Мэдлэг ба нийгэм

Эртний Грекийн философич Аристотел хүн төрөхөөсөө л мэдэхийн төлөө хүсэлтэй байдаг хэмээн Метафизик зохиолоо эхлүүлсэн байдаг. Хүн ертөнцийн тухай бодож, түүнийг танин мэдэхийн төлөөх хүсэл эрмэлзлэл хүмүүсийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж ирсэн. Хүмүүс хорвоо дэлхийн тухай зөвхөн бодох биш бас сонирхох сонирхол нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүс хорвоо дэлхийг системтэйгээр судалж эхэлснээр мэдлэгийг бий болгосон юм. Мэдлэгийг цааш хөгжүүлж бас сайжруулж дараа дараагийн үедээ дамжуулах болсон. Мэдлэг үргэлж л нэмэгдэж улмаар “мэдлэгийн далай” бий болсон.

Мэдлэгийг цээжлэхдээ гол нь биш харин хэрэглэх нь чухал. Мэдлэг нь нийгэм хөгжихөд нөлөөлөх ба мөн нийгэм нь эргээд мэдлэг хөгжин, тархах бололцоо, нөхцлийг хангасан байх ёстой. Тогтвортой нийгэмд л мэдлэг тархах боломжтой бөгөөд тогтворгүй нийгэмд мэдлэг ч, үнэн ч тарах боломжгүй. Хүн мэдлэггүй байна гэдэг үнэнийг мэдээгүйтэйтэй адил бөгөөд нийгмийн үнэнийг мэдээгүй хүн амьдраагүйтэй адил. Мэдлэг тарах боломж нь хүмүүс ойролцоо бодож бас төрөөс мэдлэгийг ойлгодог, үнэлдэг болсон цагт бий болох боломжтой.

Хүн төрөлхтөн өнөөдрийн энэ хөгжил дэвшилд хүрэхийн тулд урт удаан хугацаанд, ээдрээтэй замыг туулсан. Хүн төрөлхтнийг мэдлэг түүхийн дараах дөрвөн замыг туулсан гэж үздэг бөгөөд миф буюу домог, рэлижн буюу шашин, философи ба сайэнсийн /шинжлэх ухааны гэх үе/ үе. Эртний үед хүмүүсийн хувьд бүх л ертөнц гайхамшиг ба энэ бүх зүйлийн цаана ямар нэг далдын, ид шидийн зүйл байна хэмээн итгэж урт хугацааг туулсан. Хорвоо ертөнцийн энэ л гайхамшигуудад өөр өөрийн тайлбаруудыг өгч байсан. Энэ л үед домгоор бүгдийг тайлбарлаж байсан ба тухайн үед “шинжлэх ухаан” –ы үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр домгоор юмсыг тайлбарлана гэвэл дэндүү хоцрогдол. Бүх зүйл анхнаасаа л ийм байсан цаашдаа ч ийм л байх болно гэсэн догма бол домгийн нөлөө. Энэ нь урагш хөгжин дэвшихэд хамгийн их саадтай.

Дараагийн шат нь ертөнцийн юмс үзэгдлийн цаана агуу хүч нуугдан буй бөгөөд бүгдийг харж байдаг хэмээн үнэмшдэг рэлижн буюу шашны үе. Релижн гэх ухагдахуун нь угтаа бол ганхашгүй үнэмших, бурхныг шүтэх гэсэн утгатай. Шашны үед аливаа зүйлийг танин мэдэхийн оронд бүх зүйл “танигдашгүй, мэдэгдэшгүй, тайлбарлашгүй” хэмээн номлож, бүгдийг “бурхан”зохицуулдаг. Хүн та асуухын оронд залбир харин танин мэдэх гэж оролдохын оронд шууд үнэмшихийг цаашлаад шууд шүтэхийг тулгадаг. Гэхдээ шашин хэмжээндээ байвал сайн ба нийгмийг моралын буюу ёс суртахууны хувьд тэнцвэржүүлдэг. Хэмжээндээ буй шашин нь нийгмийн үнэт зүйлийг бүрэлдүүлдэг ба морал буюу ёс суртахуунтай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Юу сайн юу муу, юу зөв ба юу буруу болохыг нийгэмд тогтоож өгдөг. Ид шид болон далдын хүчинд итгэх явдал эртний нийгэмдээ л маш их үүрэг гүйцэтгэсэн. Харин өнөөдөр хэрэггүй бөгөөд харин тус болохоосоо ус болох нь их юм. Харин шашин утгаа алдаж, шашны мундагтанууд зорилгоо мартаж эхлэвэл харин нийгэмд хор болно.

Ер нь нийгэмд шинжлэх ухаан үүргээ гүйцэтгэхээ, ролио алдсан үед шашин нэртэй мухар сүсгүүд байрыг нь эзэлж дураараа дургидаг. Нийгэм мухар сүсэгт автан үнэн ба худал, зөв ба буруу, сайн ба муугаа мэдэхээ болино төөрөлдөнө. Энэ үед лам нарт мэдэхгүй юм байхгүй, чадахгүй ч зүйл үгүй болно. Тэд анагаахын шинжлэх ухааны үүргийг гүйцэтгэж хүмүүст халуун чулуу залгиулна, мөн бусдыг зовлонгоор нь далимдуулж луйвардана. Тэд астрономийн буюу одон орныг орлон нар сарны хөдөлгөөнийг тайлбарлахыг оролдоно мөн дэлхий сүйрнэ хэмээн цуу тараана. Сүүлдээ ичгүйргүйгээр улайм цайм луйвардана, хуурна. Мэдлэггүй нийгэмд шашин нэртэй мухар сүсэг хүчээ авдаг. Жинхэнэ шашин уу эсвэл шашны нэр зүүсэн луйварчид уу гэдгийг ялгах хэрэгтэй. Өнөөдөр ч шашин хүн төрөлхтний хувьд нөлөөтэй хэвээр байна.

Харин шашны дараа философийн үе 2500 жилийн тэртээгээс эхлэлтэй. Ертөнцийг юу бүтээсэн бэ? гэсэн шашны асуултыг ертөнц юунаас бүтсэн бэ? хэмээн өөрчилж, сүсэглэхийн оронд таньж мэдэхийг уриалж эхэлсэн. Философи нь сонгодог утгаараа өрнөдөд тодруулбал Эртний Грект үүссэн. Философчид анх удаа энэ ертөнцийг танин мэдэж, тайлбарлаж эхэлсэн. Тэд төр, нийгэм цаашлаад хүний ухаан, сэтгэлийг хүртэл өөрийнхөөрөө тайлбарлаж байсан. Гэвч тэдний зарим хэт үнэнийг тараасны төлөө шийтгэгдэж байсан түүхийг бид хаа нэг газраас уншсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр нийгэм нь мэдлэгийг бас үнэнийг хорьсон байсан учраас Сократ хор ууж, Бруно шатаагдаж, Галилей шүүхээр орсон. Тэд сайны тухай, зөвын тухай, үнэний тухай асуудлыг хүний амьдралд оруулж, ойртуулж өгснөөрөө гавъяатай. Сократсаас Плато, Аристотел цаашлаад Рене Декарт, Жон Локке, Хюм, Кант, Хегел, Маркс, Хайдэггэраар өртөөлөн Сартр хүртэлх олон олон гарамгай философчид нь философийн хөгжилд цаашлаад хүн төрөлхтний оюуны түүхэнд асар их нөлөө үзүүлсэн.

Философи бол хэн ч ойлгохгүй, ойлгомжгүй зүйл биш бөгөөд харин энэ л бүх ертөнцөөс авахуулаад нийгмийн, хүний амьдралыг ойлгомжтойгоор тайлбарладаг. Философи шашинтай адил ямар нэгэн зүйлийг обьектлэн шүтдэггүй. Философчид хэзээ ч Аристотэл, Платоныг шүтдэггүй. Харин тэдний бичсэн номуудыг уншиж, судлаад шалгадаг. Шалгах, шүүмжлэх, судлах бол философчийн ажил. Философи хүн төрөлхтний мэдлэгийг чухал салбар бөгөөд өнөөдөр ч нөлөөтэй хэвээрээ л, философчид судалгаагаа хийсээр л номоо бичсээр л байна. Орчин үеийн философийн судалгаа хүний оюун руу чиглэсэн бөгөөд цаашлаад хүний ухаанд гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ философийн сонгодог сэдвүүд болох политикийн, онтологийн, эпистэмологийн цаашлаад этик, логик орхигдоогүй.

