Дэлхийн ток шоуны хатан хаан

Энэ удаагийн “Амжилтын түүх” буландаа “ Харпо энтертайнмент групп”-ийн тэргүүн, Америкийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын дэд байр, “Форбес” сэтгүүлийн 2012 оны чансаагаар дэлхийн алдар хүндтэй 100 хүний жагсаалтын есдүгээр байрт бичигдсэн Опра Уинфрийн амьдралын түүхийн хуудсыг дэлгэлээ.

ОПРА УИНФРИЙН БАГА НАС
1954 оны нэгдүгээр сарын 26-нд Миссисипи муж улсын Костюшко хотод нэгэн охин мэндэлсэн нь Опра байв. Түүнийг ээж нь 18 настайдаа төрүүлсэн бөгөөд хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн цэргээс жирэмсэлсэн байсан гэж хожим Опра ярьсан байдаг.
Тиймээс хүсэн хүлээсэн хүүхэд нь биш ердөө л бутач хүүхэд болохоор түүнийг эмээд нь үлдээгээд ээж нь яваад өгчээ. Охиныг төрөхөд Орпа гэдэг нэр хайрлахыг хүссэн ч эх баригч эмэгтэй алдаа гаргаж хоёр үсгийн байрыг сольсноор Опра хэмээх давтагдашгүй нэрийн эзэн болсон аж.
Эмээ нь түүнийг гурван настайд нь уншиж сургаж, таван настайдаа цэцэрлэгт орж долоо хоноогүй байхдаа сургуульд элсэх хүсэлтэй байгаа тухай сургуулийн багшид захидал бичсэнээр сурагч болжээ. Чухам энд анх удаа өөрийн гутал, даашинзтай болсон байна. Нэгхэн жилийн дотор гурван жилийн сургалтын хөтөлбөрийг судалж дуусгасан ажээ.
Тэрбээр шашны номлогч болохыг мөрөөдөж байсан ч өөрийн гэх сонсогчгүй байсан тул хөдөө хээр талд ямаа, үхэр мэтийн амьтдад номлолоо уншдаг байсан гэнэ. Гэсэн ч нэг өдөр түүнд аз дайрч сүмийн мөргөлчдөд хандан “Пасхагийн өдөр Есүс тэнгэрт гарчээ” номлолоо уншсан нь цугларсан хүмүүсийн гайхширлыг төрүүлээд зогсохгүй бурхны элч буугаад ирсэн гэлтэй хүлээж авсан нь Опрад маш том урам хайрласан гэдэг.
Хэдэн жилийн дараа охин аавындаа амьдрах болжээ. Аав нь охиныхоо хэл яриаг хөгжүүлж, үгсийн санг нэмэгдүүлэхийн тулд өдөрт таван шинэ үг цээжлэх дүрэм гаргасан төдийгүй номтой нөхөрлүүлж, уншсан номоор нь зохион бичлэг хийлгэдэг байв. Эцэг нь түүний боловсролд анхаараад зогсохгүй амьдралын ухаанд хамгийн сайн сургажээ.
Ингэснээр уран илтгэгчийн аварга болж, Ерөнхийлөгч Никсонтой уулзаж, “Америкийн гарамгай залуу” шагнал хүртэл хүртсэн юм. Түүнийг 17 настайд нь “WVOL” радио станц хийн зуухыг хяналттай ажиллуулах, хүүхдүүдийг галаар тоглуулахгүй байх талаар уриалан хийсэн нэвтрүүлэгт оролцсоных нь төлөө “Галаас сэрэмжлүүлэгч мисс”-ээр өргөмжилсөн байна.
Тэрбээр энэ тухайгаа “Миний амьдралд өөрчлөлт авчирсан мөч бол яах аргагүй энэ шагнал минь байсан. Ирээдүйд ихийг бүтээх эрч хүч, итгэл үнэмшлийг давхар хайрласан” хэмээн дурссан байдаг. Энэ үеэс эхлэн тэр олон тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө нээж эхэлсэн байна.
“ОД ХҮН ӨӨРӨӨ Л ГЭРЭЛТДЭГ. СУПЕР ОД БОЛ ОЙР ТОЙРНЫХНОО ХАМТ ГЭРЭЛТҮҮЛДЭГ”
Удалгүй тэр “ Эй-Би-Си” телевизийн орон нутгийн салбарт мэдээний нэвтрүүлэгчээр орж, төдөлгүй тус телевизийн Балтимор дахь салбарт сурвалжлагч, мэдээний хоёрдугаар нэвтрүүлэгч болов. Гэвч түүнийг эфирт гарахтай зэрэгцэн олон санал шүүмжлэл өрнөсөн байна.
Арзгар үстэй, өргөн хамартай, давхар эрүүтэйгээс гадна сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй зэрэг шүүмжлэл хөвөрчээ. Энэ бүхний эцэст түүнийг “Өглөөний ток шоу”-ны нэвтрүүлэг рүү шилжүүлсэн аж. Азаар ток шоу түүнийг алдрын замд хөтөлсөн юм.
Түүний хийж буй нэвтрүүлэг илэн далангүй, чин сэтгэлийн яриагаар хөглөгдөж, шууд цацагдаж байсан нь үзэгчдийн анхаарлыг бүрэн татлаа. Тухайн үеэс л Опра Уинфрийн чин сэтгэлийн халуун яриа, ний нуугүй ток шоу цэнхэр дэлгэцээр ноёлж эхлэв. Түүний ток шоунд оролцсон хэд хэдэн зохиолч урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр алдаршсан юм.
Мариана Уильямсоны “Хайр дурлалд эргэж очсон нь” роман шоуны маргааш л 35 мянган хувь борлогдсон нь номын бизнест анхдагч боллоо. Үүний зэрэгцээ тэр кино ертөнцөд өөрийн гэсэн дүрийг мөнхөлж чадсан юм. Түүний анхны бүтээсэн дүр бол София хэмээх туслах дүр байж.
“Час улаан туг” романаас сэдэвлэн бүтээсэн уг кино Опрад “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авчирсан билээ. Энэ бол 1985 он байв. Харин 1986 онд Ричард Райтийн “Индиан хүний хүү” киноны гол дүрийн ээжийн дүрд тогложээ.
32 настай, хүүхэдгүй тэрбээр энэ дүрийг санасандаа хүртэл бүтээж чадсангүй. Тиймээс түүний тоглосон эл кино дэлгэцэнд гараагүй юм. Гэхдээ кинонд тоглосноор Опрагийн шоунуудын нэр хүнд асар их өссөн гэдэг. 1988 онд тэрбээр “Харпо” компанийг үүсгэн байгуулав. Түүний нэрийг араас нь уншихад компанийх нь нэр болдог.
Тэрбээр 20 сая ам.доллараар 9000 хавтгай дөрвөлжин метр бүхий талбайтай кино студийг худалдан авсан байна. 1993 он гэхэд түүний хувийн орлого 98 сая ам.долларт хүрч, улмаар 1997 онд 110 ам.сая доллар болсон аж. Энэ үед Опра 100 гаруй ажилчинтай болсон байлаа.
“Харпо” кино студи гол төлөв нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн телевизийн нэвтрүүлгүүдийг бэлтгэдэг байсан юм. Эдгээрийг олж авахын тулд өөрийн гоо сайхандаа анхаарч, нийгэмд арьс өнгөний эсэргүүцэлтэй тулгарч байсан ч бүгдийг нь даван туулж чадсан нь түүний амьдралын бахархал.
Одоо тэр өөрийн гэсэн телевизийн сувагтай, номын клуб, радио, цуврал нийтлэл, буяны үйлсэд зориулах өглөгийн сантай, нэг удаагийн шоу нэвтрүүлэг нь 48 сая гаруй үзэгчтэй гээд тоочоод баршгүй олон баялгийн эзэн болжээ. Опра Уинфри “Би үзэгчдийнхээ багш нь байж, тэдгээрийн амьдралыг хөнгөвчлөхийг хүсдэг” гэж хэлэх дуртай.
Нэгэн цагт домогт сагсан бөмбөгч Майкл Жордан түүний ток шоунд оролцохдоо “Од хүн өөрөө л гэрэлтдэг. Супер од бол ойр тойрныхноо хамт гэрэлтүүлдэг” хэмээн ярьсан юм. Тэрбээр энэ үгээ “Опрад зориуллаа” гэж хаяглаагүй ч энэ цаг дор Опра Уинфрид үнэнхүү зохицно.
Р.ОЮУНГОО

URL:

Сэтгэгдэл бичих