АН-ын бүлгийн “МАН-ынхан хариуцлагагүй байна” гэв

Шинэ долоо хоногийн эхний өдөр хуралдсан УИХ дахь Ардын намын бүлгийнхэн Ерөнхий сайдыг хууль зөрчиж байгаа гэв. Тиймээс шүүхийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдлээ. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд, намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар мэдээлэл хийхдээ ийнхүү хэлсэн юм. Тэдний хэлж байгаагаар орон нутгийн сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрч байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардын нам ялсан есөн аймгийн гурван Засаг даргыг л батламжилсан. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргыг хотын дарга Э.Бат-Үүл батламжилсан. Энэ бүгдийн цаана улс төр байна гэж хардахад хүрч байна гэв. Ардчилсан намын олонхи болсон аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд гурван цагийн дотор батламжилж байна. Харин Ардын намын Засаг дарга нарыг одоо болтол батламжлахгүй байгаагаас харвал Ерөнхий сайд намчирхаж байгааг харуулж байгаа аж. Ардын намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний “Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь гурван удаа хуралдаж Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад санал болгоод байхад хүлээж авахгүй байсан. Үүнээс болж тус аймаг дахь Ардчилсан намын даргыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан байна. Хуульд гурван удаа Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад санал болгоно гэсэн заалт байхгүй. Энэ нь өөрөө Ерөнхий сайд хууль зөрчиж байгааг харуулсан хэрэг. Мөн хуульд Засаг даргыг Ерөнхий сайд нь батламжилдаг болохоос биш Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог юм биш” гэдгийг хатуухан хэлээд авлаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Дорнод аймгийн тухайд 35 мандаттайгаас 18 суудлыг нь Ардын намаас нэр дэвшигчид, 14 суудлыг Ардчилсан нам, хоёр мандатыг бие даагчид, нэг мандатыг Иргэний Зориг ногоон намаас нэр дэвшигч тус бүр авсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаж, Засаг даргад М.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлсэн ч одоо болтол батламжлахгүй байгааг Ерөнхий сайдаас лавлах хүсэлтээ гаргасан” гэж байлаа. Ардын намын мэдээлэл хийсэн гишүүд намынхаа эрх ашгийн төлөө ажилладаг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас өөр байхгүй гэдгийг хэлсэн. Ийм хууль зөрчсөн үйлдлийг зүгээр хараад сууж чадахгүй учир хуулийн байгууллагад хандан шат шатны арга хэмжээ авахыг Ардын намын гишүүд бүлгээрээ хэлэлцэн дэмжжээ. Үүнээс гадна УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд “Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдыг оролцож Засгийн газраас гаргасан бонд, Засаг дарга нарыг яагаад томилохгүй байгаа гэдгийг мэдээлэхийг хүссэн” гэлээ. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Ерөнхий сайдын цагаар хийсэн түүний мэдээллийг Ардын намын бүлгийн гишүүд хангалтгүй гэж үзэж байгаа юм.

Ардын намынхан Ерөнхий сайдыг намчирхсан гэдгийг анхааралдаа авах тухай хэлэлцэлээ.Энэ үеэр Ардчилсан намынхан бүлгийн хуралдаанаараа Ардын намыг хариуцлага байгааг шүүмжлэв. Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ардын намын гишүүд хуралдааныг гацаасан гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Үүнээс гадна УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч талаар болсон гэв. Энэ бүгд Ардын намын гишүүдийн хариуцлагагүй, хуралдааныг гацаасан үйл явдал мөн болохыг Ардчилсан намынхан санал нэгтэйгээр дэмжсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр Ардын нам бүлэгтэй болсноороо УИХ-ыг гацаасан гэх шүүмжлэлийг илүүтэй дагуулах болсон. Тэд төрийн ажлыг намын ажил болгож байгаа аж. Мөн тэрбээр “Чуулганы хуралдаанаар Ардын нам хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Тэд манай намыг ирцээ хангахгүй бол хуралдаанд оролцохгүй гэсэн. Ингэж болохгүй. Бүлэг бол улс төрийн хариуцлага хүлээж буй байгууллага. Хэрэв хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй бол завсарлага авах эрх бүлэгт бий. Ийм дээрээ тулбал Ардын нам яах гэж бүлэгтэй болсон юм бэ” хэмээлээ. Түүнчлэн УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстойгийнхоо хувьд бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувиа чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Тэгэж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төслийг Ардчилсан намын бүлгээс санаачилна гэдгээ хэлэв. Энэ нь УИХ-ын гишүүдийн ажил тасладаг байдалтай ч холбоотой юм.

Ийнхүү Ардын намынхан бүлэгтэй болсноороо харин ч УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна гэж үзэж байгаа бол Ардын намынхан Ерөнхий сайдыг намынхаа талд үйлчилж байна хэмээж байгаа юм. Ардчилсан намынхны хувьд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Ардын намынхныг бүлэгтэй болгосондоо өнөөдөр харамсаж буй бололтой. Эцэстээ уурлаж, Ардын намынхан бүлэг гэдгийг арай өөрөөр ойлгоод байгаа юм шиг байна ч гэж хэлж үзлээ. Харин Ардын намын гишүүд Засаг дарга нарыг нь томилохгүй байгаад Ерөнхий сайдад хорссондоо Ардчилсан намынхныг шантаажилж байна гэх ч яриа байна. Ямартай ч Ардын нам, Ардчилсан намынхны эцэс төгсгөлгүй маргаан  өөр сэдвээр цааш үргэлжилж байгаа энэ биз ээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих