“Ертөнцийн гурав” буюу Монголчуудын гурамсан сэтгэлгээ

Монголчуудыг гурваар сэтгэдэг ард түмэн гэлтэй. Өвөг дээдэс, элэнц хуланцын үеэсээ ертөнцийг “Гурав” хэмээн үзэж, энэ онол нь ардын аман зохиолд үндсэн хэв шинжээ хадгалан уламжилсаар иржээ. Үүний тод илрэл нь монгол ардын аман зохиолын бага төрлийн нэг болох “Ертөнцийн гурав” билээ. Ертөнцийг гурван мөрөнд багтаан дүрсэлсэн байдагт энэхүү хэллэгийн гайхамшиг оршино.

 
Монголчуудын гурвын тоог эрхэмлэх үзэлтэй холбон тайлбарлавал, үүрд мөнх орших тулгын гурван чулуу, үргэлж мандан бадрахын бэлгэдэл болсон монгол соёмбын дээрх гурван гал, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг зэргээс гурвын тоо бол үүрд мөнх, хувиршгүй гэсэн нэг санаа төрж байна. Тиймээс ч “Ертөнцийн гурав” бүрээр илэрхийлж байгаа санаа бүр монголчуудын хувьд хамгийн хувиршгүй, мөнхийн гэж үзсэн зүйлсийг нэгтгэсэн байдаг ч байж болох юм.

 
“Ертөнцийн гурав”-ын утга агуулгыг ажиглахад, нүүдэлчин монголчуудын олон мянган жилийн турш аж төрөн амьдарч ирэхдээ хуримтлуулсан мэдлэг, туршлагын хуримтлал болохын хамт монголчуудын хувьд үнэн гэж үздэг бүхнийхээ тухай толгой холбон шүлэглэсэн уран хэллэгийн дээж байдаг.

 

Үнэн гэж чухам юу вэ, юуг сайн, юуг муу гэж үзэх вэ, хүн гэгч ямар байх ёстой, яаж амьдарвал зөв амьдрах вэ, юуг эрхэмлэн дээдэлж, юуг жигшин цээрлэх ёстой вэ гэх мэт хорвоо ертөнцийн олон талт үзэгдэл юмсын мөн чанар, хэв шинж, онцлог зэргийг танин мэдээд, ухаарч ойлгосны үндсэн дээр харьцуулан жишиж, нэгтгэн дүгнэж холбоо, хоршоо үгээр маш энгийн товч хэлбэрээр илэрхийлсэн, ертөнцийн хийсвэр зүйлсийг ойлгож ухаарсны гэрч баримт, баталгаа нотолгоо болов уу гэмээр сэтгэгдэл төрнө.
Тухайлбал: Ертөнцийн гурван үнэн юу вэ? гэхэд:

Төрсний эцэст үхэх үнэн

Хураасны эцэст дуусах үнэн

Хурсны эцэст тарах үнэн

хэмээн хариулна. Өөр хувилбарт:

Хураасны эцэст үгүйрэх үнэн

Ханилсны эцэст хагацах үнэн

Хураасны эцэст барагдах үнэн

Бүтсэний эцэст устах үнэн

гэж байдаг. Ерөнхий санаа нь “энэ ертөнцөд мөнхийн зүйл үгүй” гэсэн. Энэ санааг илэрхийлж буй гурван өгүүлбэр нь тус тусдаа төрөх – үхэх, хураах – дуусах /барагдах, үгүйрэх/, ханилах – хагацах, бүтэх – устах гэсэн үгсээр аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай болохыг баталж, мөр болгоны өгүүлэмжид харьцангуй үнэний тухай илэрхийлсэн бол гурван мөр нийлэхээрээ, буддын шашны “туйлын үнэн гэж байхгүй” хэмээх хоосон чанарын номлолтой утга дүйнэ.

 

Хүний үнэлэмжийн баримжааны ертөнцөд ямар нэг зүйлийг үнэн хэмээн хүлээн авах субьектив үйл болох сүсэг бишрэл чухал байр суурь эзэлдгийн баримт монгол аман соёлд илэрснийг дээрх жишээнээс харж болно. Энэ мэт ойролцоо утгыг илэрхийлсэн “Ертөнцийн гурван хэврэг” хэмээх хэллэг бий. Үүнд:
Эгнэгт батгүйн тул энэ нас хэврэг

Үүрд ханилахгүйн тул амраг садан хэврэг

Эцэстээ барагдахын тул эд хөрөнгө хэврэг

гэсэн нь хүн бол мөнх биш, үүрдийн найз нөхөр, амраг садан гэж байдаггүй, эд хөрөнгө хэмээгч хэзээд барагдаж дуусдаг болохыг танин мэдсэн мэдлэг ойлголт мөний дээр эдгээр нь монголчуудын хувьд үнэн хэмээн ухаарсан зүйлсийнх нь жишээ болно. Амьдралын туршлагаас үүдэлтэй эмпирик үнэний тухай өгүүлсэн нь олон.

Тухайлбал:

Өвчин бага ч үхлийн шалтгаан

Будаг бага ч өнгөлөхийн шалтгаан

Буян бага ч туслахын шалтгаан

 

Гал бага ч түлэхийн шалтгаан

гэх буюу эсвэл,

Элэг бүтэн хүн үгүй

Мөчир бүтэн мод үгүй

Үс бүтэн толгой үгүй

гэхчлэн ертөнцийн юм бүхэн харилцан уялдаа холбоотой, бие биеэ нөхөж, нэг нь нөгөөсөө хамаарч, учир зүйн шалтгаантай байдгийг танин мэдэхүйн үнэний хэмжүүр болгон ойлгосон хэллэгүүд байна.
Монгол ардын “Ертөнцийн гурав”-т гоозүйн үндсэн ойлголт болох сайхан муухай, гайхамшигт, гутамшигт, цэгц, цэмцгэр байдлын тухай ард түмний үзэл бодол шууд туссан байдаг. Гоо сайхан гэдэг бол байгаль болон нийгмийн үзэгдэл, үйл явцын харилцан шүтэлцэх, зохицолдоот хэмнэл, жигдрэл, урлагт бол түүний тусгал болсон бүтээл гэж хэлж болох юм. Тухайлбал:

Арван тавны сар нэг сайхан

Атар газрын цэцэг нэг сайхан

Аав ээжийн сургаал нэг сайхан

хэмээх хувилбарт арван тавны сар, талын цэцэг, аав ээжийн сургаалыг сайхантай зүйрлэсэн нь монголчуудын гоо сайхны үзлийн тогтсон хэв маяг, сайхны тухай үзэл баримтлал, эерэг үнэлэмж, сэтгэлгээний онцлогийг илэрхийлнэ. Дэлхийн улс үндэстэн бүрт сайн сайхан зүйлсийн талаарх ойлголт ухаарал, үнэлэмж нь амьдрах орчин амьдралын хэв маяг, дадал заншилтай нь холбоотойгоор өөр өөр байх нь тодорхой.

 

Монголчуудын хувьд эрт дээр үеэс жилийн дөрвөн улиралд тэнгэр огторгуй, од эрхэсийг шинжиж, зохицон амьдрахдаа сарны олон янз байдал, хувирлыг танин мэдэж, сарны шилжил хөдөлгөөнөөр цаг тооллыг зохион, аж амьдралдаа мөрдлөг болгож, өдөр тутмын болоод алс ирээдүй, үр хойчийнхоо амьдрал ахуйг зохицуулж ирсэн байна.

 

Бидний жишээнд өгүүлэн буй арван тавны сар бол хамгийн том хэмжээтэй харагддаг, тэр хэрээрээ шөнийн харанхуйг гийгүүлж, их гэрэл гэгээтэй байдгаар нь шинийн арван тавны сарыг үзэсгэлэн гоо, сайн сайхантай зүйрлэн хэлэлцэж, сайн сайхны тухай сэтгэлгээний тогтсон хэв маягийг илэрхийлэх болжээ. Эртнээс монголчууд эмэгтэй хүний гоо сайхныг гэрэл гэгээ цацруулсан, өнгө зүс тунгалаг байдалтай холбон үнэлдгийн жишээ энэ юм.

 

Хүн төрөлхтөний сэтгэхүйн нийтлэг дүр зурагт цэцэг навчийг гоо сайхны илэрхийлэл болгох нь түгээмэл байдаг бол, аав ээжийн сургаал захиасыг сайн сайхантай зүйрлэн сэтгэх нь дорно дахины улс үндэстэний ахмад үе, өвөг дээдсээ хүндлэн дээдлэх үзэл, гэр бүлийн дотно харьцааг эрхэмлэдэг сэтгэлгээний онцлог, эерэг үнэлэмжийн илрэл болно.
Түгээмэл тархсан бас нэгэн хувилбарт:

Жигдэрсэн оддын дунд сар сайхан

Жигүүртэн шувуудын дунд тогос сайхан

Жигдэрсэн моддын дунд галбарваасан сайхан

гэж байдаг. Юмс, орчин нөхцөлтэйгөө зохицсон байхын зэрэгцээ тэр бүгдээс давуу харагддагаараа сайханд тооцогддог гэсэн санааг илэрхийлж байна. Тэнгэрийн од эрхсээс сар, жигүүртэн шувуудын дундаас тогос, хүслийг хангагч галбарваасан гурваар сайхны жишиг хэмжүүр болгон, эерэг үнэлэмжээ илэрхийлжээ. Нар, сар, тогос шувуу зэргийг сайхны хэмжүүр болгох нь нэн түгээмэл байх бөгөөд харин галбарваасан модыг сайхантай жишиж, хэлэлцэх нь тийм ч түгээмэл биш.

 
Галбарваасан хэмээх самгард гаралтай, домгийн сэтгэлгээтэй холбоотой, хүссэн бүхнийг өгдөг нэг зүйл модны нэр аж. Дээд цаст уулнаас умар зүгт 500 бээрийн чанадад замбуутивийн хүмүүсийн эдэлдэг эрхэм мод байдаг. Уг мод нь хүний оронд ургадаг навч мөчир нь тэнгэрийн оронд тулдаг гэсэн домогтой. Хүслийг хангагч мод, тэнгэрийн мод ч гэнэ.

 
Монголчуудын хувьд эрдэнийн галбарваасан мод гэдэг бол энэтхэг, төвдийн уран зохиол утга соёлын зүйлсээс дамжин ирж монголчуудын бичгийн болон аман зохиолд үлэмжхэн дэлгэрсэн нэгэн зүйл үлгэр домгийн мод юм. Тиймээс ч “цаглахуй санааны найлзуур модон” хэмээн нэрлэж, хэрэв түүнийг ёсоор нь баясган шүтээд, хүсэл гуйлтаа даатгавал цаглашгүй хүсэл бүгдийг гүйцэлдүүлдэг хэмээн шүтэн биширч, эрхэмлэл хүндэтгэлийн бэлгэдэл болгохын хамт санаанд багтамгүй гоёмсог сайхны төлөөлөл, жишиг хэмжүүр болгосоор ирсэн нь энэ ажээ.

 
Хүн төрөлхтөний сэтгэлгээний хөгжлийг харахад өрнийхөн ерөнхий, хийсвэр, бүхлээс тусгай бодтой хэсгийг илүүтэй сэтгэдэг бол дорнын ард түмэн ерөнхий, хийсвэр, бүхэл хэсгийг эн тэргүүнд тавьдаг ажээ. Сэтгэлгээний энэ онцлог нь монголчуудын оюуны соёлын чухал бүрэлдэхүүн болох “Ертөнцийн гурав”-т үндэстэний өвөрмөц сэтгэлгээний баримт болон хадгалагдан уламжлагджээ.

 

ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний

ажилтан С.Энхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих