“Шингэн зэвсгийн үйлдвэрлэл” манайд газар авлаа

Сүүлийн 20 жил Монгол улсад “Шингэн зэвсгийн үйлдвэрлэл” газар авч бүх насныхан энэ зэвсгээр алтан амиа алдаад байна. “Шингэн зэвсэг”-т ах дүү, эгч дүү, аав, ээж, эмээ өвөөгөө алдаагүй нэг ч гэр бүл Монголд байхгүй. Яг л дэлхийн хоёрдугаар дайнд Оросын бүх айл ямар нэг хүн дотны хүнээ дайнд алдаж байсан юм гэдэг шиг л манайд энэ эмгэнэл давтагдаж байна. Шингэн зэвсгийг дэлгүүрүүд баяртайгаар зарж байна. Энэ зэвсгийн наймаа, худалдаагаар баяжин өндөр харшид суух баячуудыг оны шилдэг, тэргүүн манлай үйлдвэрлэгч, шилдэг татвар төлөгч гэх мэтээр өөгшүүлж байна.

Энэ шингэн зэвсэг бол АРХИ. Хор хөнөөлийг нь бид хангалттай амссан атлаа юу ч хийхгүй өнгөрөөж болохгүй нь. Монголын нэгэн сайхан үе архин далайнд живж хичнээн ч уй гашууг ардаа орхив. Архины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ манайд бүүр ч гаарсан. Дунд сургуулийн сурагчдаас өтөл болсон цал буурлууд хүртэл үүнийг цай шиг хэрэглэдэг болж. Нэгэн цагт Индианчуудыг Вискигээр устгаж байсан шиг Монголчууд бие биеэ “архи” хэмээх шингэн зэвсгээр хөнөөж байна даа.

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, шилэн аяганд бүгдэд өнгийг нь харуулж байгаад “сүү” өргөснийг хэн ч мартаагүй байх. “Ёс юм чинь зүгээр ээ зүгээр” гээд тэргүүн маань архины буруу соёлд бууж өгсөнгүй. Архийг дээдэлж хүндэлж, амсах төдий хэрэглээ одоо цагт үгүй болж ус ууж байгаа юм шиг л балгадаг болжээ. Үүнийг л зогсоох гэж өөрөөсөө эхэлсэн энэ санаачлагыг бүгд дагаж мөрдөх хэрэгтэй бус уу?

Тиймд энэ цагаан сараас архины хэрэглээг багасгамаар байх юм. Архиар ашиг олж буй үйлдвэрүүдийг багасгамаар байх юм. Хямд архийг хорьж, архийг хэт өндөр үнээр, цөөн тоогоор тодорхой дэлгүүрт л зардаг байх хэрэгтэй биш үү. Мэдээж хориод эхлэхээр завсраар нь шаг маг гээд янз бүрийн л хар бараан үзэгдэл гарна. Үүнтэй хатуу тэмцэл хийж “шингэн зэвсэг нууцаар зарж борлуулдаг” явдлыг хатуу зогсоох хэрэгтэй.

Чингэс Хаан хүртэл архи Монгол хүнийг ямархуу ааш адайртай болгодгийг хараад Их засаг хуулиндаа хорьж хэрэглэхийг тушааж байсан билээ. Монголчуудад хатуу гар хэрэгтэй гэдэг, тэр хатуу гараа “шингэн зэвсэг”-тэй тэмцэхэд хэрэглэх нь зүйтэй гэж бодох юм.

Хөлчүүрхсэн Монгол эр, цээжээ дэлдэж гуниглан дуулж байх хоорондуур гэрийнх нь хамаг үнэтэй цайтай эдийг харийнхан ачаад явах нь байна. Монгол эр хүн та архиар нөхөрлөх нөхөрлөлийг цээрлэвэл, гэр бүл, үр хүүхэд, эх орноо хамгаалах, хайрлах, халамжлах ариун үүргээ нэр төртэй биелүүлэх бус уу.

Архины үйлдвэрлэлийг эс зогсоовоос архидалтын шинэ үе гарсаар л байх болно.

Сэрэгтүн, сэхээрэгтүн!

Монгол овогт Ж. Бадамдорж

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих