Дамбадаржайлин хийдийн лам нар хотын даргын шийдвэрийг хүлээсээр л байна

Нутгийн иргэд догшин хайрхан хэмээн цээрлэж ирсэн “Зонхов” хайрханы өвөр бэлд үүх түүх өгүүлэн орших Дамбадаржайлин хийдийг зорилоо. Зорьсон хэрэг юу гэвээс өнгөрөгч есдүгээр сард уг хийдийн удирдлагууд хууль бусаар “Бурхан шашны шинэ төв”-ийн тэргүүн З.Санждоржид хийдийн газраа алдахдаа тулж буй талаар хэвлэлийн бага хурал хийж байсан билээ.
Учир нь З.Санждорж тус хийдийн Чогчин дуганыг засч өгье хэмээн хамбад бараалхсан нь энэхүү газрын маргааны эхлэлийг тавьсан аж. Одоогоос хоёр жилийн өмнө тэрбээр тус хийдийн хуучирч, элэгдсэн Чогчин дуганыг өөрийн хөрөнгөөр засч, тодорхой хэсэгт нь буян номын сургалт явуулахыг хамбаас гуйсан гэдэг.
Энэ үед хийдийн хамба нэг ч гэсэн дуган засварт орж, буян номын үйлс арвижих нь хэмээн баярлаж, түүний хүсэлтийг зөвшөөрсөн юм билээ. Харин лам З.Санждорж тэр зөвшөөрсөн бичгийг бариад тухайн үеийн ИТХ-ын даргад хандаж “Би багшийнхаа хийдийг сэргээх гэсэн юм” хэмээн зөвшөөрсөн тогтоол гаргуулаад зогсоогүй тухайн үеийн хотын мээрт танилцуулан бичиг баримтаа баталгаажуулчихсан байна.
“Гэр дугана” хурлын гэр
Ингээд өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн өмчийн газраас хийдийн хашааг гурав хуваах талаар тусгасан албан бичгийг Дамбадаржайлин хийдийн удирдлагуудад ирүүлжээ. Үүнийг хийдийн удирдлагууд лавлаж, холбогдох хүмүүстэй уулзахад З.Сангидорж засч өгнө гэсэн менежментийнхээ гэрээгээр түрий барьж одоогийн Чогчин дуган байгаа хэсгийн хойд талаар тасалж, урд талын том талбайг өөрийн эзэмшлийн газар болгохоор санаархсан нь илэрсэн аж.
Учир нь түүний эзэмшихээр санаархаж буй газарт тус хийдийн Жин хонхны сүм, Жим хэнгэргийн сүмийн барилга байгууламж байдаг юм. Өдгөө энэ асуудал хэрхэн шийдэгдэж буй талаар тодруулахаар хийдийн зүүн хаалгаар орох үед нөгөө З.Сангидоржийн шуналыг хөдөлгөөд байгаа хийдийн өмнөх талбай цэлийтэл угтав.
Маргаан дагуулсан өнөөх хуучирч, элэгдсэн эртний Чогчин дуган ч хийдийн төв хэсэгт дурайж харагдана. Хотын төвөөс 20 гаруй км зайтай уг хийд аниргүй дүнсийнэ. Хаа нэгтээ хуучирч элэгдсэн дуганын тагтнаас болжмор, тагтаа нисэх нь цочмоор. Энэ аниргүйн дундуур алхаж явтал хаа нэгтээ лам нарын ном хурах дуу сонстож, хонх дамар жингэнэв.
Богд багш нарын бараа бологсдын байр
Амралтын өдөр ажиллаж байгаа болов уу гэсэн бодол тээсээр “Гэр дуган”-д ороход сүсэгтэн олон цуглачихсан, хоёр эгнээнд хуваагдаж зэрэг зиндаагаар эрэмбэлэгдсэн лам нар хурал айлдаж байлаа. Тус хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэнгээс газрын маргаантай асуудлыг асуухад, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй хийдийн удирдлагууд уулзаж, дээрх хууль бус үйлдлийг шийдэж өгөхийг одоогоос дөрвөн сарын өмнө уламжилсан боловч өдгөө хүртэл ямар ч шийд ирүүлээгүй байгаа.
Анхнаасаа хууль бус үйлдэл байсан учраас манай талд шийдвэр гарна гэж найдаж байна гэлээ. Мөн тэд “Шийдвэр хурдхан гараасай. Тэгвэл манайх Чогчин дуганаа засуулахаар ССАЖЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Удахгүй 250 жилийн ой болох гэж байгаа учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх, засварын ажил хийх хэрэгтэй байна” хэмээн онцолж байна лээ. Хурал тарахыг хүлээх зуурт Балинч ламтай хэсэг хөөрөлдөв.
Ярианаас нь үзвэл шашны номыг судалж, сайн лам болоход нэлээдгүй мэрийлт ордог бололтой. Бурхны тэр олон шад номыг цээжээр уншиж сурахаас гадна ая дунгийн хичээл гэж ордог юм байна. Энэ нь бурхны номыг аялгуулан уншиж сурах гэсэн үг. Мөн балин, тахил хийж сурах гээд багагүй цаг хугацаа шаарддаг болох нь илэрхий. Сүсэгтэн олны хандив, ном бичүүлсэн мөнгөөр лам нараа цалинжуулж, хоол цайгаа бэлтгэдэг аж. Лам нарын дундаж цалин 150 мянган төгрөг.
“Эши Рандалан” 2001 онд барьсан. VI богдын шарилын суварга
Харин лам нарын ёс зүй, өглөө номоо хурчихаад, орой шөнийн цэнгүүний газраар үйлчлүүлдэг гэх иргэдийн шүүмжлэлийн талаар лавлахад тэд үүнийг “нийгмийн хөгжил лам нарыг сатаарахад хүргэж байна” хэмээн тайлбарлав. Зөвхөн Дамбадаржайлин хийдийн хувьд л гэхэд анх ном хурж эхэлж байх үед 1500 гаруй лам нар нь хийдээ тойроод байрладаг, хотын төвөөс зайдуу учраас зөвхөн номоо үзэж, хурлаа хурдаг байж.
Ямар ч сатаарах зүйлгүй байсан гэж хэлж болно. Гэтэл одоо хэт хотжин, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр шөнийн цэнгээний газрууд олширч, цахим ертөнц хөгжсөн нь лам нарын ёс зүйг алдуулахад хүргэж байгаа аж. Чухам иймээс л эртний хийдүүд хотоос зайдуу, аглаг хээр байрладаг байсан бололтой.
Дамбадаржайлин буюу шажныг бадруулагч хийдийг II богд Лувсандамбийдонмэгийн дурсгалд зориулан 1765 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа, Сэлхийн голын цутгал “Зонхов” хайрханы энгэрт Манжийн хааны зарлигаар урьдчилан төлөвлөсөн нарийн зураг төслөөр байгуулжээ.
“Сэрүүн лавран” богд багш нарыг сэрүүцүүлэх зориулалттай зуны өргөө
Тухайн үедээ 12 аймаг, дөрвөн дацан сургууль, 1500 гаруй ламын данстай шашин соёлын томоохон төв байж. Хийдийн дөрвөн дацанд лам нар шавилан сууж тус тусын дагнасан номыг үзэж судлахын зэрэгцээ шалгалт өгч Гавж, Аграмба зэрэг эрдмийн дээд цолыг хүртдэг байсан аж.
Дамбадаржайлан хийдэд II, III, IV богдын шарилын сүмүүд байлгаараа халх Монголд их нэрд гарсан томоохон шүтээний газарт тооцогдож байсан тул өдгөө Улаанбаатар буюу Их хүрээ суурьшин хөгжих үндсэн нөхцлийн эх суурь болсон түүхэн ач холбогдол бүхий хийд гэж үздэг байна.
Гэвч их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр уг хийдийг тойроогүй тул хийдийн дуган, сүмийг 1934 оноос буулгаж эхэлснээр 1937 онд үйл ажиллагааг нь бүрэн зогсоож тус хийдэд хурж байсан 107 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутаг ус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэн тухайн үеийн Дотоод яаманд хадгалсан байдаг аж.
Харин 1990 оны цагаан морин жил Д.Дашренчин тэргүүтэй өтгөс хуврагууд Богдын Лавиран сүмд сан тавьж анхны чогчин хурлаа хурж байнгын үйл ажиллагаа нь дахин сэргэжээ. Тус хийдийн 240 жилийн ойг 2005 онд төр засгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байсан бол гурван жилийн дараа түүхт 250 жилийн ойгоо тэмдэглэх гэнэ.
Эдүгээ хурал дахин сэргэснээс хойш хурлаа тасралтгүй айлдаж байгаа бөгөөд нийт 50 гаруй лам хуваргатай аж. Энэ ч утгаараа тус хийд нь түүх соёлын дурсгалт газрын хувьд Монгол Улсын тусгай хамгаалалтдад 1974 онд бүртгэгдэж өдгөө нийслэлийн өмчид хамааралтай монголчуудын нандин шүтээний ордон болжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

URL:

Сэтгэгдэл бичих