Р.Амаржаргал: Өөрсдийгөө Ардчилагч гэж нэрлэж байгаа бол хуулиа хаа сайгүй л барих учиртай

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Компанийн засаглалын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан энэ талаар түүнтэй ярилцлаа.

- Та Ерөнхий сайдад хандан Компанийн засаглалын тухай хуулиин талаар асуулга тавьсан. Чухам ямар асуудлыг хөндөж байгаа юм бэ?

-Компанийн засаглалын тухай хуулийн дагуу бол бүх аж ахуйн нэгжүүд дүрмээ өөрчилж шинэчлээд бүртгүүлсэн байх ёстой. Тэгээд үүнийг нь холбогдох байгууллага нь зарлах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн дагуу дүрмээ өөрчилсөн хэчнээн компани байгаа гэдгийг хэн ч мэдэхгүй байна шүү дээ. Компанийн хамгийн том субъект нь хувьцаа эзэмшигчид.

 

Тэд хуралдаж байж ТУЗ-өө байгуулна, мөн ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаа гаргаж ирэх хуулийн заалттай. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны гаргаж байгаа мэдээн дээр 79 аж ахуйн нэгж л хуулийн дагуу хурлаа хийж үйл ажиллагаагаа явуулж буй гэж ярьж байна. Түүнээс бусад нь сураггүй. Уг нь 390 гаруй ХХК байдаг шүү дээ. Тэгэхээр бусад нь хуулиа зөрчиж байна гэсэн үг.

 

Хэрвээ цаг тухайд нь хурлаа хийгээгүй бол хуулийн дагуу ТУЗ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болох учиртай. Энэхүү заалт өнөөдөр ямархуу хэрэгжилттэй байгаа талаар хэн ч, юу ч мэдэхгүй. Үүнд энгийн жишээ хэлье л дээ. Монголын ард түмэн бүгдээрээ Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид энэ байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.

 

Ингэхийн тулд хурал хийх ёстой. Мэдээж 2.8 сая хүнийг цуглуулж хурал хийнэ гэж байхгүй. Харин тэдний төлөөлөл гэж байх ёстой. Төлөөлөл нь мэдлэг боловсролтой, компанийн засаглал гэж юу байдгийг мэддэг, хүн байх хэрэгтэй. Гэтэл төр засаг нь ямар мэдлэггүй хүн аваачаад л тавьчихдаг болж. Уг нь нэр дэвшүүлэх үйл ажиллагааг ТУЗ-ийн дэргэд байдаг нэр дэвшүүлэх хороогоор хэлэлцэж байж Гүйцэтгэх захиралд томилох тухай ярьдаг.

 

Гэтэл өнөөдөр энэ заалт байхгүй. Үүнийг хэрэгжүүлэх гол субъект нь Гүйцэтгэх засаглал болоод түүний тэргүүн. Энэ утгаараа уг асуулгыг тэр нөхдөд тавьж байгаа юм.

-Одоо Эрдэнэс- Тавантолгой, Оюутолгой гээд л төрийн өмчит компани олноороо бий болсон ч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг эсэх нь олон нийтэд эргэлзээтэй. Тэгэхээр нөгөө л Компанийн засаглалын тухай хуулиа зөрчөөд байгаа хэрэг үү?

-Шинэ үеийн хэд хэдэн компани орж ирж байна. Ер нь төрийн өмчит компаниуд нийгэм, улстөр, эдийн засаг гээд аль ч салбарт их үүрэг гүйцэтгэж байна. Цаашдаа ч улам их үүрэг гүйцэтгэх магадлалтай болчихож. Тодруулбал, эдгээр компаниас Монголын эдийн засгийн хувь заяа ихээхэн хамаарах гээд байна. Тэд булингартай, ил тод биш байвал Монголын эдийн засаг ч мөн адил булингартаад илүү нууцлаг болно.

 

Тэдний үйл ажиллагаа доголдоход Монголын эдийн засаг дагаад л доголдоно. Яагаад гэвэл тэнд шударга зүйл гэж байхгүй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр дээр хэн нэг сайд нь очоод л бараагаа шахдаг. Эцэст нь тэндээс сонгуулийн мөнгөө авдаг болчихсон байх жишээтэй. Энэ мэтээр дээрх компаниудын үүрэг Монголын эдийн засагт үнэхээр өндөр болох гээд байна.

 

Эрдэнэт бол Монголын эдийн засгийн тал хувь нь. Харин Тавантолгой бол Эрдэнэтээсээ дөрөв дахин том юм шүү дээ. Тэгэхээр бүр л аймшигтай зүйл болчих гээд байгаа хэрэг. Тэдний үйл ажиллагаа бүгд хаалттай. Тэгэхээр яалт ч үгүй хуулиа зөрчөөд л байна гэсэн үг.

-Хууль гаргах болгондоо Төрийн өмчит компанийг нэмэгдүүлээд байх юм?

-Тэр ч тийм шүү. Тэгээд наад зах нь захирлын суудлын төлөөх асуудал яригддаг. Одоо Хадгаламжийн даатгалын тухай асуудал яригдаж эхэлсэн. Түүний удирдлага хэн болох талаар хүмүүс ярихгүй байгаа ч хүсэн хүлээж байгаа зүйл бол компанийн удирдлага. Засгийн газар, УИХ, Монгол банк зэргээс хэдэн хүн томилогдох талаар бодож л байгаа.

 

Угаасаа өнөөдрийн манай тогтолцоо ийм болчихсон. Улстөр, нийгэм эдийн засаг гээд бүх зүйл хоорондоо сүлбээтэй. Нөгөө хэтэвч нэгтэй боллоо гэдэг чинь үнэн болчихоод байна. Эдгээр компаниуд бүгд ийм болчихсон. Улс орны хөгжлийг цааш авч явъя гэвэл хөрөнгө оруулалт маш чухал. Хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд аж ахуйн нэгж байгууллагууд маань ил тод байх ёстой. Мөн ТУЗ-ын гишүүдийн 1\3 нь хараат биш хүн байна гээд заачихсан байдаг ч тэр бас л хэрэгждэггүй.

-Компанийн засаглалын тухай хуульд ил тод байх ёстой гэдэг заалт хамгийн чухал нь. Ядаж л улстөржилт явагдахгүй баймаар санагдах юм. Гэхдээ манайд үйл ажиллагаа нь ил тод байгаа компани бараг байхгүй болов уу гэж хардаж болохуу?

-Хувь эзэмшигчид хурал хийхдээ жилийн тайлангаа тавих ёстой байдаг. Тайланд юу заавал байх ёстой гэхээр тухайн жилд хийгдсэн сонирхлын зөрчилтэй бүх хэлцлүүд багтах ёстой. Тухайлбал, гүйцэтгэх захирал нь хамаатныхаа хүнтэй гэрээ хийгээд ус нийлүүлдэг бол тэр нь тайланд орсон байх ёстой. ТУЗ-ийн гишүүдийн хувьд ч гэсэн сонирхлын зөрчилтэй бол заавал тайланд бичнэ.

 

Их, бага нь хамаагүй бүх хэлцэл нарийн бичигдсэн байх хэрэгтэй. Тэр нь 100 мянга юм уу, 100 сая байх нь хамаагүй. Заавал л бүртгэгдсэн байх ёстой гэж хуульд загсан. Тэр ч бүү хэл ТУЗ гүйцэтгэх захиралдаа өгсөн цалин ч бичигдэх ёстой. Гэтэл энэ бүхэн өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм мэдээлэлтэй компани өнөөдөр хаана ч байхгүй.

 

Харин тэдний дэргэд УИХ-ын үйл ажиллагаа хамаагүй ил тод. Эрдэнэт үйлдвэр болон бусад компани дээр очоод ямар, ямар хэлцэл хийсэн бэ, ашиг сонирхлын зөрчилтэй зүйл юу байна гэж асуувал мэдээллээ өгөхгүй. МИАТ, Төмөр зам зэрэг компаниуд бүр ч өгөхгүй биз. Тэд өнөөдөр ийм л хаалттай байна шүү дээ. Тийм хаалттай, нууц юмны цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй.

