Хайр даана шүү, Д.Дагвадорж оо

Уг хайгуул нь анх 2003 онд олгогдсон 59.53 тоот лицензүүдийн эрхийн дагуу явагдаж буй ажил юм байх. Уг нь, 2007 онд Өндөр-Улаан сумын ИТХ-аар тус газрын эргэн тойрон дахь 18 мянган га талбайг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргасан байна.

- С.Ламбаа сайд самбаатай байсан бол нутгийнхаа хэдэн голыг ширгэхээс хамгаалж чадах л байсан-
Толгойтой бүхэн мөнгөнд үхэж “Торготой нэгэн нь хоргой зүүдэлдэг орчлон…” хэмээн Д.Цоодол гуай нэгэнтэй уулга алдсан удаатай. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал нүд улаан мөнгө цагаан гэдэгтэй дүйцэх болов уу. Мөнгөний өмнө хэн ч өвдөг сөхөрдөг гэдэг. Хязгааргүй баян хүн ч гэсэн байгаагаасаа илүү ихийг хүсдэг гэдэг шүү дээ. Учир нь хүмүүний шунал хязгааргүй…
Монголдоо нэг ч төгрөгийн өргүй баян гэгддэг их аварга Д.Дагвадорж уул уурхайн салбарт хүч сойж байгаа. Яах вэ, харийнханд хэдэн арван тэрбумаар нь алдаж, өөрсдөө алгаа тосон сууж байхаар хайрт аваргадаа өгсөн нь дээр гэж юуны өмнө өмөөрчихье, түүнийг. Боро гоулд зэрэг алтыг нь аваад авдрыг нь хаясан бэлхэн жишээ бий шүү дээ, бидэнд.
За гол сэдэв рүүгээ орьё. Арлын оронд ааг омог, хүч тэнхээгээ гайхуулж, элэг нэгт ахан дүүсээ олон жил баярлуулж, бас тэднээр хайрлуулж явсан их аварга Асашёорюү элэг нэгт ахан дүүсээ дарангуйлж байна гэх юм. Яав ийв гэтэл их аваргын мэдлийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт ураны хайгуул хийж байгаа юм байх. Олборлолт нь эхлээчгүй байхад Номгон, Хатавчийн гол амь тасрахын даваан дээр ирчихээд байгаа гэнэ. Одоо Шаргачины гол амь тавих өдрөө хүлээж байгаа талаар нутгийн иргэд халаглаж сууна. Орон нутгийнхаа удирдлагуудад хэлээд үг авахгүй болохоор аргаа барахдаа тэд нийслэлд ирж мэдээлэл хийсэн.
Уг хайгуул нь анх 2003 онд олгогдсон 59.53 тоот лицензүүдийн эрхийн дагуу явагдаж буй ажил юм байх. Уг нь, 2007 онд Өндөр-Улаан сумын ИТХ-аар тус газрын эргэн тойрон дахь 18 мянган га талбайг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргасан байна. Гэтэл 2009 онд Их аваргын компани техник хэрэгслээ авч ирээд өрөмдлөг хийж эхэлж. Ингэхдээ бүр Шаргачин голын эх орчимд 27 га талбайг хамгаалалтад авч, эргээс нь 1-2 метр хүрэхгүй газарт өрөмдлөг хийж эхэлсэн гэнэ. Үүнээс үүдэн Шаргачины хөндийгөөр урсдаг байсан Номгон, Хатавчийн гол ширгэж, Шаргачин гол тасалдан, хоолой чийглэх усгүй болох өдөр хаянд ирчихээд байгаа гэнэ.
Хамаг гол нь ширгэж буйд харууссан малчид арга буюу тус компанийхантай уулзахаар очсон ч компанийн хамгаалалтын албаны залуус зодож, ойролцоо сумын цагдааг дуудаж, баривчлуулсан хэрэг нэг бус удаа гарчээ. Тэр бүү хэл хамгаалалтын албаныхан зарим хөгшин хөвөө хүмүүсийг дарамталж “Хонь өгөхгүй бол аймгийн төвөөс цагдаа дуудаж ачуулна” гэж сүрдүүлэн хонь авч байсан тохиолдол Их аваргын түрүүлсэн амжилтаас давсан гэдэг шүү. Өнгөрсөн намар Их аварга өөрийн биеэр очиж, компанийнхаа хайгуулын үйл ажиллагаатай танилцсан гэнэ. Түүнийг ирэхэд нь орон нутгийн иргэд учир байдлаа хэлсэнд мань хүн “Би Монгол Улсад алгын чинээхэн газар эзэмшиж болдоггүй юм уу? Энд тэнд олон долоон юм яриад яваад үзээрэй, та нар” хэмээн омогдсон сурагтай. Монголын ард түмэн түүнийг хайралсаныхаа хариуд дарамтлууна гэж зүүдлээч үгүй биз. Хайр дааж амьдармаар юм.
Аймгийн засаг ноёноос авхуулаад сумын Засаг дарга нь хүртэл уг үйл ажиллагааг зогсоох мэдэлгүй харин ч үйл ажиллагаанд нь саад учируулахгүй байх лүндэн буулгаж байгааг бодоход их л эрх мэдэлтэй, басхүү их хэмжээний мөнгө ам руу нь “чихсэн” байж ч болох юм. Гэтэл байдал өөр байжээ. Уг хайгуул нь Цөмийн энергийн тухай хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар дээрх газарт хайгуул хийх шийдвэр гаргасан юм байна. Нэг ёсны Засгийн газар дээрх компанид шууд эрх олгосон гэсэн үг. Дээрх компанийн үйл ажиллагааг зогсоохоор нутгийн иргэд өнгөрсөн зун Ерөнхий сайдыг баруун аймгуудад ажиллаж байхад нь замыг нь тосон шаардах бичиг өгөх гэсэн боловч өгч чадаагүй байна. Харин С.Ламбаа сайд дээрх бичгийг нь авч уг асуудлыг Засгийн гарзын хуралдаанд танилцуулна хэмээн ам мөчгөө өгсөнийг нутгийн иргэд “хошигруулж” байна гэж яаж бодох билээ. С.Ламбаа сайд самбаатай байсан бол нутгийнхаа хэдэн голыг ширгэхээс хамгаалж чадах л байсан. Самбаатай ч гэж дээ жаахан ч гэсэн хүнийг хайрлах сэтгэл, эх оронч үзэл сайдад байсан бол яах ч байсан юм билээ. Гэвч түүнд сэтгэл дутсан юмдаг. Хэрэв тухайн ордын хайгуул нь бүрэн хийгдээд нөөц нь тогтоогдож үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл тухайн ордоос дор хаяж 30 км-ын зайд айл байлгахыг хориглоно. Учир нь уран цацраг идэвхит хорт бодис ялгаруулдаг учраас тэр. Мөн дээрх орд нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 60, Жаргалантад 35, Тариатын Мөрөнд 15 хувь нь харьяалагддаг байна. Тариатын Мөрөнд харьялагддаг энэхүү хэсэг нь Чулуут голд ойрхон оршдог. Шарагчины гол нь Чулуут голд цутгадаг учир бас нэгэн гол удахгүй бохирдож амь тавих магадлал маш өндөртэй. Мөн ундны ус бохирдож, хүн малын биеэр идээ бээр гарч, нэг нүдтэй хурга, таван хөлтэй тугал гарсан тохиолдол бий ажээ. Үүнийг аймгийн хүн эмнэлэг болоод мал эмнэлэгт жинжлүүлэхэд тодорхой хариу өгөөгүй гэнэ.
Тиймээс Их аварга болон Засгийн газарт хандан хэдэн асуулт тавимаар байна. Үүнд заавал хариулаарай.
Их аварга Асашёорюү Д.Дагвадоржид:
-Таны мэдлийн дээрх компани татвараас зугтах зорилгоор байнга нэрээ сольдог гэсэн. Энэ үнэн үү. Анх 2009 онд үйл ажиллагаагаа эхдэхдээ “УРГ” гэх нэрээр хайгуул хийж байсан бол 2010 онд “Нуклеар Энержи Монголиа” гэдэг нэртэй болсон мэдээлэл надад байна?
Засгийн газарт:
-Хайгуул ерөнхийдөө дуусч, олборлолт явуулах ажил ирэх жилээс эхэлж магадгүй гэнэ. Хэрэв олборлолт явуулж эхэлбэл тус суманд хүн, мал амьдрах аргагүй байдал үүсэх нь. Энэ бүхний хариуцлагыг Засгийн газар хүлээх үү?
-Ураны бохирдолтой ус, ундны ус руу нь цутгаж байгаагаас Өндөр-Улаан сумын иргэдийн биеэр юм туурч, нэг нүдтэй хурга, таван хөлтэй тугал төрсөн тохиолдол гарсан байна. Тус сумын иргэн болоод малыг нь шинжилгээнд хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах уу?
-Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд өнгөрсөн жил Шаргачин голын эрэг орчимд цацрагийн тархалт ямар байгаа талаар шинжилгээ хийсэн ч хариу нь ямар ч “но”-гүй гарсан байна. Угтаа бол цацрагийн бохирдол 0.28-0.45 хувьтай гарсан гэх баримт байна. /Цацрагийн хэмжээ 0.10 хувьтай байвал аюултай төвшинд хүрсэн гэж үздэг/
-Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Эрдэнэ-Очир “Мөнх майнинг” компанийн хайгуулын үйл ажиллагаанд нь саад болохгүй байх талаар Өндөр-Улаан сумын Засаг дарга Н.Түвшинжаргалд үүрэг болсон гэнэ. Энэ Засгийн газрын зөв шийдвэр үү?
-Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Чулуут сумд нь Чулуут, Суман голоороо ундаалдаг бөгөөд байгалийн үзэсгэлэн цогцолсон, улсдаа сарлагийн тоо толгой, цагаан идээний гарц, Хоргын тогоо галт уул зэрэг түүхийн хийгээд аялал жуулчлалын бүс зэргээрээ улсдаа тэргүүлдэг. Энэ бүхэн үгүй болвол хэн хариуцлага хүлээх вэ. Засгийн газар уу, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж уу?

URL:

Сэтгэгдэл бичих