Эрүүл, урт наслах 10 боломж

Түлхүүр үгс: Дасгал хий, илчлэгээ зөв зохицуул, тамхи бүү тат. Тэгвэл та урт наслана.
Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон. Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж амьдрахыг хэлж байгаа юм.
Та бидэнд байгаа 10 боломж
1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо болон хальстай үр тариаг түлхүү хэрэглэх.
2. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Үүнд: Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, булчингийн хүч, тэнцвэрт байдал, уян хатан чанараа хадгалах дасгалууд хийж хэвших.
3. Биеийн эрүүл мэндээ байнга анхаарч ахмад настанд зонхилон тохиолддог өвчин түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр хувийн төлөвлөгөө гаргаж “Хэдийд ямар мэргэжлийн эмчид очиж үзүүлэхээ “ төлөвлө. Мөн эмч таныг дахин үзэхээр зөвлөвөл тэмдэглэн авч, хугацаандаа үзүүлж байх.
4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй. Өнөөдрөөс эхэл.
5. Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал: Гэртээ ахуйн уналтаас сэргийлэх, машинаар зорчихдоо суудлын бүсийг байнга бүсэлж бай.
6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй бай. Гэр бүл, найз нөхөдтэйгээ байнга харилцаатай байж тэднээс холбоогоо бүү таслаарай.
7. Хэт халж, даарч хөрөхөөс зайлсхий.
8. Та өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ эрч хүчийг бэлэглэнэ.
9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох.
10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж яв. Өөрийнхөө дур сонирхолтой зүйлийг хийж бай.
Дээрх 10 боломжийг та амьдралдаа ашиглан хэвшүүлж чадвал нас ахих тусам таны өмнө зайлшгүй тулгарах асуудлуудыг хялбархан шийдвэрлэж таны амьдрал болон ажил үйлс тань баяр баясгалантай байх болно. Бид таныг энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

URL:

Сэтгэгдэл бичих