч учир байдлаа хэлтэл “Ийшээ суу” гээд сандал руу заав. Би ч биед минь үзлэг хийх байх гэж бодоод сандал дээр суутал, тэгсэнгүй.  Эмч “Хаана чинь өвдөөд байгаа юм. Хүнд юм өргөсөн үү” гэж асууснаа “Нурууны голд байдаг зөөлөн мөгөөрс нь бяцраад мэдрэлээ дарсан байж магадгүй. Нэг давхарт очоод 17 мянган төгрөгөөр дижитал зураг авахуулчихаад хүрээд ир. Тэгэхдээ Дижитал зураг бараг мэдэгдэхгүй л болов уу. Юу ч гэсэн авахуулчихаад ир” гэв. Нуруун дээр минь дарж үзэх нь байтугай хаана чинь өвдөөд байна гэж нурууг минь үзээгүй байж ингэж мундаг оншилсон эмчээс “Би Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй. Үнэгүй авдаггүй юм уу” гэхэд “Үгүй ээ. Хэрвээ дижиталаар авахуулсан зураг чинь мэдэгдэхгүй бол 170 мянган төгрөгөөр нарийвчлалтай зураг авахуулсан нь дээр. Чи Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй бол манайх 150 мянган төгрөгөөр авна” гээд жижиг цаасан Дижитал R шинжилгээ хийлгэх гэсэн юм бичиж өгсөн. Дижитал рентген зураг авдаг өрөөний үүдэнд очтол дугаарлалт маш их байв. Цаг гаруй зогслоо. Дугаарлалт яг хэвээрээ. Ерөнхийдөө нуруу нугас, толгой тархиа эмчид үзүүлэхээр ирсэн бүх хүн 17 мянган төгрөгөөр дижитал рентген зураг авахуулж байгаа бололтой юм. Аливаа хүний онош мэдэгдэхгүйг мэдсээр байж 17 мянган төгрөгийн ханштай зураг авахуул гэж буй нь хүний өвчнөөр бизнес хийж байгаа хэрэг биш гэж үү. Хүний урамд нуруун дээр  минь дарж үзээд зураг авахуул гэсэн бол арай л өөр. Аль эсвэл манай эмч нар зайнаас оношлох эрдэм мэдлэгтэй болчихсон юм болов уу.

Хүний өвчин зовлонгоор бизнес хийж буй тохиолдол ганц энэ биш. Миний нэг танилын хамар нь битүүрч нүднээс нь нулимс гоожоод байхаар нь Арьс, өвчин судлалын төвд үзүүлсэн гэсэн. Тэрбээр бас л Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй. Түүнээс оношилж, сорил тавина гэх нэрийдлээр 10 мянган төгрөг хураан авсан  байгаа юм. Эмчийн өрөөнд орж ямар зовиур байгаагаа хэлэхэд “Аан, ургамлын харшил л байна” гэж хэлээд нэлээд хэдэн харшлын эм бичиж өгсөн гэсэн. Уг нь оношилж, сорил тавина гэж 10 мянган төгрөг хурааж авчихаад сорил тавьсан ч юм байхгүй нөгөө л зайнаас оношлох аргыг хэрэглэсэн байгаа юм. Уг нь бид Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хэвтэн эмчлүүлэх болон амбулаторын тусламж, үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, өдрөөр эмчлэх тусламж, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй  шаардлагатай эмийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Гэвч бодит байдал дээр эм бичихдээ 10 мянган төгрөг, зураг авахуулах ямар ч шаардлагагүй байж тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа юм. Хүмүүс өвчин зовлон гэхээр ямар мөнгө харамлах биш дээ. Бичиж өгсөн эм, хэлсэн төлбөр тооцоог нь төлчихдөг болохоор зайнаас оношлогч нар бизнес хийх юм даа.

Ж.Баттуул

zuunii medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих