МАХН-ЫГ Засгаас хөөх цаг иржээ

УИХ-ын сонгуулийн дараа санал хураалтын автомат машинтай холбоотой дуулианыг хамгийн их хөндөж байснаа Шадар сайд, Эрүүл мэндийн болон Сангийн сайдын суудлаар амаа үдүүлсэн МАХН Засгаас гарахаа зарлаж олны анхаарлыг татсан ч ичих нүүргүйгээр эргэж нэгдэв.
Засгийн хариуцлагатай албыг гал алдуулахгүй залгуулах үүрэгтэй сайдууд Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтэх, шүүхээр хэргийг нь хэлэлцэх бүрт ажил хаяж, эмнэлэг шүүхийн үүдийг сахин бүрэлдэхүүнд нь байгаа Засгийн газрынхаа эсрэг мэдэгдэл хийх болов. Хамгийн сонирхолтой нь, тэдний энэ удаа дараагийн шантаажийг Ерөнхий сайд дорвитойхон няцааж чадахгүй дүлэгнэсээр.
Шударга ёсыг өмгөөлөн хамгаалагчийн дүрд хувирч, хийх ёстой ажлаа хийдүүлэн байх зуур тус намынхны толгойлж буй Эрүүл мэндийн яам, Сангийн яамны ажил “будаа” болов. Улсын төсөв хүндэрч, өнөөдрийг хүртэл оюутнууд тэтгэмжээ, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгийн үлдэгдлээ авч чадахгүйд хүрлээ. Уг нь Засгийн газар саадгүй өгнө гэж амласан юмсан. Оны эцэс рүү татварын орлого сайн төвлөрдэг. Гэтэл Сангийн сайд Ч.Улаан улсын маань уутны амсар уруугаа харчихсан тухай байн байн мэдэгдэх болов.
Эрүүл мэндийн салбарт ч хийх ёстой шинэчлэл эзнээ хүлээн зэвэрч, ханиад томуу дэлгэрэн, ДОХ-той хүний тоо нэг нэгээр биш сампингийн эрх шиг шажигнатал тоологддог болов. Энэ бүгдэд сэтгэл тавих учиртай С.Удвал сайд намын даргынхаа эрүүл мэндэд санаа тавьж, өдөр бүр шахуу хэдэн эмчид даалгавар өгч, Н.Энхбаяр гэдэг хүний талаар мэдээлэл хийж, иргэдийг залхааж байна. Өрхийн эмнэлгээр тоож шагайдаггүй сайд Зайсангийн хорихын хаалган дээр өнжин хонож байгаагаа зурагтаар ярих. Намын даргаа уснаас хуурай гаргахыг санаархсан тус намынхны шоу цаашид улам хүчээ аван үргэлжлэх төлөвтэй. Өөр айлд хоночихоод өглөө юу ч болоогүй мэт орж ирдэг эхнэр, нөхөр шиг ийм “гэрлэлт” Засагт хэрэггүй. Тэгэхээр МАХН-ыг Засгийн газраас өшиглөж гаргах цаг иржээ.

shudarga.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих