“Дүнжингарав”-ыг сургууль болгох гэж заль мэх зохиов уу?

Хотын дарга Э.Бат-Үүл нэгэнтээ ундны усны эх үүсвэрт баригдсан болон олон нийтийн эзэмшил, инженерийн шугам сүлжээний газрыг бусдад эзэмшүүлжээ хэмээн үзэж аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшиж буй 40 газрын эрхийг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Харин эдгээр газрын дөрөвт нь хэдийнэ барилга байгууламж барьчихсан байгаа юм.

 

“Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж буй шатахуун түгээх станцынхаа баруун талд 5920 хавтгай дөрвөлжин метр талбайд барилга барьжээ. Мөн “Сансраа трейд” ХХК Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Баянгол” эмнэлгийн баруун урд буюу “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан эзэмшил газартаа машин угаалгын газар барьсан байна.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд “Дүнжингарав” худалдааны төвийг, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд “Буянт” цэцэрлэг эзэмшил газартаа машин угаалгын газар гэх мэтчилэн барилга, байгууламж барьсан ажээ. Тэгвэл өөрсдийгөө хотын даргатай хамтран ажилладаг, хэн хэнийхээ санал, санаачлагыг дэмждэг хэмээсэн ТББ-ууд “Хууль зөрчин өмчилсөн, нэгэнт барилга байгууламж барьчихсан газрыг улсын өмч болгоод эмнэлэг, сургууль, цэцэрлэг байгуулъя.

 

Нэгэнт баригдсан барилгуудыг нураалтай нь биш” хэмээн мэдээлэл хийсэн юм. Тэд энэ саналаа хотын дарга Э.Бат- Үүлд хүргүүлж, саналыг нь дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Гэхдээ хотын дарга дээрх байгууллагууд үнэхээр болохгүй газарт барилга, байгууламж барьсан учраас л барьсан барилгыг нураах шийдвэр гаргасан гэдгийг эргэн саная.

 

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрт баригдсан сургууль болгоно гээд усны ундарга солигдохгүй нь лав. Гэтэл хотын даргатай хамтран ажилладаг “Газар хөдөлгөөн”, “Зүрх сэтгэл, итгэл, эх орон”, “Зөв сэтгэл”, “Олон нийт иргэдийн хяналт” гэсэн эх орон, ард түмнээ гэх зүрх сэтгэлтэй гэмээр элгэмсэг дотно нэр бүхий ТББ-ууд мэдээлэл  хийхдээ ундны усны эх үүсвэрийн тухай огт дурдаагүй бөгөөд зөвхөн байшин барилгыг нь ашиглах, сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулах талаар ярьж сууна.

 

Хотын даргын хэлснээр журмыг хэрэгжүүлэх үүднээс гаргажээ. Тухайлбал, “Дүнжингарав” худалдааны төв мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр цэвэрлэх байгууламж болон Улаанбаатар хотын ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд байрласан нь тогтоогдсон. Э.Бат-Үүл ч өөрөө “Зөвшөөрөлгүйгээр барилга барьжээ. Бид үүнийг илрүүлж, захирамжийг хүчингүй болгож, эрхийг нь цуцалсан.

 

Бусад хууль бус газрыг ч үүний адил төрийн мэдэлд авах болно” гэсэн билээ. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Хотын даргын хүчингүй болгосон захирамжад “Ирээдүйд барилгажуулах газрыг нэг хүнд томоор нь өгсөн” гэсэн утгаар бичсэн байгаа. Харин өөрөө ярихдаа цэвэр усны нөөц гээд байгаа юм. Үнэнээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Нураах амархан, бүтээх хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Ингэж туйлширч болохгүй” хэмээн ярьсан юм. Тэгээд ч худалдааны төв, машин эмнэлэг, сургууль болгох тухай ярьж буй нь арай л зохимжгүй. Үүнээс харахад “Ундны усны эх үүсвэр”, “Зөвшөөрөлгүй учраас” гэсэн нэрээр бусдын хийсэн бүтээснийг зүгээр л булаах санаа агуулсан юм биш байгаа.

 

Эсвэл нэгэнт баригдсан барилгыг сургууль, цэцэрлэг болгоно хэмээн шоудаж байгаад эзэнд нь хэвээр үлдээх гэсэн арга заль уу. Нэгэнт л хууль бусаас гадна зөвшөөрч боломгүй газарт баригдсан барилгуудыг бол нураах л хэрэгтэй бус уу?
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих