Азын дугаар шүтэх сэтгэцийн эмгэгийг хэн гуай нь хянах вэ

Хэзээнээс үнэтэй чамин юманд дуртай, аливааг бэлэгшээдэг манайхны зан тоог үнэд оруулснаар нэлээд хугацааг үдлээ. Юун тоо вэ гэж үү?

Яагаав нөгөө Монголчуудын хэрэглээ болоод байгаа гар утас, машины дугаар. “ Таны нэр төрийн баталгаа утасны чинь дугаараас шалтгаална. ””9911….””  дугаар 80 саяд зарлаа, яг одоо холбоо барина уу? Холбоо барих утас 9966..“ гэсэн зар сонин эргүүлж байтал нүдэнд туслаа. Тэгээд ийм хэмжээний мөнгөтэй бол юу хийх вэ хэмээх асуултыг хэд хэдэн хүнд тавьж үзсэн юм.  Нэгэн залуу,

-“Би  байр аваад үлдсэнээр нь машин авна. За тэгээд хүүхдийнхээ боловсролд зарцуулна гээд их л зүйлийг хийж бүтээнэ дээ” гэв. Харин нэг бүсгүй “Хэрвээ яг одоо надад 80 сая төгрөг байвал өвчтэй ээжийнхээ эмчилгээнд зарцуулна” хэмээв. Энэ мэтчилэн хүмүүс янз бүрээр хариулж байлаа.

Арга ч үгүй биз дээ. Энэ хэмжээний мөнгийг жирийн иргэн хоол хүнс, хувцас хунар авах мөнгөнөөсөө хасч танан, хэдэн жил хурааж байж цуглуулна. Тэгвэл 80 саяыг инээж, эвшээлгэн суугаад л олдог хүмүүс ч бас байна. Тэдний хийдэг ажил гэвэл гурваас дөрвөн оронтой тоог төмрөн дээр товойлгон цохиод л гүйцээ. Үнийгээ хүмүүст  “шах”-аад  80 саяыг өлхөн хамж авна. Дэндүү шударга бус наймаа. Бүр энэ төрлийн ченжүүд азын болон алтан дугаар хэмээх хүмүүсийг хий хоосон хөөрөгдөж байгаад мөнгө салгана. Өнгөрсөн хавар Мобикомын 9911-тэй дугаарыг дуудлага худалдаанаас авах гэж   нэг нөхөр гурван өрөө байраа зарсан явдал ч гарсан. Одоо бүр 9911-тэй дугаарыг авдаг ломбард хүртэл байдаг болсон нь сонин.  Наян сая төгрөгөөр авсан алтан дугаар нь өдөр болгон 10 мянган төгрөгөөр  өндөглөөд байдаг бол ч бас яахав гэхсэн. Гэтэл тийм юм гэж  хаана ч байхгүй. Ердөө л хүмүүс “Яасан гоё дугаар вэ?” гэж харахаас бус өөр ямар ч ашиг гарахгүй шүү дээ. Чухамхүү бусдад гоё сайхан харагдах гэсэн энэ солиорол дээр дөрөөлөн ийм төрлийн арилжааны бүхэл бүтэн сүлжээ хэдийнээ бий болчихоод биднээр тэжээлгэн суудаг байна. Автотээврийн газрынхан болон үүрэн телефоны компаниудын азын болон алтан дугаар хэмээх энэ бизнест хэн буруутай вэ? Алинаа мэдэхгүй хий хоосон загвардаад байгаа иргэд өөрсдөө юу?  Хулхи бизнес цэцэглүүлэн иргэдийн мөнгийг сааж суудаг ченжүүд үү?  Азын дугаар шүтэх сэтгэцийн эмгэгийг улам гааруулж газар авахуулсаар байгаа энэ байдлыг ер нь хэн гуай нь хянах юм болоо.

 А.Чимгээ.Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих