КИБЕР ДАРАМТ (CYBER-BULLYING)

Батаа муу сурдаг”, “Дулмаа нойлийн ногоон тэг”, “Дондог мангар”, “Чимгээ тэнэг”, “5А сөнөтүгэй”, “3Б мандтугай”. Соц-нийгмийн үед хүүхдүүд нэгийгээ доромжлох, дооглох зорилгоор ханд туурган дээр эв хавгүй сараачсан иймэрхүү бичлэг одоо ч хаа нэгтээ харагдаж л байдаг юм. За энэ ч яахав. Гэтэл орчин үед мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотойгоор дээрх тоглоом шоглоом улам өргөн талбарт, хурц хэлбэрээр илрэх болсныг нийгэм болон сэтгэл судлаачид анхааруулах болов. Юун компьютер тоглоомонд донтох…

интернет , мэдээллийн технологи хүн төрөлхтөнд хөгжил дэвшил, шинэ бололцоо, сонирхолтой орчин нөхцөл олгосон шигээ аюул, айдсыг давхар агуулах болж. Тэрхүү айдас аюул, хүндрэл нь нас биенд хүрэгчид гэхээсээ хүүхэд өсвөр үеийнхэнд ч сөрөг нөлөөгөө үзүүлж, улмаар ноцтой үр дагаварт хүргэх болсон тухай нэг бус мэдээлэх болж. Ингээд та бүхэндээ шинэ тутам нийгмийн , цахим орчинд үүсэх болсон сөрөг харилцааны тухай зарим нэг ойлголт, сэрэмжлэн болгоомжлуулах үүднээс доорх мэдээллийг бэлтгэн хүргэв.
Баримт…
2002 онд америк хүү Жислен Раза саваа төмөр ашиглан “Оддын дайн” киноны баатрыг дуурайн жүжиглэсэн видеоролик хийж өөрийгөө зугаацуулжээа. Нэг ангийнхан нь эзнийх нь зөвшөөрөлгүйгээр уг видеог интернетэд байрлуулсанаар уг бичлэгийг олон сая хүн үзэхэд хүрчээ. 2 жилийн дараа гэхэд киноны хөгжим, тусгай эффект болон түүний роликоос сэдэвлэсэн тусгай сайт бүтээгдэж, улмаар 76 сая гаруй хэрэглэгчид хүрч чадсан гэдэг. Жислений тоглосон видео 2004 онд хамгийн их үзсэн бичлэгээр шалгарчээ. Гэвч алдарт “Оддын дайны хүүхэд” (Star Wars Kid) гэж нэрлэгдэх болсон Жислений эцэг эх видеог байрлуулсан нэг ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн эсрэг шүүх дээр зарга үүсгэх болсноор асуудал эсрэгээр эхэлжээ.
15 настай Жуди Румбын ангийн хүүхдүүд түүний илүүдэл жин болон үхэх цаг хугацааг нь зарласан сайт хийжээ. Кайли Кенни “Кайлыг ал” хэмээх нэр төрийг нь гутаасан мэдээлэл бүхий түүний байрлаж буй газар солбилцлыг заасан сайтаас болж хэд хэдэн удаа сургуулиа солиход хүрчээ. Улмаар охин гэрийн нөхцөлд суралцахаас өөр аргагүй байдалд орсон гэдэг. 16 настай  Жед Престо сургууль дээрээ хүүхдүүдтэй муудалцсаны улмаас гэрээсээ гарахаа больж, бүр амиа хөнөөхийг оролдсон байна. Учир нь үе тэнхийнхэн нь интернетэд цуурхал тарааж, гар утсаар доромжилсон утгатай мессежээр илгээж, шөнийн цагаар утсаар түүнийг заналхийлж эхэлсэн аж.
13 настай Райан Патрик Галаган гомо гэж дайрч доромжилсон хуучин найзуудынхнаа дайралт доромжлолыг тэвчилгүй амиа егүүтгэсэн байна. Хүүгийнхээ үхлийн дараа эцэг нь Райантай уулзаж байсан ч харилцаагаа тасалсан охидын жагсаалт болон түүний хувийн захидлыг олон нийтэд дэлгэжээ. Тэрээр хэн түүнийг хорлож байгаа тухай сонин дээр бичих болно гэж бичсэн байсан бөгөөд харин найзууд нь “энэ бол зөвхөн зугаа байсан” хэмээн хэнэг ч үгүй хариулсан гэдэг.
Кибер-дарамт гэж юу вэ?
Кибер дарамт (cyber-bullying) бол өсвөр үеийнхний виртуал террор. Насанд хүрэгчид өөрсдийн хүүхдүүдийн кибер-амьдралын тухай аюул заналыг тун бага мэдэрч байна. Гэхдээ амиа хорлолт, эмгэнэлт үхэл, үе тэнгийнхэндээ учруулсан гэмтэл шарх зэрэг кибер дарамтын дам болон шууд хор уршгийн тухай бодит мэдээлэл нэг бус сонсогдох болсон. Харамсалтай нь энэ тохиолдлуудын дараа эцэг эхчүүдийн “ийм юм болно гэж төсөөлж ч байсангүй”, “Ямар сайн хүү байлаа” зэрэг аргагүйдсэн харамсал үлдэх нь олонтаа.
Уламжлалт, хүнд сурталт тогтолцооны хувь үүссэн асуудлын талаар нухацтай арга хэмжээ авч чадахгүй байгаа бөгөөд ямар нэг хуурамч “бай”-г гэм буруутай мэтээр тооцохоос цааш тохирох хариу үйлдлийг хийж чадахгүй байна. Яг үнэндээ хаана хаанаа кибер-дарамтын тухай тун хангалтгүй мэдэж байна. Кибер-дарамт бол үл үзэгдэх, учруулах хохирол нь үл ухамсарлагдах зүйл. Гэхдээ асуудлын виртуал чанарыг эс тооцвол бодит үзэгдэл мөнөөсөө мөн.
Кибер-дарамт гэдэг нь сэтгэл зүйн хор хөнөөл учруулах зорилгоор цахим шуудан, социал сүлжээ, веб сайт, болон үүрэн холбооны үйлчилгээ ашиглан дайралт хийх явдал юм. Иймэрхүү удаа дараа давтагдсан түрэмгий зан үйл нь эрх мэдлийн тэнцвэргүй байдал (бүлэг дэх биеийн хүчний болон нийгмийн байр суурь зэрэг) дээр тулгуурлан хүнийг хохирооход чиглэдэг. Харин үүнд хүүхэд рүү чиглэсэн насанд хүрэгчдийг жирийн дарамтыг тооцоогүй болно.
Кибер-дарамт нь хамгийн багадаа ямар нэг ноцтой зүйл агуулаагүй тоглоом марзганалаас аваад амиа хорлох, хөнөөхөд хүргэхүйц эргэн засагдахын аргагүй хор хохирол учруулдаг сэтгэл зүйн виртуал хүчирхийлэл хүртэлх зан үйлийн олон хэлбэрийг өөртөө агуулдаг.
Америкийн судлаачид кибер-дарамтыг үндсэн 8 хэв маягт ангилсан байна. Үүнд:
1.    Хэрүүл  маргаан ба өширхөл (flaming) -  сүлжээгээр олон нийтийн талбарт 2 буюу түүнээс дээш тооны хүмүүс хоорондоо сэтгэл хөдлөлтэй сөрөг үг хаялцах. Заримдаа ужгирсан зөрчилдөөнд (holywar – ариун дайн) хүрч болно. Харин өширхөл бол тодорхой нөхцөлд ижил түвшний хүмүүсийн хоорондын тэмцэл сэтгэл зүйн тэгш бус хүчирхийлэл болон хувирахыг хэлнэ. Гэнэтийн иймэрхүү дайралтаас болж золиосны этгээд сэтгэл гутралд хүчтэй орох нь бий.
2.    Дайралт – байнгын сунжирсан довтолгоо (harassment) буюу хохирогч руу олон зуун мессеж, утасны дуудлага зэрэг хувийн харилцааны сувгийг нь байнга ачаалах замаар доромжилсон мэдэгдэл хийх явдал. Ийм зүйл чат, форум, ялангуяа сүлжээний тоглоом зэрэгт  уг технологи ихээр ашиглагддаг ба grieffers буюу бусад оролцогчдын тоглолтын туршлагыг үгүйсгэх, ялуулахгүй байх зорилготой бүлэг тоглоомчид хүртэл “ажиллаж” байдаг юм.
3.    Гүтгэлэг (denigration) бол худал, гүтгэн доромжлох мэдээлэл цацахыг хэлнэ. Секс шинжтэй бичмэл болон фото мэдээлэл, дуу байх нь олонтаа. Хохирогч нь хэн нэг хүүхэд байх төдийгүй нэг ангийнхны тухай онигоо бүхий “зад авсан ном” (slam books) бүхий жагсаалт үйлдэх (“хэн хэнтэй унтсан”, “сургууль дээр хэн нь хэн бэ”) байдлаар нэг бүлэг ч байх нь бий.
4.     “Нэр зээлдэх” (impersonation) – дарамлагчийн зүгээс хохирогчийн нууц дугаарыг ашиглах, эсвэл адил нэр өгөх замаар социал сүлжээ, блог, цахим шуудан, болон бусад харилцааны хэрэгслийг ашиглан түүний өмнөөс бичих замаар хохирогчийн нэр хүндийг унагах үйлдэл хийхийг хэлнэ.
5.    Хууран мэхлэх – нууц мэдээллийг мэхэлж аваад түүнийг тараах (outing & trickery) хувь хүний мэдээллийг олж аваад, түүний интернетэд тавих
6.    Гадуурхал. Аль нэг бүлэгт элсэх, багтах гэдэг бол ямар ч хүнд байдаг хүсэл. Бүлгээс хасах нь яг социал үхэл л гэсэн үг. Хүн хэдий чинээ харилцаанаас шахагдана, төдий хэрээр өөрийгөө үнэлэх үнэлэмж нь унаж, таагүй мэдрэмж төрнө. Виртуал орчинд хүүхдүүдийг сэтгэл зүйн хувьд яг ингэж унагах бүрэн боломжтой. Онлайн гадуурхал нь нууц дугаар ашиглан, хэрэггүй гэж тооцсон захидал, найз нөхдийн жагсаалт үйлдэх байдлаар илэрдэг. Иймэрхүү кибер-цөллөг нь цахим шуудан, мессежинд хариуг өгөхгүй байх зэргээр мөн илэрч болно.
7.    Кибер мөрдөлт – дарамт, хүчирхийлэл зохион байгуулах зорилгоор золиосны этгээдийг нууцаар мөрдөн мөшгих зэрэг орно.
8.    “Баяртайгаар алгадах” (Happy Slapping) – Английн метронд өсвөр үеийн хүүхдүүд явуулын хүнийг цохиж зодож байсныг бусад нь гар утсаараа бичиж авсан тохиолдлоос үүдэн энэхүү нэр томъёо гарчээ. Өдгөө уг нэршлээр хүчирхийллийн бодит үзэгдлүүдийг бичлэгт буулган авах явдлыг нэрийдэх болсон байна. Улмаар уг роликоо интернетэд байрлуулан хүмүүст хүргэдэг байна. Анх тоглоомоор эхэлсэн зүйл эмгэнэлд хүрсэн жишээ ч бий. Бичлэгээ интернетэд байрлуулахын тулд 18 настай Тристон Кристмасыг бүлэг залуус зодож танхайран, улмаар толгой руу нь хүчтэй цохьсоны улмаас хохирогч амиа алдаж байх үед алуурчид болон ажиглагчид энэхүү танхай үдэшлэгээ үргэлжүүлсээр байсан гэдэг.
Уламжлалт буюу урьд өмнөх янз бүрийн хэлбэрийн дарамтаас кибер-дарамтын ялгаа нь интернет орчинд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хохирогч буюу золиосны этгээдэд халдах, маш өргөн хүрээтэй үзэгч хүмүүст хүрэх боломж болон нэр усгүйгээр хууран мэхлэх өндөр нөхцөл олгогдсон байдаг. Бусад дарамт тухайлбал, сургууль дээр том нь жижиг сул доройгоо дээрэлхэх явдал тухайн хүүхэд гэртээ харьснаар дуусгавар болдог. Тэгвэл кибер-дарамт нь орчин цагийн хүүхдийн амьдралын салшгүй хэсэг болсон мэдээлэл харилцааны технологи ашиглан, бүхий л хугацаанд нуугдан бултах аргагүйгээр кибер-довтолгоо өгдгөөрөө онцлог юм. Кибер дарамтын хувьд өндөр нуруу, том булчин ямар ч шаардлагагүй, зүгээр дуртай үедээ дарамтлан хүчирхийлэх бололцоо олгох техник хэрэгсэл байхад л хангалттай.
Нэргүй “дайсан” үл танигдан үлдэх болно. Тэр үед хохирогч “яасан гэж”, “яагаад заавал би гэж”, “намайг хэн тэгэв” зэрэг эцэс төгсгөлгүй асуултаар өөрийгөө зовоох болно. Кибер-дарамтын золиос нь бодит дарамтаас илүү хүчтэй тусдаг. Учир нь ихэнх эцэг эхчүүд тухайн нөхцлөөс гарах гарцыг гар утас, компьютер зэрэг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг нь хязгаарлах байдлаар давхар шийтгэхээс болгоомжилдог тул насанд хүрэгчдээс тусламж авахаас эмээдэг. Нэг үгээр виртуал орон зайгаа алдахаас айх айдас нь өөрийн асуудлаа насанд хүрэгчдээс нуух байдал руу түлхдэг аж.
Кибер-дарамттай тэмцэхүй
Кибер-дарамтаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?  Нэн тэргүүнд хүүхдийнхээ виртуал хэрэглээг анхааралтай ажигла. Хүүхдүүд виртуал орчинд томчуулын боддогоос өөр байдлаар тоглоомын дүрэм зохиох нь бий. Тиймээс тэдний хэрэглээ, ашиглалтад тодорхой дүрэм мөрдүүлж байвал зохино. Мөн ажиглах боломжтой газруудад компьютерийг нь байршуулах,  интернетэд сууж буй үед яаж биеэ авч явж байгааг нь заримдаа хянаж байхад зүгээр. Хичээл номдоо сулрах, найз нөхөдтэйгээ муудалцсан үед нь мессеж бичих, интернет ашигласны дараагаар хүүхдүүдээ анхааралтай ажигла. Хүүхдийнхээ онлайн нэр хүндийг нь хайлтын систем ашиглан анзаарахад илүүдэхгүй.
Хэрэв хүүхэд тань кибер-дарамтын хохирогч болсон байвал тухайн үйл явдлыг нотлох баримтыг хадгалах хэрэгтэй. Хүүхэддээ сэтгэл санааны дэмжлэг үзүүл. Хүүхдийн чинь эсрэг түрэмгийллийн учир шалтгааныг ер багаар үнэлж болохгүй. Тэднийг шийтгэж, харилцаанд нь хязгаарлалт хийж болохгүй. Нөхцөл байдлын талаар анхааралтай сонсож, зөвшилц. Цаашид кибер дарамтад орохгүй байх талаар зөвөлгөө өг, интернет ашиглалтын аюулгүй байдлын талаар энгийн дүрэм зохио. Нэг удаагийн ярилцлага нь мэдээллийн дархлаа тогтооход хангалтгүй тул үе үе сэргээн сануулж байхад гэмгүй.
Хүүхдүүдийн хувьд ч ийм асуудалд холбогдсон үед өгөх зарим зөвөлгөө байгааг анзаараад авахад илүүдэхгүй.
Кибер орон зайд сөрөг дайралт хийх гэж бүү яар. Харин уур уцаар, бухимдлаасаа салж тайвширсны дараа бичиж, хандахыг хэлэх нь оновчтой. Түрэмгий шинжтэй мэдээлэлтэй хэрхэн хариулах талаар насанд хүрэгчидтэй зөвлө. Нэр тодорхойгүй хуурамч зүйлд үл автах хувийн онлайн нэр хүндийг бий болго. Өөрөөр хэлбэл, интернет дэх nickname чинь өөр хэн ч дуурайж, өмнөөс чинь чалчих бололцоогүй байх ёстой. Дарамтын талаар баримт нотолгоог хадгал. Тухайн мэдэгдэл, видео, зургийг тараасан хүүхдийн эцэг эхэд нь яаралтай хандах, эсвэл тохиромжтой цагийг хүлээн хадгалахад буруудахгүй. Нэг удаагийн доромжилсон мэдэгдлийг боломж байвал устга. Хэрэв кибер-дарамтын гэрч болсон бол халдагч этгээдэд үйлдэл нь зохисгүй болохыг ойлгуулж, золиосны хүүхдийг сэтгэл санаагаар дэмж.  Дарамтлагчийг блоклон түгж. Харин тухайн захидал мэдэгдлийн эзэн тодорхойгүй, порнографиз утгатай болон бусад аюултай утга агуулсан байвал хуулбарлан авч хууль тогтоох байгууллагад ханд. Тухайн мэдээлэл байрлуулж буй сайтын админд хандаж тухайн зүйлийг устгуул.
Кибер-дарамтыг үндсээр нь устгах нь боломжгүй. Гэхдээ энэ нь эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зөрчилдөөнийг зохицуулах, хүүхдээ хамгаалах боломжгүй гэсэн үг биш. Тухайн асуудалд багш сурган хүмүүжүүлэгчдийн ч тусламжийг авч болно.
http://www.ulsturj.com

URL:

Сэтгэгдэл бичих