УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2013-01-10/ хуралдаанаар “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

 

Тухайлбал гишүүдийн зүгээс бүсийн нэмэгдлийн асуудлыг ойрын жилд шийднэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Иймд энэ асуудлыг буцаалгүй чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн өмнөх УИХ-д нэлээд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр гишүүдийн олонхи нь одоогийн чуулганд сууж байгаа. Иймд хуулийн төслийг буцаах ямар шалтгаан байгаа талаар тодруулж байсан юм. Ингээд “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  буцаах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,3 хувь дэмжлээ.

 

Үүний дараа УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд асуултдаа, “ УИХ-ын даргын ажлын хэсэг хэдэн орон тоотой байгаа юм бол.

 

Жишээ нь нийслэлийн дүүргүүдийн хурлыг хараад байхад тамгын газартайгаа өрсөлдөхүйц ажлын албатай болж байгаа. Иймэрхүү байдал газар авч байна. Энэ байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байна вэ” гэдгийг тодруулав.  УИХ-ын гишүүн А.Бакей, “ 2004 онд батлагдсан орон тоо 6 байна. Одоо 8 орон тоогоор батлах саналыг Байнгын хороонд  УИХ-ын Тамгын газраас танилцуулсан.

 

Үүгээр бол улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны ахлах 1 , хууль зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөх тус тус 1 , улс төрийн бодлогын асуудал хариуцсан референт бөгөөд ажлын албаны ахлагчийн  туслах1, хууль зүйн бодлогын асуудал хариуцсан референт 1, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан референт 1, нийгмийн бодлогын асуудал хариуцсан референт 1 гээд нийт 8 орон тоо байна.

 

Ер нь УИХ дээр хэлэлцэж байгаа асуудал өргөн цар хүрээтэй байдаг  учраас даргын дэргэдэх Ажлын алба тодорохой чиглэлээр зөвлөх, референттэй байх нь зүйтэй гэж үзсэн .  Энэ нь 2004 онд батлагдсан орон тоо хоёроор нэмэгдэж байгаа юм. “ гэсэн хариултыг өглөө. Гишүүдийн асуулт дууссаны дараа тогтоолын төслийг батлах саналаар санал хураалт явуулж  64,4 хувийн саналаар уг санал дэмжигдсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

Б.Янжинлхам


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.