Тэмүүжин сайд барцадтай байна

Шинэтгэлийн Засгийн газрын Хууль зүйн залуу сайд Х.Тэмүүжин сайд болсон цагаасаа эхлээд мөн ч барцадтай сайдын

нэгэнд тодроод байна.  Тэрбээр угийн ганцаарчилсан тоглолтод гаршсан эрхэм. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр АН-ын багаасаа тасарч МАН-ын Ц.Мөнх-Оргил, Ногоон намын Д.Энхбат нартай хамтран “Учиртай гурван толгой” нэрээр сурталчилгаа хийж явсан. Байнга намын нөхдөө жийж ганцаарчилсан тоглолт хийдэг тул АН-ынхан өнгөрсөн УИХ-ын үеэр түүнээс зай барьж байв.

Уг нь УИХ-ын гишүүд шууд автоматаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болдог. Тэгвэл Х.Тэмүүжинг ганцааранг нь ҮЗХ-ны гишүүнээс хасч байв. Бас УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр тойроггүй хоцроож байлаа. Эцэст нь залуу, ирээдүйтэй улстөрч гэж АН-ынхан өршөөж түүнийг намын жагсаалтад багтаасан юм. Өмнөх УИХ-ын үед Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржтой нохой гайхайдаа тултал хэрэлдэж Х.Тэмүүжин “гөлөг” нэртэй болсон. Ц.Нямдорж гишүүн “хөгшин нохой” гэсэн хоч зүүгээд үлдсэн.

УИХ-д орж ирээд Хууль зүйн сайд болов. Хийсэн ажил нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын оффис болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Засгийн газраар шийдвэр гаргуулсан явдал. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийн барилгыг  оффис болгохоор ид улайрч байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр Ц.Нямдорж гишүүнд эмнэлгийн газраа авч үлдсэнд нь талархал илэрхийлээд байсан Х.Тэмүүжингийн цаад санаа нь эмнэлгийн барилгыг яамныхаа байр болгоход чиглэсэн байжээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэх шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гаргасан нь энд ажилладаг  эмнэлэгийнхэний  төдийгүй эгэл олны цухалыг бараад байгаа билээ. Эмнэлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо эмнэлэгээ төлөөлж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд он шилжих мөчид гомдол гаргасан байгаа. Гомдлын дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баярцэцэг нарыг хариуцагчаар татан хэрэг үүсгэсэн байна.

Ашиг сонирхлын зөрчил байнга ярьдаг Х.Тэмүүжин сайд төрсөн дүү Х.Хулангаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болгож өөрөө сонирхлын зөрчилтэй хүн гэдгээ нотлоод байна.

Бас дараагийн барцад нь тэрээр цагдаагийн байгууллагынхантай уулзахдаа Орост төгссөн хуульчдыг ивээлдээ авахгүйгээр үл барам  дээш нь гаргахгүй  ухааны мэдэгдэл хийсэн нь дуулиан тариад байгаа. Манай ихэнх нэртэй төртэй чадварлаг хуульчид ОХУ-д тэр дундаа Эрхүү хотноо олон мянгаараа төгссөн байдаг. Тэдгээр төгсөгчид хуулийн байгууллагын гол тулгуур болон эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай  ажиллаж байгааг хэн ч үгүйсгэхгүй.   Сайд маань эх орон нэгтнээ, мэргэжил нэгтнээ  үл ойшоодог  юмаа гэхэд элгэмсэг найрамдан оршсоор ирсэн хөрш улсын боловсролын системийг хэт  үгүйсгэж, хоёр улсын харилцаанд сэв суулгах болчимгүй мэдэгдэл хийсэн юм. Одоо түүнд ОХУ-д  хуулийн мэргэжлээр төгссөн  мянга мянган төгсөгчдөөс төдийгүй хойд хөрш, ‘’ах нараас’’ хүлцэл өчих шаардлага тулгараад байгаа гэж хэлж  болно. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг.  Бас дааганаас унаж үхдэггүй ээ, даравгар амнаасаа болж үхдэг гэдэг үг ч бас  бий.


URL:

Сэтгэгдэл бичих