ХЗХ-ДЫГ “ДАМПУУРУУЛСАН” МАН-ЫН ДАРГА, ГЕНСЕКИЙГ ШАЛГУУЛНА

Хууль зvйн сайд Х.Тэмvvжин ч ХЗХ-дын хэргийг сөхөх шийдвэр гаргачихаад байгаа. Ингэснээр хохирогчид хоршоодын битvvм­жилсэн хөрөнгийг зав­шиж, vрэгдvvлсэн, хууль бусаар бусдад шилжvvлэн, худалдсан гэх мэт 50 орчим ба­римт, мэдээллийг шал­гуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байна. Мөрдөн байцаах га­зар, Авлигатай тэмцэх газар эдгээрээс 10-т нь эрvvгийн хэрэг vvсгэсэн тухай өчигдөр Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын тvр хорооныхон сэтгvvлчдэд мэдээлэл өглөө.

Тухайлбал, ШШГЕГ-ын ахлах шийдвэр гvйцэтгэгч Р.Энхтайванд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа гэнэ. Тvvнийг албан тушаалаа урвуулан ашиглаж “Бvтээн байгуулалт” ХЗХ-ны зээлдэгчийн 234 сая төгрөгийн зээлийг хvчингvй болгосон, иргэн Э.Мэндбаярт “Глоб кредит” хоршооны хураасан хөрөнгө болох Баянзvрх дvvргийн дөрөвдvгээр хорооны нутагт байрлах 32 дугаар байрны өмнөх 12 автомашины зогсоолыг шилжvvлсэн 36 дугаар байрны доорх мөн 12 автомашины зогсоолыг бусдад тvрээслэж мөнгийг нь завшсан гэж буруутгаж байна. Мөн Р.Энхтайван шийдвэр гvйцэтгэгч Б.Мөнхбаттай бvлэглэн “Баян-Өндөр” ХЗХ-ны хөрөнгө болох 726 ширхэг палкийг хувьдаа завшсан гэдгийг хохирогчид хэлж байв. Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга н.Мөнхбаатарт ч эрvvгийн хэрэг vvсгэн аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Тэрээр мөн л албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, Газрын тухай хуулийг зөрчин дээрх хоршооны зээлдэгч “Борнуур”, “Даваан булаг” компанийн газар эзэмших захирамжийг хvчингvй болгосон аж. Тvvнчлэн АМГТХЭГ-ын /хуучин нэрээр/ Кадастрын бvртгэлийн төвийн даргаар ажиллаж байсан Батмандах, мэргэжилтэн Ганбаатар, Бат-Оргил нарт холбоотой хавтаст хэрэг ч нээсэн байгаа гэнэ. Тэднийг ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад хууль бусаар шилжvvлсэн гэсэн vндэслэлээр буруутган шалгаж байна. Дампуурсан ХЗХ-дын нэр дээр ашигт малтмал ашиглах, хайгуул хийх дөрвөн ч тусгай зөвшөөрөл битvvмжилжээ. Гэтэл хугацаа хэтэрсэн, зохих төлбөр төлөөгvй гэсэн шалтгаанаар эдгээр лицензийг цуцалсан аж. Харин Хууль зvйн яамд байгуулагдсан ажлын хэсгийнхэн дөрвөн лицензээс гурвыг нь сэргээлгэхээр болсон байна. Харин vлдсэн нэг лицензийг цуцалсан боловч “МСS” компанид шилжvvлсэн байгаа гэнэ. Тиймээс хохирогчид битvvмжлэлд байсан лиценз ямар замаар тус компанид шилжсэнийг шалгуулах гэж байгаагаа хэлж байлаа. Цаашид ХЗХ-дын хөрөнгө, мөнгөтэй холбоотойгоор эрvvгийн хэрэг vvсгэх хvний тоо ч нэмэгдэх бололтой.
Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын тvр хорооныхон МАН-ын дарга Ө.Энхтvвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишvvн Д.Сарангэрэл, ШШГЕГ-ын дарга асан М.Ганхvv, тус газрын Дотоод хяналтын албаны дарга Г.Туулхvv нарыг шалгуулахаар Мөрдөн байцаах газарт ханджээ. Тухайлбал, МАН-ын дарга Ө.Энхтvвшинг “Баян-Өндөр сан” ХЗХ-ны захирал Р.Самбаллхvндэвээс хандив нэрээр намдаа санхvvжилт хийлгэсэн vндэслэлээр шалгуулах гэж байгаа бол тус намын генсек Г.Занданшатарыг 2004 оны сонгуулийн vеэр “Бvтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны захирал Б.Энхтөрөөр ивээн тэтгvvлж, бvрэн тоноглосон зургаан фургон машин авч завшсан гэж vзэж буй аж. Харин УИХ-ын гишvvн Д.Сарангэрэл ТВ5 телевизийн захирал байхдаа 2004 онд Афины олимпийг орон даяар шууд дамжуулахдаа “Глоб кредит” ХЗХ-гоор ивээн тэтгvvлжээ. Тиймээс тухайн vедээ тус ХЗХ-ноос хэчнээн төгрөгөөр ивээн тэтгvvлснээ тайлагнахыг хохирогчид хvсч байв.
М.Ганхvv ШШГЕГ-ын дарга байхдаа албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, Баянзvрх дvvргийн дөрөвдvгээр хороонд байрлах битvvмжлэлд байсан газрыг хvргэнийхээ нэрд шилжvvлэн машин угаалгын газар барьсан тухай мэдээллийг ч хохирогчид өглөө.
Тус газрын Дотоод хяналтын албаны дарга Г.Туулхvvгийн хувьд мөн л албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, дөрвөн хохирогчид 50 сая төгрөгийг цохолт хийж өгсөн гэнэ. Энэ мэт зарим албан тушаалтан ХЗХ-ны битvvмжилсэн эд хөрөнгийг завшиж, vрэгдvvлсэн олон баримт хохирогчдод бий гэсэн. Өнгөрсөн хугацаанд хохирол барагдуулахад хойрго хандсан хvмvvст хариуцлага тооцуулахыг хvсч буйгаа Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын тvр хорооныхон хэлж байлаа. Тэд хохирогч нарын vлдсэн хохирлыг заавал төр барагдуул гэж шаардахгvй. Битvvмжлэлд байгаа, хууль бусаар бусдад шилжvvлсэн vл хөдлөх хөрөнгvvдийг борлуулбал vлдсэн хохирлыг бvрэн барагдуулах боломжтой гэж vзэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих