Хэдий болтол архи наймаалагчдыг өмгөөлөх вэ?

Алхам тутамд баар, паб, архи зардаг дэлгүүр. Одоогоор 3680 согтууруулах ундаагаар үйлчилдэг газар 2010 оны эцсийн байдлаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо баримт Нийслэлийн захирагчийн ажлын албаныханд байна. Үүний 2352 нь худалдааны чиглэлээр, 1326 нь нийтийн хоолны чиглэлээр ажилладаг байна. Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо жилд ойролцоогоор 150-иар нэмэгддэг ажээ.

Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад 21-ээс доош насныханд үйлчилж болдоггүй хуультай. Харин нийслэлийн ихэнх бааруудад дунд сургуулийнхан “эзэгнэнхэн” байдгийг хэн хүнгүй л мэднэ. Мөн тэд цаг хэтрүүлэн ажиллана. Хүнсний дэлгүүрүүд ч бага насны хүүхдэд хэнэг ч үгүй архи, тамхи худалдаалж, мөн л шөнө бүр хууль зөрчин архи худалдаална.

Хуулиа үл биелүүлэгч худалдаачид согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрлийг 1993 онд батлагдсан хуулийн дагуу ердөө 16500 төгрөгөөр л авдаг гээд бодохоор тэдний тоо жил бүр нэмэгдэхээс ч аргагүй.

Харин саяхан батлагдсан шинэ хуулиар тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 250 мянга, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10 сая, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход 300 мянган төгрөгийн, согтууруулах ундаагаар шөнийн 00 цаг хүртэл үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж байхаар болсон.

Гэтэл энэ шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж буй “Хүнсчдийн холбоо”-ыхон хуулийг хүчингүй болгохыг шаардаж, төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй дотоод хэргийн яам, сангийн яаманд мэдэгдэл хүргүүлжээ.

Тэд архи, согтууруулах ундаа зараад хэчнээн төгрөгийн орлого олдгийг мэдэхгүй юм. Гэвч энэ хураамж нь хоёр жилд нэг удаа байх учир тийм ч өндөр биш санагдана. Үнэхээр хэцүү зовлонтой байгаа бол архи зарахаа л больчих л доо. Та нар архи зарж мөнгө олмоор байгаатай адилхан эхнэрүүд нөхрөө, хүүхдүүд аавыгаа нэг өдөр ч болов эрүүл байгаасай гэж хүсч байгаа шүү дээ.

Өнөөдөр согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, пабуудад ороод кофе, ундаа аваад суувал зөөгч нь бараг л “та уугаад дууссан бол гар даа” гэх нь холгүй нүд үзүүрлэнэ. Харин үйлчлүүлэгчид нь хэдэн шилээр нь архи, шар айраг худалдан авч, согтуурхан “тасарч” унаж байвал тэд баярлана.

Бодит байдлыг жингийн туухайн дээр тавиад үзвэл эндээс л чухам хэн нь хожиж, хэн нь хожигдож буйг харж болох биш үү.

Манай улсын нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа нь жилд 40 орчим литр байдаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээгээр бол аль хэдийнээ сүйрлийн хэмжээнд хүрчихсэн. Тус байгууллагаас нэг хүнд ногдох хэмжээг 8 литрээс давбал тухайн улс гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэдэг гээд бод доо.

Худалдаачид хоёр жилд нэг удаа төлөх төлбөрөө бодон “боож үхэх”-ийн даваан дээр болж, “жижиг дунд бизнес эрхлэгчдийг шахан хавчлаа, бид компаниа хятадуудад зарахаас аргагүй боллоо” хэмээн гомдоллож байх юм.

Тэгвэл бараг л захын жижиг дэлгүүрт архи зарсны хар гайгаар иргэд хордон амь насаа алдаж,  осол, гэмтлийн улмаас гарсан нас баралтын 52.5 хувь нь согтуугаар осолд өртөн нас барж, гарч буй гэмт хэргийн 70 шахам хувийг гэртээ архидан согтуурсан иргэд үйлдэж байгаагийн гомдлыг хэн тавих вэ?

Дээрх хуулинд өөрчлөлт оруулахаар архи, согтууруулах ундаа худалдаалагчид болон үйлдвэрлэгчид идэвхтэй хөөцөлдөж байна. УИХ-д суугаа архи үйлдвэрлэгчид чухам ямар шийдвэр гаргах бол? УИХ-ын гишүүд ард түмнээ боддог уу, хэдэн архи үйлдвэрлэгчид болон худалдаалагчдыг боддог уу, тэд үнэхээр хэн нэгэн хөрөнгөтний “захиалгаар” хууль гаргадаг уу гэдэг нь энэ хуулинд өөрчлөлт оруулах эсэхээс харагдах болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих