“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулгантай холбоотой анхны хэвлэлийн бага хурал боллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”  чуулган сэдвээр “Иргэний танхим”-д хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэлэхдээ “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган энэ сарын 14,15-нд төрийн ордонд болно. Энэ үеэр 15 салбар хуралдаан болж, шүүх эрх мэдэлтэй холбоотой олон тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Хууль хамгаалах болон шүүх эрх мэдлийн бүх байгууллага Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, прокурорын газар, өмгөөлөл, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, цагдаа, мөрдөн байцаах газар, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн болон иргэдийн төлөөлөл оролцоно.

Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурор, цагдаа, мөрдөн байцаах байгууллагын ажиллагаа, шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн сонгон шалгаруулалт, ял шийтгэл, шүүхийн шийдвэр биелүүлэх, хохирогч, гэрчийн эрхийн хамгаалалт, шүүхийн ил тод байдал, шүүгчийн хариуцлага, иргэдийн эрх зүйн боловсрол гэх мэт олон асуудал хэлэлцэнэ. Энэ чуулган урьд өмнө болж байсан хурал, зөвлөлгөөнөөс онцлогтой. Тодорхой асуудлыг бүх өнцгөөс харна. Хуулиар олгогдсон миний эрхийг хамгаалахад ямар шүүх хэрэгтэй юм. Шударга, хараат бус шүүхтэй болоход юу саад болж байна. Түүнийг шийдэх ямар гарцууд байна. Энэ бүх асуудлыг ярьж, санал, зөвлөмж, шийдвэрийн төслүүд гарч ирэх юм. Тиймээс их ажил хэрэгч чуулган болно. Чуулганы дараа хэлэлцсэн асуудлуудаар холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх талаар төсвөөс болон төслийн шугамаар хөрөнгө оруулалт хийж, урт хугацааны ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр үндэсний чуулган их ажлын эхлэл болно гэж хэлмээр байна. Сайн шуух байж болно. Шүүхийн өмнө хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурортой холбоотой олон асуудал байдаг. Шүүх дээр хэрэг маргаан эхэлсний дараа маш сайхан шийдвэр гарлаа гэхэд тэр нь хэрэгждэггүй. Иргэн, захиргааны хэргийн маргаанаар гаргасан шийдвэрийн биелэлт 53 хувьтай гэж гарсан байна. Энэ нь бараг  хоёр шийдвэр тутмын нэг нь биелэгддэггүй гэсэн үг.

Үндэсний чуулганд бэлтгэх явцад бизнесийнхэн, төрийн бус байгууллагынхан, ард иргэдтэй  уулзаж явахад олон хүн “Монголын шүүхийн шийдвэр бол бараг дурсгалын бичигтэй адилхан. Сайхан шийдвэр гаргадаг, тэр нь биелдэггүй” гэж хэлж байна. Энэ бол шударга шүүх, шударга ёс хэрэгтэй гэсэн хүлээлт нийгэмд бий болсныг хэлж байна. Тиймээс энэ асуудлыг сонирхож байгаа болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог бүх байгууллага хоёр өдөр идэвхтэй ажиллаж хуралдана. Энэ тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ард иргэдийн сонорт хэдийнэ хүргээд эхэлчихсэн. Чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газраас гадна УИХ, Засгийн газар идэвхтэй оролцох болно. Мөн монголд хөрөнгө оруулагч бизнесийнхэн, хуулийн пүүсүүд, хуулийн мэргэжлийн хүмүүс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд чуулганы ажиллагаа гурван хэл дээр явагдана” гэж хэллээ.

Үндэсний чуулган нь шүүх эрх мэдлийн асуудлыг цогцоор нь авч хэлэлцэнэ.    Ерөнхийдөө нэгд шүүхийн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааг, хоёрт хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг, гуравт хэрэг хянан шийдвэрлэхэд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, дөрөвт эрхийн хамгаалал, эрх зүйн боловсрол гэсэн гэсэн үндсэн сэдвийн дор салбар хуралдаануудаар тодорхой асуудлуудыг хэлэлцэж санал зөвлөмж гаргана. Түүнийгээ нэгтгээд уриалга гаргана. Үүнд тулгуурлан холбогдох байгууллагууд цаашид баримтлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах юм хэмээн Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын туслах Ж.Баярцэцэг нэмж ярив.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй зохион байгуулалттай холбоотой асуудлаар хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн байгууллагаас үндсэн оролцогч байх асуудал нээлттэй байгаа. Хэвлэлийнхэнд зориулж утасгүй интернетийн булан, хэвлэлийн төв ажиллана. Хэн ч үгээ хэлж болох чөлөөт индэр байрлуулна. Иргэдийн оролцоонд нэлээд анхаарч байгаа. Үүнтэй холбогдуулан хаяг, утас, хэлэлцэх асуудал бүхий мэдээлэлтэй самбар гадуур байрлуулж байна. Мөн оролцох иргэдийг бүртгэх, саналыг авах 266876 утас, irgen@president.mn  цахим хаяг өнөөдрөөс эхлэн ажиллуулж байгаа. Хүн ам ихтэй аймгуудаас хэвлэлийнхнийг урьж оролцуулна. Эцэст нь чуулганд оролцож чадахгүй хүмүүст тэнд хэлэлцэж буй зүйлийг хүргэхэд хэвлэл, мэдээллийнхэн идэвхтэй ажиллаарай гэж хүсэх байна” гэлээ.

Үндэсний чуулганд нийт 500 гаруй хүн оролцоно.


URL:

Нэр: Marion Beerle Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.