Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг хэлэлцлээ

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан 2012 оны 12 дугаар сар 27-нд боллоо. Хуралдаанаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг хэлэлцсэнтэй  холбогдуулан дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн үлгэрчилсэн жагсаалтыг боловсруулсан байна.  Дүүргүүдийн хүн амын тооноос хамаарч төрийн үйлчилгээг хүргэх мэргэжилтний орон тоог тодорхой болгож өгчээ.

 

Тухайлбал нийслэлийн томоохон дүүрэгт тооцогдох Баянзүрх, Сонгинохайрханд 60 хүртлэх хүний орон тоог бий болгосон бол Багануур, Налайх дүүргүүдэд 35 хүртэлх төрийн  албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрийн дотор  дүүргийн Засаг дарга, нийгмийн болон хот тохижилтын асуудал эрхэлсэн хоёр орлогч дарга байхаас гадна захиргаа хуулийн хэлтэс, санхүү төрийн сан, нийгмийн хөгжил, дэд бүтэц, гэрэлтүүлэг ногоон байгуулж эрхэлсэн хэлтэс зэрэг 7 хэлтэстэй  байхаар тусгасан байна.

 

Мөн дүүргийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд харъяа 21 байгууллага байх юм байна. Үүнд ахмадын хороо, албан бус боловсролын төв, боловсролын хэлтэс, бүртгэлийн хэлтэс, биеийн тамир спортын хороо, дотоод аудитын алба, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, замын цагдаагийн тасаг, мэргэжлийн хяналтын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын хэлтэс, өмчийн харилцаа, газрын алба, статистекийн хэлтэс, соёлын төв, татварын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, худалдан авах ажиллагааны алба, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, эрүүл мэндийн нэгдэл зэрэг байгууллагууд байхаар тооцжээ.

Одоогоор нийслэл 9 дүүрэг, 152 хороотой байгаа бөгөөд дүүргүүдэд тулгамдсан асуудал олон байгаа юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлд оролцсон дүүргийн Засаг дарга нар тамгын газрын үлгэрчилсэн бүтэцтэй танилцсаны дараа хэд хэдэн саналыг хэллээ. Тхуайлбал, нийслэлд тулгамдсан асуудал олон байна. Гэр хорооллын гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргийг сайжруулах зэрэг шийдээгдээгүй төлөвлөгдсөн ажлууд олон байна.

 

Тэр болгоныг нийслэлийн Захирагчын ажлын албаар дамжуулаад байлгүйгээр дотооддоо шийдвэрлэдэг байх нь илүү чухал гэсэн саналыг дүүргийн Засаг дарга нар тавилаа.  Харин ингэхийн тулд одоо бүтцээ байгуулах асуудлыг нухацтай хэлэлцэж адил төстэй хэлтсүүдийг нэгтгэх, зайлшгүй шаардлагатай хэлтсийг шинээр бий болгох шаардлага байна гэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэл дээрээ данхайсан бүтэцтэй байж доороо ядмаг бүрэлдэхүүнтэй байж болохгүй. Нийслэл өнөөдөр 48 төрлийн 1064 үйлчилгээг иргэддээ хүргэж байна. Тиймээс төрийн үйлчилгээг иргэддээ ойр байлгахын тулд шат шатандаа ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй юм.

 

Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа энэхүү бүтэц бол зөвхөн үлгэрчилсэн загвар гэдгийг санах хэрэгтэй. Өмчийн харилцаа, газрын алба гэж нэгдсэн  бүтэц оруулж ирж байгаа нь хууль зөрчин газар олгодог асуудлыг цэгцлэх гэсэн нэг хэлбэр юм. Цаашид аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмшүүлэх гэж байгаа бол газар эзэмших эрхийг нь барилгын зөвшөөрөлтэй нь хамт өгдөг системд шижинэ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн газрыг дахин төлөвлөлтөнд оруулж, энэ газар баригдах ёстой барилга байгууламжийг барих ёстой гэсэн үүргийг газар эзэмшигч хүлээнэ гэсэн үг гэж хэллээ. Удирдалгын зөвлөл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг Нийслэлийн Засаг даргын Захирамжаар батлахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих