Автобусандаа хөлдөөд, гэсээд явах ч сайхан шүү

Автобус нэгдүгээр эг­нээгээр явж байгаа нь нийслэлийнхний хувьд sтун таатай зүйл болсон. Ер нь сүүлийн үед автобус баазууд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх хүн олон байна. Өглөө ажилдаа хоцрохгүй, өдөр түгжрээнд түүртэхгүй сайхан л байна. Өвөлдөө хөлдөж царцаад үйлчилгээндээ гарч чадахгүй автобус их байгаа ч унаагаар тасарчихгүй ажлаа амжуулаад байх шиг байна. Хальтиргаа гулгаатай энэ үед хамгийн найдвартай унаа автобус ч сайн зүйлд саар гэж байдгийн адилаар автобусанд нэгэн хүндрэл байна. Зарим баазын автобус хөлдөөд ажилдаа гарахгүй ээлжээр явах автобусны тоо цөөрөөд автобусны буудал дээр хүлээлт ихээр үүсч хүмүүс даарч хөрч байна. Цаашилбал автобусандаа даарч хөрсөн хүмүүс ороод дулаацах биш улам даарсаар байгаад гарч ирэх нь энүүхэнд. Хөлдүү унаанд хэн суухыг хүсэх вэ дээ. Гэхдээ хүлээж, хүлээчихээд суухгүй бол харамсалтай учраас суухаас өөр арга байхгүй байна. Тэгээд болоогүй автобусны тасалбарын үнийг 600 төгрөг болгох саналыг өгөөд байгаа гэнэ. “За яахав нэмвэл нэмнэ л биз харин бид нар дулаахан унаанд суумаар байна” гэж хүмүүс бухимдах вий дээ. Автобус баазууд чадна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Нөөцийн мах шиг хэдэн хүмүүс автобусаар дүүрэн байна. Даарч бээрсэн хүмүүс нэг нэгэндээ наалдаж шахцалдах нь тээртэй ч юм шиг. Зарим нь бүр бухимдаад хэрүүл зодоон гарах ч үе бий. Гэхдээ зүгээр дээ монголчууд олуулаа байхдаа хүчтэй байсан. Автобусандаа Эвтэй сайхан явбал монголчууд зоорь шиг автобусандаа ч хүчирхэг байж чадна. Тиймээс даарсан ч тэр хэдүүлээ овоороод шахцалдаад нэгэндээ уурлахгүй сайхан явцгаая. Хамгийн гол нь ажилдаа хоцрохгүй байх хэрэгтэй шүү дээ. Өглөө эрт автобусныхаа чиглэлийг сонгоод олон хүнтэйдээ суусан нь дээр юм. Цөөхөн хүнтэй автобусанд суучих юм бол шахцалдаж шүргэлцэх хүнгүй даарч орхино шүү. Энэ нь идэр есийн хүйтнийг ажрахгүй давах нэг хөшүүрэг гэж хэлж болно. Автобус хүлээж байхдаа битгий бухимдаарай даарсан бол орж ирээд сайтар гэгч нь шахцалдаад аваарай. Даарсан биеийг чинь дулаацуулж өгнө шүү дээ.

 

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих