ХЗХ-ны хэрэг “борц” боллоо

Нэг хэсэг борооны дараах мөөг шиг олноор “мэндэлж” төд удалгүй олон хүний нүднээс хур шиг нулимс цутгуулаад одсон газар бол Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ). Иргэдийн мөнгийг өндөр хүүгээр хадгалж, бага хүүгээр зээл олгох таатай боломж бүрдүүлсэн тус газрын хэрэг 2000 оноос эхэлсэн байдаг.

Гярхай нэгний “дампуурах вий” гэх сэжүүр болж байсан. Гэсэн ч 2004 оны үед ХЗХ шил даран дампуурсаар олны анхааралд гэрлийн хурдаар шилжин оров. Тухайн үед 8000 гаруй хохирогчтой байсан гэх тоо өнөөдөр ч төдийлөн буураагүй байна. Орлого, зарлагын тэнцвэргүй байдлаас болж 30 орчим ХЗХ дампуурсан явдалд төр анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай болж, 2008 оноос хохирогчдын мөнгийг барагдуулах талаар тушаал гарсан ч өнөөдөр төдийлөн биелэлээ олсонгүй.

Харин иргэдийн хохирлыг маргааш, нөгөөдөргүй 100 хувь барагдуулах боломж гарсан ч тухайн үеийн мөнгөний үнэ цэнэ өнөө үеийн ханштай дүйхгүй нь хэнд ч ойлгомжтой. Анх 43 тэрбум төгрөгийн хөрөнгө, хохирогчдын мөнгө болох 10 тэрбум, мөн үнэлэгдээгүй лиценз, газар зэргийг битүүмжилж хохирол барагдуулах байсан ч мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн явцад эд зүйлсийг хэтэрхий өндөр үнэлсэн, цагдаагийн битүүмжлэлээс 1.6 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан хэмээн асуудал сунжирч эхэлсэн.

Харин өчигдөр дээрх асуудлын хүрээнд ХЗХ-ны Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, Удирдах зөвлөлийн дарга А.Алтантуяа нар мэдээлэл хийв. Хэрэг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гурван сарын хугацаанд 50 гаруй иргэний хэрэг шалгагдаж, 10 гаруй хэрэгт нь Улсын мөрдөн байцаах газар (УМБГ) болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Харин тэд Хууль зүйн яамны ажлын хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Дотоод хяналтын газрын дарга н.Туулхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий дөрвөн хохирогчид 50 сая төгрөгийг цохолт хийж олгосон, мөн тус газрын Дотоод хяналтын албаны ажилтан н.Энхтайван нь ХЗХ-ны төлбөр барагдуулах ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Бүтээн байгуулалт сан” ХЗХ-ны зээлдэгч Г.Оюунцэцэгийн 234 сая төгрөгийн зээлийн битүүмжлэлд байсан хөрөнгүүдийг чөлөөлж, нэг ч төлбөр төлүүлээгүй, “Глоб кредит” ХЗХ-ны эзэн асан Ж.Мэндбаярын зорилготой авч байсан 23 газрууд одоо хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй учир дээрх газруудын эрхийг сэргээх, “TV5” телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг ХЗХ-ны сурталчилгааг олон жил явуулж улмаар “Глоб кредит” ХЗХ-ноос санхүүжилт авч, 2004 оны Афины олимпийн наадмыг шууд дамжуулсан” зэрэг мэдээллийг дурьдаж шалгуулах хүсэлт гаргажээ.

Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшинг “Баян-Өндөр Сан” ХЗХ-ны захирал н.Самбаллхүндэвээс тусламж, хандив нэрээр санхүүжилт авсан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” ХЗХ-ны захирал н.Энхтөрөөс 2004 оны сонгуулийн үеэр бүрэн тоноглогдсон фургон машин авсан зэрэг үйлдлийг шалгуулах хүсэлтээ албан ёсоор гаргажээ.

Тус хохирогчдын холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн ШШГЕГ, шүүх, цагдаагийн байгууллагынхан ХЗХ-ны эздийн бүх хөрөнгийг битүүмжилж зарахдаа замаас нь завшиж, маш бага үнээр зарснаас болж иргэдийн хохирлыг нөхөн төлж чадахгүй байгаа хэмээн үзэж, суулт хийж байсан билээ. Гэсэн ч олон жилийн турш сунжирч өнөөдөртэй золгосон “ХЗХ”- ны хэрэг шийдэгдэлгүй байсаар “борц” боллоо.

Б.Ширнэн

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих