Монгол эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийнэ

Монгол эмч нар эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2013 оноос өдөр тутмын хагалгааны төлөвлөгөөндөө оруулахаар төлөвлөжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нар өнгөрсөн хугацаанд гадны мэргэжилтнүүдтэй хамтран төсөл хөтөлбөрийн дагуу хийж байсан бол энэ жилээс ийнхүү бие даан хийхээр болов. Эрхтэн шилжүүлэн суулгах, хагалгааны дараах эмчилгээг эх орондоо нутагшуулах эмч нарын багийн ажлыг төрөөс дэмжин энэ жилдээ 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн энэ жил нойр булчирхай, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эмч нар бие даан хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг долоон хүнд, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 10 хүнд хийсэн нь амжилттай болжээ.

Тэгэхээр монголчууд эрхтэн шилжүүлэн сулгуулахаар хилийн чанадыг зорих шаардлагагүй болсон нь таатай хэрэг. Харин эрхтэн шилжүүлэн сулгах мэс заслын нөхцөл, төсөв хөрөнгө шийдэгдсэн ч нэг бэрхшээлтэй асуудал байгаа гэнэ. Энэ нь эрхтэний донорыг олж авах асуудал гэдгийг эмч нар онцолж байна.

Одоогийн байдлаар манай улсад ураг төрөл, хамаатан садан хүмүүс л тухайн хүний донор болох эрх зүйн зохицуулалттай. Цаашдаа эрхтэний донорын тухай хуультай болох шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Д.Өлзий

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих