Үйлдвэр технологийн парк байгуулах ажилд БОНХЯамтай хамтарна

Байгаль Орчин Ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл нар хотын байгаль орчин, ногоон хөгжлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх ,хот төлөвлөлт, дэд бүтэц, барилгажилтанд ногоон хөгжлийн хандлагыг тусгах зорилгоор талууд ийнхүү  хамтран ажиллахаар болж байна.

Тухайлбал, хот байгуулалтын чиглэлээр хотын төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хотуудыг хөгжүүлэх, гэр хорооллыг инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээс хангагдсан, тохилог амины орон сууцны ногоон шийдэлтэй хотхон, хороолол болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийг хотын төвөөс нүүлгэж “Үйлдвэр технологийн парк” байгуулах ажлыг хамтран зохион байгуулах, мөн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, явган зорчигчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөнд унадаг дугуй ашиглах явдлыг дэмжин зориулалтын зам, зорчих хэсгийг бий болгох, Туул, Сэлбэ голуудын дагуу ногоон байгууламж, явган замтай тохилог дизайн шийдэл бүхий тохижуулалт хийх зэрэг ажлуудыг хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу 2013-2016 онд хийхээр болж байна.  Харин орчны бохирдолыг бууруулах чиглэлээр, аюултай  хог хаягдлыг цуглуулах, хадгалах, устгах зохистой менежментийг бий болгон төвлөрсөн устгах байгууламжийг нийслэл хот орчимд байгуулах, хог хаягдлыг ялган ангилж дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлуудыг  хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.