М.Ганбаатар: Газар чөлөөлөх ажлыг захиргааны аргаар шийдэхийг үгүйсгэхгүй

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгж саяхан байгуулагдсан. Тус нэгж долдугаар хорооллыг барилгажуулах ажлыг зохион байгуулан, иргэдтэй хамтран ажиллаж, гэрээ хийх юм. Удахгүй шинэ хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай ярилцлаа.

-Төслийн нэгж ямар байдлаар ажиллах вэ?
-Юун түрүүнд хот төлөвлөлтөд суурилсан судалгааны ажлууд хийлээ. Газар чөлөөлөхөөс илүү тэнд байгаа оршин суугчдыг орон сууцжуулахыг зорьж байна. Мөн 32-ийн тойрогт төслийн нэгжийн төвөө байгуулж байна. Энэ төвд долдугаар хороололд багтах IX, X, XI хорооны иргэд ирж уулзаад нийслэлийн ЗДТГ-аас тавьж байгаа саналтай танилцах юм. Бидний зүгээс тавьж буй бодлоготой санал нийлбэл орон сууцанд орох гэрээ байгуулах боломжоор хангана. Эсвэл бидний санал болгосон мөнгийг авч болно.

-Харин 40-50 сая төгрөгийг хангалтгүй байна гэх хандлага гарч байгаа?
-Ер нь аль, аль талдаа уян хатан шийдэхийг эрмэлзэж байна. 40-50 сая төгрөг бол зах зээлийн ханш. Магадгүй өндөр ханшдаа ч тооцогдоно. Ер нь зах зээлийн ханшаас доогуур үнэ санал болгохгүй. Иргэдэд ашигтай байх тэр боломжийг л судалж байна.

-Та нарын саналыг хүлээн авахгүй бол эдийн засгийн аргаар асуудалд хандах уу?
-Болж өгвөл иргэдэд ашигтай байдлыг санал болгоно гэж л хэлэх байна. Гэхдээ хэтэрхий өндөр үнэ нэхсэн, боломжгүй ханш тогтоогоод байгаа хүмүүст бид “Заавал газраа чөлөөл” гэж шаардахгүй. Хэсэгтээ зөнд нь орхино. Аажимдаа тэр иргэд нь тороод үлдэх байх. Харин түүний дараа захиргааны аргаар шийдэхэд хүрэхийг үгүйсгэхгүй.

-Ажиглаад байхад өмчилсөн газартаа бизнес эрхэлдэг иргэд л нэлээд эсэргүүцэж байх шиг. Тухайлбал, авто засварын газар ажиллуулж байгаа хүмүүс байна?
-Долдугаар хорооллыг орон сууцжуулах ерөнхий төлөвлөгөө гарчихсан. Түүний дагуу л ажиллана. Харин дугуй засварт зориулж шинээр дугуй засварын газар төлөвлөнө гэсэн асуудал байхгүй.

-Оршин суугчид ямар хандлагатай байгааг судалсан уу. Газар чөлөөлөх ажил шат дараатайгаар явах байх. Тийм үү?
-Түрүүнд хэлсэн шүү дээ. “Манай төслийн хэсэг 32-ын тойрогт төвөө нээж байгаа” гэж. Тус төвд иргэд хүрч ирээд бидэнд саналаа илэрхийлж болно. Гэрээ, хэлцлээ ч тэнд хийнэ. Мөн нийслэлийн 3ДТГ-аас энэ ажилд зохицуулалт хийх зөвлөл байгуулагдаж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн удирдах зөвлөл гэсэн нэртэй байх юм. Энэ зөвлөл иргэдийн тавьсан саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ер нь бид зах зээлийн шаардлагын дагуу саналаа тавина. Бодит байдлаас хол хөндий, аль нэг талд үйлчилсэн санал гарахгүй болов уу. Тэгээд ч нэлээд судалгаатай хандаж байгаа.

-Зарим айл нийлж барилгын компаниа сонгон өөрсдөө орон сууц барьж эхлэх талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ боломжтой юу?
-Нийслэлийн ЗДТГ-тай уялдахгүйгээр орон сууц барих боломжгүй. Барилаа гэхэд дулаан цахилгаан дэд бүтэцээ хэрхэн шийдвэрлэх юм бэ. Нийслэлийн  ЗДТГ-тай  холбоотой ажиллаж, газраа чөлөөлж, саналаа дахин тавьж байж л орон сууц барих талаар шийднэ. Үнэхээр хэд хэдэн айл хашаагаа нийлүүлээд орон сууцжуулаад байх юм бол бид энд ингэж бодлого, төлөвлөлт ярих шаардлагагүй. Тиймэрхүү зүйл ярьж байсан хүмүүс Гандангийн дэнжийг өнөөдрийг хүртэл барилгажуулаагүй л байна шүү дээ.

-Зураг төсөлтэй нь танилцаад энэ хорооллыг хэрхэн төсөөлөх болов?
-Ойрын таван жилийн дотор энэ газар хотын шинэ төв болно. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн амаргүй ажил байх болов уу. Энэ бол 40-50 мянган иргэнийг орон сууцжуулах томоохон хэмжээний төсөл шүү дээ. Харин дараа нь жинхэнэ утгаараа төлөвлөлт шийдлийн хувьд шинэлэг байж чадах байх. Барууны орнуудад байдаг шиг нэг урсгалтай зам, байшин барилга, цэцэрлэгт хүрээлэнтэй байх юм. Одоо ажил эхэлж байна. Хэвлэлүүдээр “Хотын дарга 20 тэрбумыг халааслаад ажилдаа гарлаа” гэсэн утгатай мэдээллүүд гарсан байсан. Бодит байдал дээр бүх юм нээлттэй байх юм шүү дээ. Хэдэн хүнтэй гэрээ хийсэн, хэдэн төгрөг зарцуулж байна гээд мэдээлэл ил тод байна. Угаасаа ч нуугаад байх шаардлага байхгүй.

-Одоо оффист тань очиход ажиллаад эхэлчихсэн байгаа юу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд төвхнөж байгаа. Одоо бага зэрэг тохижилтын ажил хийгээд энэ долоо хоногт албан ёсоор нээж, иргэдийг хүлээн авч эхэлнэ.

Т.Есөн-Эрдэнэ

Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих