Цөмийн хаягдал аль эртнийх…

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ.
Харин М.Энхсайхан утсаар захидлыг чинь Ц.Элбэгдоржид шилжүүлсэн, болж байна уу гэж хэлсэн юмдаг. Шалгах эрх мэдэл өөрт нь байсан атал “шилжүүлж” байгаа нь араа бодсон хэрэг юм даа. Мөн Тагнуулын Газраас утсаар лавласан бөгөөд тэдний асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байж билээ.
Энэ цагаас хойш би л хувьдаа Монголд төр байхгүй гэсэн итгэлтэй дүгнэлтэд хүрсэн юмдаг. Цөмийн хаягдал булах асуудлыг Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О.Чулуунбат Тайваньд очин хэлэлцэж зарим нэг үр дүнд хүрсэн нь бараг тодорхой байдаг. Булсан газрыг нь ч барин тавин ярих хүмүүс байдаг нь сонсогддог.

Иймээс Монгол Улс их эртнээс энд тэндэхийн цөмийн хаягдлын агуулах болсон гэж үзэж бүрнээ болно.
Тухайн үед энэ мэдээллийг нийгэм ч, олон нийт ч тоогоогүй нь бас баримт. Одоо л аюулын цар хэмжээ, хор уршгийг ойлгож байх шиг. Ингээд 2005 онд УИХ-ын гишүүдэд бичиж байсан захидлаа дахин сийрүүлж байна. Иймэрхүү албан ёсны, ноцтой захидлыг ямар нэг мэдээлэлд тулгуурлахгүй, ор үндэсгүй “зохионо” гэж байдаггүйг хэн ч ойлгоно буй за. Ер нь Монголчууд бодвол бодохоор, ухаарвал ухаарахаар болсон л баймаар санагдах юм…
УИХ – ын гишүүн …Танаа
ОХУ-ын Төрийн Думын зарим гишүүн идэвхитэй хөөцөлдөж, атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг ОХУ-ын нутагт өндөр хөлсөөр булшлах шийдвэр хэдэн жилийн өмнө гаргуулж амжсан юм байна. ОХУ-ын энэ шийдвэрийг ашиглан аюултай хаягдлаасаа салах хүсэлтийн эхнийхийг Тайванаас хүлээн авчээ.
ОХУ-ын улс төрийн зарим зүтгэлтний энэ санаачилгаас манай зарим дээдэс санаа авч Тайваны атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг Монголд булшлах боломжийг эрж хайсан ажээ. Хэрэв гаднын цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшилсан, эсвэл ийм төрлийн гэрээ хийсэн буюу хийхээр оролдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилсан гэмт хэрэг болох юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн мэдээ байна. Иймээс Н.Энхбаяр, О.Чулуунбат нар чухам юу сэдэж, ямар үйлдэл хийснийг нь албан ёсоор шалган үзэж, тэднээс энэ асуудлаар тайлбар авах шаардлагатайг УИХ, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн сонорт хүргэж байна.

Судлаач Д.Ганхуяг
2005 оны 5 дугаар сарын 16.

http://www.ganaa.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.