САРКОЗИ ДОР ХАЯЖ 50 САЯ ЕВРОГ КАДДАФАГААС АВЧЭЭ

Муаммар Каддафагийн дэглэм нь Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж байсан болохыг Ливи болон Франц улсын хооронд зуучлагч хийж асан Ливаны бизнесмэн Зиад Такиеддин нотолсон байна. Такиеддин нь өнгөрсөн 12 дугаар сарын 19-нд нууцаар зэр зэвсэг худалдаалж байсан хэргийн талаар шүүгчтэй ярилцах үедээ энэ талаар мэдэгджээ. Үүнийгээ тэрбээр энэ сарын 2-ны өдөр “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагаараа дахин нотолжээ.
Тэрбээр Ливийн удирдагч асан Саркозигийн 2006-2007 оны сонгуулийн кампанит ажилд нь мөнгө гарган өгч байсныг нотлох баримтуудыг шүүгчид гаргаж өгөхөө амласан байна. Түүнээс гадна сонгуулиас хойш ч санхүүжилт зогсоогүй болохыг Такиеддин нотолж байгаа юм. Триполиос үзүүлж байсан санхүүгийн тусламж нь нийтдээ 50 сая евро хүрсэн аж.
Түүнчлэн 2006-2007 онуудад тэр үеийн Каддафигийн зөвлөх Башир Салех болон Саркозигийн аппаратын удирдагч, тэр үеийн Дотоод хэргийн сайд Клод Геан нар хэд хэдэн уулзсан талаар ярьсан байна. Дээрх уулзалтуудын талаар Салех Триполид бичгээр илтгэж байжээ. Одоо түүний дээрх тайлангууд нь саяхан Францаас Ливид хүргэгдсэн ирсэн тэр үеийн Ливийн Ерөнхий сайд асан Багдади аль-Махмудид байгаа аж.
Түүнчлэн Ливаны бизнесмэн Каддафигийн засгийн газар болон францын гурван ч компанитай байгуулсан нийтдээ 100 сая еврогийн хуурамч гэрээнүүдийн талаар өгүүлсэн байна. 2011 оны 9 дүгээр сарын 1-нд Ливийн хувьсгалын 40 жилийн ойг тэмдэглэх үеэр францын компаниуд тусалсан талаар дээрх гэрээнд албан ёсоор тэмдэглэсэн байдаг аж. Гэвч үнэн хэрэг дээрээ тэд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй гэнэ.
Саркози нь Каддафигаас мөнгө авч байсан талаарх цуурхал нь анх 2011 оны 3 дугаар сард гарсан билээ. Тэр үед Саркози түүний гэр бүлээс 50 сая евро авсан хэмээн Каддафигийн хүү Сейф аль-Ислам зарласан байдаг. Үүнээс нэг жилийн дараа 2012 оны 3 дугаар сард “Mediapart” сайт үүнийг нотолсон баримтыг нийтэлсэн байна. Харин Саркози энэ бүхнийг няцаасан байдаг.
Хожим нь Ливийн Ерөнхий сайд асан Багдади аль-Махмудигийн өмгөөлөгч нь Каддафи Саркозид мөнгө өгч байсныг нотолсон байдаг. Дээрх бүх мэдээлэлд 50 сая евро гэсэн тоо байнга давтагдаж иржээ. Үүнтэй холбогдуулан Францын прокурорын газар 2006-2007 оны Саркозигийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилтийг шалгаж эхэлсэн байна.
С.Амар


URL:

Сэтгэгдэл бичих