Оюуны философи хүний ухаан /нөгөө талд ухаангүй /,цаашлаад бодол, сэтгэл /Энд төсөөлөл, хүсэл, хайр болон эмоцуудыг бас/ ямар процессийн үр дүнд явагдаж байгааг мэдэхийг оролдож байна. Тодорхой амжилтанд хүрээд байна. Философчид нийгмийг мэдлэгээр гэгээрүүлж, үнэн худал, зөв бурууг ард түмэнд, төрд зөвлөж байдаг. Бодоогүй зүйлээ ярьдаггүй хүмүүс бөгөөд харин тэднийг өөрсдийгөө философич хэмээн зарладаг боддоггүй ярих хоббитнуудаас ялгах хэрэгтэй.

Философиос сайэнс буюу шинжлэх ухаан үүсэн хөгжжээ. Сайэнсийг монголчууд шинжлэх ухаан гэж орчуулдаг бөгөөд үгийн гарлын хувьд грекийн “мэдлэг” гэсэн утгатай үг юм. Аливаа зүйлийн нэрлэгээ гэдэг бол зөвхөн хоосон оноолт биш харин түүний цаана тодорхой түүх бас утга учир байдаг. Тэгэхээр сайэнсийг систэмчлэгдсэн мэдлэг хэмээн ойлгож болох юм. Өнөөдөр сайэнс буюу шинжлэх ухаан нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон бөгөөд товчоор хэлбэл хүн та шинжлэх ухааны ертөнцөд амьдарч байна. Нэг үе шинжлэх ухааны ололтыг цэргийн зориулалтаар ашиглаж байсан. Өнөөдөр хүн төрөлхтөн мэдэхийн төлөө шинжлэх ухааныг санхүүжүүлж байна. Шинжлэх ухааны судалгаа нь мэдлэг бүтээх явдал. Мэдлэг бол нийгмийн амьдралын зайлшгүй чухал эд эс.

Хүний нийгэм мэдлэгтэй болсноор чадвартай болж бас мэдлэгийг үнэлж хөгжүүлж ирснээр олон төрлийн өвчнийг устгаж, хот суурин газар бүтээн босгож, аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ба боломжийг бий болгосон. Хүмүүс мэдлэгтэй болсны ачаар эрүүл мэнд, хүнс ба энергийн асуудлаа сайжруулах бас хангах боломжтой болсон. Хүмүүс үнэндээ мэдэхгүй байсны улмаас хөнгөн зэргийн өвчнийг эмчилж чадахгүй, үргэлж хоол тэжээлийн гачигдалд орж байсан. Тэгэхээр мэдлэг л дутагдлыг арилгадаг ажээ. Платогийнхоор мэдлэг бол зүйчилсэн үнэн үнэмшил. Өөрөөр хэлбэл үнэн байснаар мэдлэг болдог бөгөөд эсрэгээрээ мэдлэг учраас л үнэн. Тэр үнэн нь батлагдаж, нотлогдсон байх ёстой. Худал, буруу зүйл хэзээ ч мэдлэг болохгүй.

Шинжлэх ухаан бол химич, физикч гэсэн өөрсдийгөө өргөмжилсөн хэдхэн хүний өмч биш бөгөөд харин ард түмэн, улс орны хамгийн чухал зүйлийн нэг. Ер нь байгаль дэлхийгээ эрчимтэй зорилготой бас төлөвлөгөөтэй судлахын тулд мөн тэрхүү судалгааг нийгэмд хэрэгтэй болгохын тулд шинжлэх ухааны судалгааг явуулдаг. Шинжлэх ухааны өөр нэг гол зорилго ард түмний мэдлэгийг нэмэгдүүлэх ба улс оронд хэрэгтэй техник технологи гаргаж авахад оршино. Тиймээс улс орнууд унивэрсити буюу их сургуулийнхаа дэргэд шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготойгоор судалгааны хүрээлэнгүүд байгуулж ажиллуулдаг. Үүний эцсийн зорилго нь ард түмнээ гэгээрүүлж, амидралд тус дэм үзүүлэх л зорилготой. Шинжлэх ухааны ажилтуудын зорилго бол хорвоод хосгүй “супернэгдлийн онол” биччихээд түүнийхээ шагналыг нь хүлээх биш харин олон арван жил уйгагүй, үнэнчээр зүтгэсний үр дүнд олж авсан мэдлэгийг ард түмэн, эх орныхоо хөгжилд зориулахдаа л байдаг.

800-аад жилийн тэртээ биднийг дэлхийн талыг эзлэх гээд байлдаж байхад европын орнуудад мэдлэг олгох зорилготойгоор анхны Их Сургуулиуд байгуулагдсан байдаг. Өнөөдөр Их Сургууль дэлхийн нийтийн стандарттай болоод байна. Их Сургууль д бол мэдлэгийн ордон бөгөөд энд оюутан хүн мэдлэг эзэмших зорилготой. Их Сургуулийн зорилго залуу үеээ мэдлэгжүүлэх ба хүмүүнжүүлэхэд чиглэх ёстой. Тэднийг бие дааж бодож, сэтгэж, ажиллаж, бүтээж бас бие дааж шийдэх чадвартай болгох нь Их Сургуулийн үүрэг. Мэдлэгтэй хүмүүс байна гэдэг улс орон хөгжихын үндэс. Их Сургуулийг дагаж мэдлэг ирдэг ба мэдлэгийг дагаж хөгжил ирдэг. Их Сургуулийн дипломтнууд олширсон ч нийгэм хөгжихгүй байвал харин эргэлзэх ёстой. Буруу мэдлэгтэй хүн буруу л хийнэ, дутуу мэдлэгтэй хүн дутуу л хийх ба алдаатай мэдлэгтэй хүн алдана. Мэдлэг эзэмшинэ гэдэг зөвхөн нэг өдрийн, нэг сарын хугацаанд гүйцэтгэх ажил биш. Хугацаа хэрэгтэй.

Их Сургууль бол үргэлж сайжирч байх ёстой газар. Аливаа хүнд мэдлэг эзэмших боломж нээлттэй ба чөлөөтэй байх ёстой. Мэдлэг бол бүгдэд чөлөөтэй ба хүртээлтэй үнэт зүйл. Үүнийг л аль ч нийгмүүд улс төрийн ямар ч шатанд байсан эрхэмлэх ёстой. Мэдлэг мөн л өөрчлөгдөж, хөгжиж байх ёстой. Ном сэтгүүл ба лэкцийн материалууд үргэлж орчин үеийн шинжлэх ухааны мэдээллүүдээр шинэчлэгдэх ёстой байдаг. Энэ бол зайлшгүй ба гарцаагүй. Хэрэв 10,20 жилийн өмнө зааж байснаа шинэчлээгүй давтаад байгаа бол энэ хөгжил биш хоцрогдол.

Шинжлэх ухааны хөгжил нь тухайн улс орны хөгжлийг сайжруулдаг. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нийгэмд, улс оронд ашигтай техник технологи боловсруулахад чиглэсэн судалгаа явуулдаг ба төрөөс үүнийг дэмжин санхүүжилт үзүүлдэг. Шинжлэх Ухааны байгууллагууд нь төрөөс ард түмний мөнгөөр санхүүждэг учраас жил бүр хийсэн ажлаа тогтмол тайлагнах үүрэгтэй байдаг.

Эцэст нь аливаа зүйлийн нэр ба бодит байдлыг сайн ялгах хэрэгтэй ба нэрийг нь харчихаад тухайн зүйлийг байна хэмээн ойлгож болохгүй. Монгол шинжлэх ухааны хүрээлэн нэртэй газрууд байгаа ч ямар ч ашигт үйлийн коэффицэнтгүй газрууд байна. Ард түмний мөнгийг салхинд хийсгэж, халаасандаа хийдэг хүмүүсийн орогнодог газар. Бас ажлаа хийдэггүй, зорилгоо мэддэггүй хүмүүс. Тэд ажлаа хийхгүй байгаа учраас нийгэм юу сайн, юу зөв, юу буруу, юу худал, юу үнэнээ ч мэдэхгүй дураа дагасан дурын нийгэм болоод байна.

Монголд соён гэгээрэл үгүйлэгдсээр. Гэвч хэн соён гэгээрүүлэх вэ? Хүн та өөрийнхөө ухаанаар бодох зоригтой байгаа ч хэмээн Германы философч Кант хэлсэн байдаг. Хүн бүр бодох ёстой ба таны бодлыг хэн ч хорих ёсгүй.Аливаа зүйлд шууд итгэхээсээ илүү араас нь байнга асууж байх хэрэгтэй. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг газар авч хүмүүс эмнэлэг рүү биш гандан луу гүйн эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирсоор. Зарим хүмүүс амьдралаа балалсаар. Мэдлэгтэй байсан бол хүмүүс ингэж бусдын боол болж зальдуулахгүй шүү дээ. Тиймээс өнөөдөр Монгол орон мэдлэгжих, боловсрох шаардлагатай болжээ. Тиймээс ШУА болон Их Сургуулиудад том шинэчлэлтийг хийх цаг иржээ.

ЦАГ ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих