Хүн амын тооллогууд дахь “Хүний нэр”-ний тухайд

Аливаа улс үндэстэн бүр өөрийн газар нутаг, хэл, соёл, зан заншил, улс төр, эдийн засгийн хувьд тусгаар тогтносон ард түмнийг бид улс гэж ойлгодог. Тэгвэл улс орны гол үндэс нь ард түмэн өөрсдөө юм. Ийм ч учраас ямарч улс орон өөрийн ард түмнийхээ хүн ам зүйг судлаж тоолж өөрсдийн хүч нөөцөө тодорхойлсоор ирсэн билээ.
Тэгвэл манай улсын хувьд хүн амын тооллого системтэйгээр хийгдсэн анхных нь 1918 онд явагдсан байна. Үүнээс хойш Монгол улсын хүн амын нэгдсэн тооллогыг 1922-1929, 1933, 1944, 1947, 1956 ондуудад тус тус хийсэн бөгөөд үүнээс өмнө Манжийн ноёрхолын үед хошуудад цэрэг эрийн бүртгэл буюу төөлүүүр данс гэх хүн амаа тоолсон баримт нь одоо Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж  байна.
Хүн ам, хөрөнгийн тооллогууд нь тухайн тухайн цаг үеийнхээ хүн ам зүйн тоо баримт, хүйсийн тэгш эрх буюу жендер, насжилт, нийгмийн бүтэц, хүний нэр, овог, эдийн засаг гэх мэт олон сонирхолтой мэдээллийг агуулж байдаг.
Иймээс хүн амын тооллогод бүртгүүлсэн зарим хүний нэрний тухай болон овог нэрийн тухай өгүүлэхийг зорилоо.
Хүн бүр аав ээжээс хайрласан дуудах нэртэй байдаг. Эдгээр нэрс нь тухайн цаг үе болоод нийгмийн сэтгэл зүй, сүсэг бишрэлийг өөртөө агуулсан байдаг. Хүн амын тооллогуудаас үзэхэд  Монголчуудын хувьд
•    Монгол
•    Түвэд
•    Орос  гэсэн гурван үндэстний  нэрийг үр хүүхдүүддээ өгдөг байсан нь ажиглагддаг.
Үүн дотроос Түвэд нэр ихэнх хувийг эзэлж байна. Үүнийг монголд шарын шашин дэлгэрч энэ шашныг шүтэн бишэрч ирсэн цаг үеэс эхлэн тайлбарлаж болох юм. Монголд шарын шашин дэлгэрснээр олон сүм хийд баригдаж үүнийг тойрсон  хот суурингууд бий болж, Түвэд, Санскрит хэл мэддэг монгол лам нар олширч энэ хэлээр ном зохиол бичих ном барлах, бурхан урлах зэрэг буддын шашны соёлын нөлөө хүчтэй дэлгэрсэн нь сүсэгтэн олон үр хүүхэддээ лам багш, хутагт, хувилгаадаас нэр авах, мөн  түвэд нэр сонгон өгөх явдал түгээмэл болсонтой холбон  тайлбарлаж  болох юм.


Орос нэрний тухайд гэвэл 1929, 1933 оны тооллогуудаас илүү 1956 оны хүн амын тооллогод илүү түгээмэл ажиглагддаг. Энэ нь 1921 он Үндэсний ардчилсан хувьсгал ялж, Оросын нөлөөгөөр янз бүрийн үйлдвэр, артель, нөхөрлөл, хамтрал, , хоршоолол хөгжиж Монголд ажилчин ангийн  шинэ давхраа бий болж тэдгээрийн  эрх ашгийг тэргүүнд тавьсан социализм, комунизмын үзэл суртал хүчтэй нэвтэрч  орос үг, орос нэр,  Монгол хүмүүсийн нэрэнд төдийгүй бичиг соёлд гүнзгий нэвтэрсэн байдаг. Эдгээр үгс нь аажимдаа Монгол хэлэнд уусан нэвчиж монгол үг мэт хэрэглэгдэх болжээ. Жишээ нь машин, телевизор, радио, яблоки, морожен гэх мэт, хүнийн нэрэнд Сталин, Сэсээр,/СССР/, Александр, Нина, Индра, Коля гэх мэт олон орос үг,  орос нэртэй хүмүүсийн цөөнгүйг бид мэднэ. Тэгвэл  1933 тооллогоос илүү 1956 оны тоологод орос нэр нилээд түгээмэл ажиглагддаг ба  эдгээр  орос нэртэй  хүмүүсийн ихэнх нь 16-17 наснаас доош байгаа нь  бас нэгэн  жишээ байж  болох юм.
Тэгвэл Монгол нэрний тухайд цаг үе болон  бүсийн ялгаа  байдаг нь харагддаг Жишээ нь:  Баруун Монголчуудын   хувьд эртний шинжтэй нэр өгч байгаа  тохиолдол нь зүүн бүсийн болон төвийн бүсийн ард түмнээс илүү байдаг. Үүнээс дурдвал Увс аймгийн Сагил сумын хүн амын тооллогод Моголцог, Онч, Хасаг, Увш, Харүрэн, Мулцаг, Буйлаг, Зулаг, Илтэй, Журга, Үэжин, Идэш. Мөн аймгийн Түргэн сумын тооллогот Нингар, Хасуу, Жуталдай, Моголцог, Хөлөг, Гөлөм, Хөхөлдай, Хүлтэй, Чулуудай, Анжгай. Мөн аймгийн Бөхмөрөн сумын тооллогод Эргүүн, Харжаа, Огсог, Хүлгээ, Журай, Үрхай, Хатуу, Хадаасан, Мугал, Хүлтай гэх мэт олон нэрийг харж болно. Хүн амын тооллого хойшлох тусам хүний нэр нь орчин үеийн шинжтэй болж, мөн нэг гэр бүлийн ах дүүс нарыг илэрхийлсэн нэрний адилсал түгээмэл ажиглагддаг. Жишээ нь Батсүх, Батсуурь, Батдэлгэр гэх мэт тэгвэл 2000 оны хүн амын тооллогод Тэмүжин, Тэмүүлэн, Хасар, Есүй, Есүгэн, Анужин, Хулан гэх мэт түүхэн хаад, хатад, баатаруудын  нэр тохиолдож байгаа нь 1990 оноос хойш ардчилсан нийгэмд шилжин орж судлаачид ямар нэгэн үзэл сурталд баригдалгүй түүхийг бодитоор бичиж ард иргэдэд таниулснаар Мснголчуудын үндэсний үзэл сэргэсэн нь түүхэн хүмүүсийн нэрээр нэрлэх явдал түгээмэл болж байгаагаар тайлбарлаж  болно.

Овог нэрийн тухайд: 1929, 1933. 1944. 1947, 1956 ондуудын хүн амын тооллогуудын өрхийн тэргүүлэгчдийн нэр болон түүний ам бүлийн гишүүдийн овог нэрийг бүртгэхдээ.
•    Эцгээр  овоглох
•    Эхээр  овоглох
•    Эхийн эцгээр овоглох
•    Ахаар  овоглох
•    Бутачаар овоглох
•    Нөхрөөр   овоглох
•    Нөхрийн эцгээр овоглох зэргээр  бүртгэсэн байна.


1927,1929,1933 оны хүн амын тооллогод Бутач гэсэн нэрээр овоглсон элбэг байдаг бол 1956 оны тооллого болон сүүл үеийн тооллогуудад Бутач гэсэн нэр бараг тохиолддоггүй энэ нь нийгмийн сэтгэл зүйн хөгжлөө дагаад алга болсон бололтой.
1922, 1925, 1927, 1933, 1944, 1947, 1956 онуудад явагдсан хүн амын тооллогууд дахь асуулгууд нь тухайн үеийнхээ нийгмийн  давхраа янз бүрийн үзэл суртлыг илэрхийлж байдаг. 1922-1933 оны тооллогуудад “лам” гэсэн нийгмийн анги давхраа  байсан бол 1944-1956 онын тооллогуудад лам гэсэн нийгмийн давхраа үгүй болсноор тус  категори байхгүй болсон байна. Харин ажилчин, албан хаагч нарийн мэргэжил тусгасан асуулгууд их байгаа нь лам гэсэн анги давхраа устаж оронд ажилчин анги гэсэн цоо  шинэ давхраа түрэн гарж ирснийг харж болно. Үүнтэй уялдаад хүний нэрэнд тодорхой өөрчлөлтүүд гарч шинэ утга санаа бүхий нэрүүд бий болсон ажгуу.

Хүний нэр гэдэг нь тухайн улс орны зан заншил, шүтлэг бишрэл, хэл соёлын өвөрмөц утга, нийгмийн сэтгэл зүйн хөгжлийг илэрхийлэгч юм. Иймээс хүмүүс бидний нэр нь нийгмийн хөгжил дэвшлээ дагаад шинэ агуулга, утга санаагаар баяжигдан нэмэгдсээр байдаг билээ.

МАН-ын Баримтын төвийн сан хөмрөгч Б.Амартүвшин

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих