В.Путин, Ш.Абэ хоёр курилын арлын маргааныг шийдвэрлэхээр яарч байна

Японы шинэ Ерөнхий сайд Шинзо Абэ хилийн чанад дахь анхны айлчлалаа Орост хийхээр болов. Тэрбээр ард түмэндээ Курилын арлын маргааныг шийдэж өгнө хэмээн амлаж байх шиг. Өнгөрсөн намраас эхлэн Хятад, Японы харилцааг хурцатгасан өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын маргааныг ч бас эх орондоо нааштайгаар шийднэ гэж амласан учраас Шинзо Абэгийн нам парламентын сонгуульд ялалт байгуулах нэг үндэслэл бий болсон юм.

Шинзо Абэгийн ОХУ-тай хэр­хэн харилцах, Курилын арлын маргааны талаар ямархуу байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь оросуудын анхаарлыг нэлээд татаж байгаа. Энэ тухай “Правда” сонинд “Тэр Орос, Японы газар нутгийн маргааныг шийдвэрлэж чадна гэсэн боловч яаж гэдгээ хэлээгүй” хэмээн бичиж байсан юм. Гэхдээ Орос ч тэр, Хятад ч аль аль нь том гүрэн. Япон тэдэнтэй харилцах харилцаагаа муутгаж чадахгүй. Тэгэх боломж ч байхгүй. Тиймээс хоёр талаас харилцан тохиролцож, бие биедээ найр тавихаас өөрөөр энэ асуудлыг шийдвэрлэх арга байхгүй хэмээн зарим ажиглагч үздэг юм.

Курилын арлын маргаан дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээс эхлэн бий болсон. Камчаткийн хойгоос Хоккайдо хүртэл сунаж тогтсон, Номхон далайд байрлах эдгээр арлыг оросууд Сахалины хязгаар нутаг хэмээн нэрлэдэг. Харин япончууд өмнөд хэсгийн дөрвөн арлыг нь өөрсдийн Хоккайдо мужийн нутаг хэмээн үздэг юм. Курилын арлын уугуул оршин суугчид нь япон, орос үндэстний аль нь ч биш бөгөөд айну хэмээх ард түмэн юм. Айнугийн хэлний куру буюу “Хаанаас ч юм ирсэн хүн” гэдэг үгнээс улбаалан тэдгээр арлыг Курилын арал гэж нэрлэжээ. Японы хайгуулын баг 1635 онд Курилын арлуудын байршлыг анх тогтоосон аж. XVIII зууны эхэн үеэс оросууд хойд хэсгийн арлуудыг нь эзэнт гүрнийхээ эгнээнд нэгтгэхээр оролдож эхэлсэн байна. Гэхдээ 1799 он гэхэд тэнд япончууд цэргийн ангиа байрлуулжээ. Харин 1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан оросууд өмнөд Сахалиныг тэр чигт нь Японы мэдэлд шилжүүлсэн юм. Түүнээс хойш 40 жилийн дараа Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Курилын арлуудаас Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай гэх дөрвөн арал ЗХУ-ын мэдэлд оржээ. ЗХУ, Япон хоёр улсын хоорондох цэргийн ажиллагаа 1956 онд албан ёсоор дуусч, энхийн хэлэлцээр байгуулсны дараа Кремлийн удирдагчид Шикотан, Хабомай арлыг Японд эргүүлэн өгөхийг зөвшөөрсөн. Гэвч япончууд дээрх дөрвөн арлыг бүгдийг нь авна гэснээр Курилын арлууд маргааны сэдэв болсон юм. Түүнээс хойш хоёр орны эрх баригчид энэ асуудал дээр эрс шийдэмгий байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Оросын хувьд холбоот улстаа жижиг үндэстнүүдийг олноор нь багтаасан орон. Тиймээс Курилын арлын асуудалд найр тавина гэдэг бусад салан тусгаарлах сонирхолтой орнуудыг хүлээн зөвшөөрсөнтэй адил болчих юм.

Курилын арлын маргаан хам­гийн сүүлд 2011 онд нэлээд хур­цадсан билээ. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Дмитрий  Медведев Курилын арлуудын нэг болох Кунаширын арал дээр гэнэтийн айлчлал хийж, нутгийн иргэдтэй уулзан загас боловсруулах үйлдвэртэй нь танилцсан юм. Үүнийг нь шүүмжилсэн япончуудад Оросын албаныхан хариулахдаа “ОХУ-ын Төрийн тэргүүн хаана очиж юу хийхийг нь Японы төлөөлөгчидтэй зөвлөлдөх нь байж боломгүй” хэмээн нэлээд хэгжүүн тайлбар хэлсэн юм. Ямартай ч тухайн үед энэ хэргээс болж Япон дахь Оросын Элчин сайдын яамны өмнө үндсэрхэг үзэлтэй япончууд жагсаж, Оросын төрийн далбааг урж байв. Тэд Курилын арлыг эргүүлэн өгөхийг шаардаж, эх орныхоо газар нутгийн нэг хэсгийг оросуудад зүгээр алдахыг хүсэхгүй байна гэдгээ илэрхийлж байлаа. Энэ хэргээс болж хоёр орны Гадаад харилцааны сайд нар уулзаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь албан ёсны мэдэгдэл хийж байжээ.

Япончуудын хувьд өмнө нь АНУ-аас тусламж хүсч байв. Тэд америкчуудтай хамтрах хэлэлцээр хийж, үүний хүрээнд америк цэргүүдийг Японд авчирч байсан. Үүний хариу болгож тухайн үеийн зөвлөлт засаг Курилын арлыг шилжүүлэн өгөх явцыг бүрмөсөн зогсоохоо мэдэгдсэн түүхтэй. Хэдийгээр одоо асуудлыг илүү дипломат аргаар шийдвэрлэх нь тодорхой боловч энэхүү маргаанд хөндлөнгийн этгээдийн оролцоо хэрэгтэй ч байж болох юм.

Шинзо Абэг ийнхүү хөөрцөглөж байх зуур оросууд ч бас зүгээр суусангүй. Өнгөрсөн онд дахин сонгогдсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн кам­панит ажлынхаа үеэр Курилын арлын маргааныг шийдвэрлэнэ гэж амлаж байсан. Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросын Засгийн газар Японы талын шаардаж байгаачлан арлыг бүхэлд нь шилжүүлэх сонирхолгүй” хэмээн дурьдаж байв.

“Правда” сонинд тэмдэглэснээр бол Оросын тал маргааныг шийдвэрлэхийн тулд Курилын арлуудыг худалдааны чөлөөт бүс болгох, эсвэл зарим хэсгийг нь Японы талд шилжүүлэхийг санал болгож байсан ч япончууд түүнийг нь хүлээн зөвшөөрч байгаагаагүй гэх аж. Гэхдээ энэ бол урьдын явдал. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд энэ маргааныг зогсоохын тулд ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрч буулт хийх, эсвэл “наймаа” хийх боломжтой бололтой. В.Путиныг ч бас ийм л зүйл хүлээж байгаа. Гэхдээ газар нутгийн маргааныг шийдвэрлэнэ хэмээн амлаж гарч ирсэн Шинзо Абэ иймэрхүү байдлаар буулт хийвэл ард түмэн нь түүнийг хэрхэн дүгнэхийг бас таамаглах аргагүй. Үүнийг анхаарч үзсэний үндсэн дээр Шинзо Абэ зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудал дээр хятадуудыг буулгаж авна гэдгээ хатуу мэдэгдсэн юм. Ямартай ч их гүрнүүдийн дипломат хэлэлцээр хаа хүртэл үргэлжлэхийг харж л байя.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.