 

Хуулийн дагуу явж байна уу, хуулиа зөрчиж байна уу гэдэг нь тун ч тодорхойгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэдэггүй, Монголын эдийн засагт итгэдэггүйн нэг шалтгаан энэ.

-Компанийн засаглалиин хуулийг өнгөрсөн хамтарсан Засгийн газрын үед баталсан. Харин энэ асуулгыг шинэчлэлийн Засгийн газарт тавьж буй хэр зүйтэй юм бол. Үүнд хариуцлагын асуудал бас сөхөгдөх байх?

-Ний нуугүй хэлэхэд хариуцлагыг Дорж, Дулмаагаар үүрүүлэх нь гол биш. Би компаниудаас хамааралтай эдийн засгийн үйл ажиллагаа маань зөв голдрил уруугаа ороосой гэж хүсч байна. Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш төрийн өмчийн компаниудын захирлуудыг л томиллоо. Өөрчилж, шинэчилж байна. Ер нь өөрчилж, шинэчилж байгааг буруу гэж хэлэхгүй.

 

Гэхдээ энэ шинэчлэл маань хууль номынхоо дагуу явж байна уу гэдэг л асуудал болоод байна. Эсвэл улстөрийн үйл ажиллагаа, шийдвэр гээд хууль энд хамаагүй гэж ханддаг юм болов уу гэж би хараад байгаа юм. Уг нь энэ хуулийг зөвхөн компаниудын үйл ажиллагааг ил тод болгох хууль бус өөрсдийн намын үзлээр томилдог эсэх зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд баталсан.

-Тавантолгойн асуудлаар байнгын хороон дээр мэдээлэл хийж байна лээ. Түүнээс сонсоход санхүүгийн байдал хүнд гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Таны хэлсэнчлэн эндээс зөв хандлага, зөв голдрилыг Ерөнхий сайд ч гэсэн олж харсан гэж бодогдохгүй л байна?

-Манай улсад компанийн засаглал гэсэн цоо шинэ зүйл дөнгөж нэвтэрч эхэлж байна. Энэ үед нь гүйцэтгэх засаглал үүнд онцгой анхаарах ёстой. Гэтэл улстөрийн асуудалд хууль ямар хамаатай юм гэдэг байдлаар хандаж болохгүй л дээ.

-Ер нь Төрийн өмчит компаниуд гэлтгүй бусад компаниуд ТУЗ-өө сонгохдоо хэсэг хүмүүс нь мэдээд л шийдчихдэг юм биш үү?

-Энэ чинь нөгөө л нээлттэй байх асуудал шүү дээ. Нээлттэй зарлагдаж, хувьцаа эзэмшигчид хуралдаж байж асуудал яригддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм зүйл алга. Өөрчлөлт, шинэчлэлтээ үүнээс эхлэх хэрэгтэй байх.

-Хуулийн хэрэгжилтийг муу байна гэж байнга л ярих юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол яах гэж хууль гаргадаг байна аа?

-Хуулиа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байх ёстой л доо. Ялангуяа гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь итгэл үнэмшил, үнэлэмж нь ардчилсан гэж байгаа юм бол тэр үнэлэмждээ л байх хэрэгтэй. Ардчилсан үнэлэмжийн амин сүнс нь хуулийг дээдэлнэ гэсэн л заалттай. Өөрсдийгөө ардчилагч гэж нэрлэж байгаа бол хуулиа хаа сайгүй л барих гэж ярих учиртай. Надад хэцүү байлаа ч, миний улстөрийн эрх ашигт нийцэхгүй байсан ч гэсэн би хуулиа дээдэлж барина гэдгээ л байнга санах ёстой.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад янз янзын л асуулга хүргүүлж байгаа. Гэтэл тэдний хариуг одоо болтол өгөөгүй гэх юм. Таны тавьсан асуулга бас бүрхэг болчих вий дээ?

-Би ямар ч гэсэн баримтжуулаад авъя гэсэн юм. Маш тодорхой, тодорхой асуудлуудыг тавьчихлаа. Хууль номоороо тэд хариу өгөх үүрэгтэй. Ямар хариу ирэхийг нь хүлээж байна. Түүн дээр нь тулгуурлаад дараа дараагийн ажил юу байхыг бодно доо.
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих