Утаанаас салж, эрчим хүчний хямралаас гарья гэвэл нүүрсээ шинэчил

Тайлал хэсэг

Улаанбаатар хотыг утааны гамшгаас салгахын тулд цэцэрлэгийн хүүхэд ч бодчихоор жижигхэн бодлого бодож, түүнээс гаргалгаа гаргацгааяа.
10000 ккал/кг илчлэгтэй 1 тонн чулуун нүүрс, 2500 ккал/кг илчлэгтэй 4 тонн хүрэн нүүрс хоёрын шаталтын дулаан тэнцүү гэдгийг батлая.
10000 ккал/кг х 1000 кг = 2500 ккал/кг х 4000 кг
10 000 000 ккал = 10 000 000 ккал
Нэг тонн чулуун нүүрсний гаргах дулаан 4 тонн хүрэн нүүрсний дулаантай тэнцүү гэдэг нь батлагдпаа.
-Тэгвэл 1 тонн, 4 тонн хоёрын зөрөө 3 тонн нь юу байж таарах бэ?
- Шатдаггүй, хэрэггүй хольц л биз, өөр юу байж таарах билээ.

-3/4 гэдэгчин 75 хувь. Тийм их үү? Тэгээд 25 хувь нь нүүрс болж байна уу?
-Тиймээ, хар, цагаан хоёр өнгө чинь хамгийн хүчтэй будагч өнгө гэдгийг мэдэх үү? Нүүрсний хольц, хаягдлыг бүгдийн хараар будчихаар цөмөөрөө нүүрс л гэж харагддаг юм.

-Тэгвэл 10 000 ккал илчлэгтэй 1 тонн нүүрс уурхайгаас гаргах, зөөх тээвэрлэх, түүнийг шатааж дулаан үйлдвэрлэхэд зарах бүх зардал 4 тонныхоос 4 дахин бага болж байна уу?
-Яг тийм, чанартай 10 000 ккал/кг илчлэгтэй нь 4 дахин бага өртгөөр үйлдвэрлэгдэж байхад чанар муутай нь 4 дахин их өртгөөр үйлдвэрлэгддэг, урвуу хамааралтай юм. Энэ хамаарлыг мэддэггүй хүмүүс л Улаанбаатарыг гамшгийн байдалд оруулаад байгаа юм шүү дээ!

-Тийм гэж үү. Тэгвэл 1 тонн чулуун нүүрс түлэх, 4 тонн хүрэн нүүрс түлэх хоёрын утаа нь бас 4 тонн нь 4 дахин их байдаг уу?
-Тиймээ, чи бараг зөв бодож байна. Гэхдээ 4 дахин биш, нүүрсний дулаан гаргах чадвар хоёр дахин ихсэхэд утаа, утаатай хаягддаг нисэмтгий хольц 4-5 дахин багасдаг юм. Тэгэхээр 4 дахин биш? манай тохиолдолд 8-10 дахин багасна гэсэн үг
-Дээд зэргийн чанартай нь, бага өртөгтэй байхад чанаргүй нь их өртөгтэй, тэхдээ бүр хэд дахин их өртөгтэй гэж бодохоор толгой эргүүлж чадаж байна шүү. Бас утаа нь 4 биш 8-10 дахин бага гэж бодохоор санаанд нэг л багтахгүй байна.
-Утаагүй түлш гээд байгаа кокс асар их илчлэгтэй болохоор утаагүй шахам байдаг шүү дээ, Дизель түлш утаатай байхад онгоцны бензин утаагүй байдагт үнэмшдэггүй юм биш биз дээ.
Одоо чи Улаанбатар хотыг утаанаас нь салгаж чадах уу?
-Чадна, бүр дулаан, цахилгааны үнийг хямдруулж ч чадах юм байна, бас эрчим хүчний системийг мөнгө зарахгүй хөл дээр нь босгож болох юм байна.

-Тиймээ, одоогийн гай гамшгийн эзэн нь болсон 2500 ккал/кг илчлэгтэй хүрэн нүүрснээс татгалзаж ядахнаа 5000-6000 ккал/кг илчлэгтэй чулуун нүүрсэнд л шилжих эр зориг хэрэгтэй байгаа юм.

Нүүрсний шинэчлэл хийх үндэслэл

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрчим хүчний шинэчлэл хийхгүйгээр одоогийн байгаа байдлаар нь цаашид удаан авч явах боломжгүй болжээ.

-Ард түмний нэг хэсэгнь ядууралд орж, үнэтэй эрчим хүч, түлээ нүүрс хэрэглэх чадваргүй болсны гайгаар шатдаг болгоныг түлж агаарыг улам хордуулж байгаагийн зэрэгцээ, ойн мод руу уулгалан дайрч байгаль, экологид хэмжээшгүй хор хохирол учруулж байна.

-Төсвийн байгууллагууд хувийн эмнэлэг, сургууль, үйлчилгээний байгууллагуудын шүдний өвчин болсон хамгийн гол асуудал бол халаалт дулаан, цахилгааны зардал болоод удаж байгаа. Зөвхөн эрчим хүчний энэ зардал байгууллагын нийт зардалд ихээхэн хувийг эзэлж тэдний хөгжилд бодитой бэрхшээл учруулж байна.

-Дөнгөж хөгжиж ядаж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлд ч дарамт болж байна

-Асар их зардал чирэгдэл болж үйлдвэрлэл явуулдаг нүүрсний уурхайнуудын чадамж жилээс жилд буурч, үнэ ханшаа нэмэх шаардлага байнга тавьдаг болсон

-Эрчим хүчний үнийн өсөлт нь ард түмний амьжиргааны өртөгт сөрөг нөлөөллөө үзүүлэв

-Цаашид эрчим хүчний хэрэглээ улам өсч, дорвитой арга хэмжээ авахгүй бол хямралд хүргэж болзошгүй шинжүүд мэдрэгдэж байна. Ийм нөхцөлд эрчим хүчний шинэчлэл хийх ганцхан арга зам үлдэж байна. Энэ шинэчлэл бол дээрх бүх шаардлагуудыг нэг мөр хийж чадах тийм шинэчлэл байх ёстой. Үүнийг бид нүүрсний шинэчлэл гэж үзэж байгаа юм.

Нүүрсний шинэчлэлийн агуулга, ач холбогдол

Таван толгой, Нарийн Сухайтын нүүрснээс илчлэг нь 4 дахин бага 2500 ккал/кг илчлэгтэй. Бидний түлж байгаа чанар муутай хүрэн нүүрс бол хотын агаарын бохирдлын гол эзэн нь. Эрчим хүчний үнэ буурахгүй. Харин өсөх үндсэн шалтгаан нь гэдгийг ойлгуулах, нөгөө талаар утааны гамшгаас салах, эрчим хүчний системийг хөл дээр нь нэмэлт зардал чирэгдэлгүй босгох хамгийн сайн арга бол ядахнаа 5000-6000 ккал илчлэгтэй чулуун нүүрсэнд шилжих явдал юм.

 

Хамгийн бага зардлаар, хамгийн өндөр үр дүнд хүрэх нь бидний зорилго, хамгийн өндөр потенциал ашиглаж хамгийн бага зардлаар хурдан хугацаанд хөгжлийн өндөрлөгт хүрэх үү, эсвэл хуучин сэтгэлгээ, хуучин дадал зуршлаараа бага потенциал ашиглаж удаан хөгжих үү гэсэн хоёр сонголт бидний өмнө тэр тусмаа эрчим хүчнийхний өмнө тулгараад байна.

 
Өндөр потенциалтай нүүрс сонгох уу, нам потенциалтай нүүрс сонгох уу, гэдэг нь бидний хувьд зөвхөн сонголтын асуудал болохоос биш бурханы авралаар байгаль эх маань бидэнд нэгэнт заяачихсан болохоор бусдын адил байхгүйн зовлон үгүй юм. Тэгэхээр бидэнд зөвхөн сонголт, сэтгэлгээний л асуудал үлдсэн гэдгийг ойлгоосой, ард иргэдээ гамшгаас хурдан гаргаасай гэж дахин дахин бурхандаа мөргөн залбиръя.

 
Улаанбаатар хотод хагас кокс үйлдвэрлэх гэж хоёрдугаар цахилгаан станцад хэдэн тэрбумаар мөнгө цацлаа, үр дүн гарсангүй. Дахин хотод хагас коксийн үйлдвэр. Гэхдээ бүр томыг барих сураг гарч эхэллээ, хэдэн тэрбумыг булах бол гэхээс өр өмрөх шиг болох юм. Бодвол гадны орны туршлага болов уу. Тэд чинь хүрэн нүүрснээс өөр өндөр илчлэгтэй нүүрсгүй болохоор л авч хэрэгжүүлсэн арга байсан биз.

 

Бид чинь газар дороо тэр үйлдвэрлэх гээд байгаа хагас кокс чинь бэлнээрээ байгаа гэдгээ мэдээсээ билээ, ачиж ирээд түлээсээ билээ. Ер нь улс орны эдийн засгийн чадавхи сул, техник технологийн түвшин доогуур байгаа одоогийн нөхцөлд өндөр потенциалтай сайн чанарын нүүрсээ ашиглаж, хөгжиж дэгжиж авсан үедээ хожмоо техник технологийн өндөр төвшинд хүрсэн үедээ чанар муутай нүүрсээ ашиглах холын бодлогоо болгож ажиллаасай гэж дахин дахин бурхандаа мөргөе.

 
2004 оны арванхоёрдугаар сарын 22-ны “ҮНЭН” сонины 250 дугаарт “Нийслэлийн нүүрсний утааг 5-10 дахин багасгаж, эрчим хүчний үнийг хоёр дахин бууруулах боломжийн тухай” гэсэн анхны өгүүлэл бичсэнээс хойш төрийн гурван өндөрлөгт хэд хэдэн удаа, сонин хэвлэлд олон удаа бичсэн боловч, элсэнд асгасан ус адил алга болсон болохоор одоо бурхандаа найдахаас өөр найдвар үлдсэнгүй гэдгийг эрхэм уншигч олондоо дуулгаж хүлцэл өчье.

 

Гадны хөрөнгө оруулалт татах олон арга байдаг. Тухайлбал урд хөрш хүн ам олонтойгоо ашиглаж хямд ажиллах хүчээр татдаг. Манай улс өндөр потенциалтай нүүрсний арвин их нөөцөө түшиглэж эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэлхийд байхгүй бага үнийн тарифаар хөрөнгө оруулалт татах асар их боломж бий. Ялангуяа эрчим хүчний хэрэглээ өндөртэй, боловсруулах үйлдвэрлэлийг маш хурдан татна.

 

“Энержи рессурс” компани орчин үеийн дулааны цахилгаан станц яг нүүрсний дэргэд өөрсдийн хүчээр, дан монголчууд барьж чадлаа. Ийм олон арван цахилгаан станц барьчихаад дэлхийд байхгүй бага үнийн саналаар хөрөнгө оруулалтыг урин дуудах юм сан. Гадаад руу зөөхөөсөө илүүтэй дотооддоо эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бий болгох замаар нүүрсний хараат байдлаас бага боловч гарах аргын талаар монголчууд бидний бодол санаанд нэг л орохгүй байгаа нь эмгэнэл юм шүү!

 

Нүүрснээс орж ирж байгаа валютыг эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, эрчим хүчний үнийг дэлхийд байхгүй хямдруулах замаар хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлж ажиллаасай билээ. Нүүрсний өндөр потенциалыг бид үйлдвэрлээгүй- бурхан, байгаль дэлхий бий болгосон болохоор түүнийгээ өөртөө хэдээр үнэлж, эрчим хүчний үнийг хэдээр тогтоох нь монголчууд бидний санаа, дур зоргын асуудал гэдгийг ойлгоосой билээ.

 

Харин нүүрсээ гаднаас худалдаж авдаг байсансан бол бид тэгж чадахгүй л дээ. Дулааны тавдугаар цахилгаан станц баригдахаар олон жил яригдсан боловч хэрэгжсэнгүй. Харин энэ станц нь өндөр потенциалтай нүүрсээр ажилладаг байхаар бодолцож зураг төсөл нь гараасай, тоног төхөөрөмжийн сонголт хийгдээсэй билээ. Өндөр потенциалтай нүүрсээр ажилладаг байж өндөр үр ашиг гарна, үнс нурам, утаа тортгийн гамшгаас сална гэдгийг ухаараасаа билээ.

 

Гадаадын өндөр цалин өгдөг компаниуд арай гайгүй гэсэн мэргэжилтнүүд мэргэжилтэй ажилчдын татчихаад дотоодод дундчууд, дундаас доошчууд үлдэж хоцроод байгаа нь үнэн юм. Улстөрч гэдэг бүхнийг мэдэгч, үнэндээ юу ч мэддэггүй мэргэжлийн бус сайдууд эрчим хүчний байгууллагын чадавхиар тоглож дууслаа. Энэ салбарын удирдлага нь хал үзэж халуун чулуу долоосон, хашир туршлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, авч идэхийн дон шүглээгүй тийм хүн үеийн үед үргэлж авч яваасай гэж бурхандаа зальбиръяа.

 

Нүүрсний стратегийн ач холбогдлыг нүүрсний объём хэмжээгээр нь биш, илч илчлэгээр нь тогтоох ёстой. Бага зардлаар хямд эрчим хүч үйлдвэрлэх ганц боломж өндөр потенциалтай нүүрс гэдгийг доороосоо дээрээ хүртэл яс махандаа шингэтэл ойлгох ёстой. Ийм ойлголтгүй явснаас “далай дотор мэлхийн ам хатахын” үлгэрээр утаандаа хахаж үхэх нь холгүй, өндөр үнэтэй эрчим хүчээ худалдаж авах тэнхэлгүй, байгаль орчноо сүйтгэж байгааг ойлгох цаг нь болсон байна.

 
Тодорхой хугацаанд бага илчлэгтэй, чанаргүй нүүрс олборлох, хэрэглэхийг хориглосон заалтыг эрчим хүчний тухай хуулинд оруулсан ч болохгүй гэх юмгүй. Нүүрсийг дотооддоо ямар үнээр ашиглах, гадаадад хэрхэн боловсруулж ямар үнээр экспортлох вэ гэсэн төрийн бодлого байхгүйгээс 8000 ккал/кг-аас дээш илчлэгтэй Нарийн Сухайтын тунгалаг утаатай, алт шиг нүүрсийг 8 ам.доллараар Хятадад хувийн компани гаргаж байхад төр зүгээр хараад сууж байсан шүү.

 

Үүнд л төрийн бодлого хэрэгтэй болоод байгаа юм. Газрын хэвлийн баялаг нь Монголын ард түмний өмч мөн гэж үндсэн хуулиндаа тунхагласан хэрнээ стратегийн ач холбогдол гэдэг ойлгомжгүй зүйлийг ашигт малтмалын хуулинд оруулж томоохон орд нь ард түмний өмч, жижиг орд нь биш, дарга нарын өмч юм шиг ойлгомжгүй байдал үүсгэж байгаа нь бас л хэсэг бусаг хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой хуулийн цоорхой.

 

Төр газрын хэвлийн баялгийг их, багаар нь ялгаварлахгүй өмчилж хувийн компаниудад түрээсийн хатуу гэрээгээр урт хугацаагаар эзэмшүүлэхээс өөр ямар ч зохицуулалт байх ёсгүй.

“Био-Агро”ХХК-ийн захирал, зуухны инженер Т.Янжив,

Дулааны инженер Я.Дашдэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих