Нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах ажил хэзээ эхлэх вэ

2013 оны 1 дүгээр сарын 6. 16:47 минут. 06-033 гаражийн дугаартай нийтийн тээврийн автобус Геологийн төв лабораториос зүүн гар тийш хурдтай эргэх нь олны анхаарлыг татав. Улмаар Драгон төв буюу автовокзалын урд талын зам дээр гарч ирэхдээ дохиогоо байдгаар нь хангинуулан нэгэн жижиг оврын машинтай уралдаж гарлаа. Автобус нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой.

 

Гэтэл тэр автобусны жолооч хоёрдугаар эгнээ рүү хурдтай орж бусад машиныг багагүй сандаргав. Зам хальтиргаатай байхад нийтийн тээврийн автобус ийм авир гаргах нь хүмүүсийн дургүйцлийг тэр дор нь хүргэсэн юм. Нийтийн тээвийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлье гэж яриад дөнгөж хоёрхон хонож байхад байдал нэг иймэрхүү л байна.

 

Ер нь олон нийтэд үйлчлэх үүрэгт хүлээсэн, энэ хэрээрээ хариуцлага маш өндөртэй том оврын автобуснуудын бусармаг үйлдсээс болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон хүн маш олон. 2012 оны сүүлчээр энэ үзэгдэл бүр гаарсан. Өөрөөр хэлбэл, автобусны жолоочдын хэрэг зөрчилгүй өдөр гэж байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Жолооч нь хурд хэтрүүлнэ. Тамхи татна. Хөгжмөө байдгаар нь орилуулна. Бас бусад машиныг шахна, хэл амаар доромжилно.

 

Зорчигчоо бууж сууж амжаагүй байхад хөдлөнө. Хүний тоо цөөхөн байвал өөр автобусанд чихнэ. Мөнгө хураагч нь болохоор зорчигчдыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Чадал муутайг нь хөөж буулгана. Хаяг байсаар нь байсаар байтал буудал дээр чиглэлээ зарлаж орилно. Үнэхээр ярих юм алга. Энэ чинь соёлт нийгэм шүү дээ гэж анхааруулсан ч тийм шаардлагыг юман чинээнд үл тооно.

 

Ийм дүр зураг хэзээ арилах юм бэ? Саяхан даа. Ган хийц чиглэлийн автобус 44 номерын автобусны хүнийг авлаа. Гэтэл жолооч нь уурлаж минут хэртээ дохиогоо орилуулав. Гудамжинд алхаж буй гэмгүй хүмүүсийг тэр огтхон ч тоосонгүй. Даралт ихтэй, зүрх муутай хүн байх вий гэдэг сэтгэл түүнд огт алга. Ядаж байхад тэр үед дөнгөж нэг ойтой болов уу гэмээр өлгийтэй нярай хүүхэд тэвэрсэн хос хоёр явж таарсан.

 

Тэр хорвоод мэндлээд удаагүй бяцхан амьтан гэнэтийн тэр их дуунд цочирдох вий гэдэг эмзэглэл жолоочид хүний урманд байсангүй…
2013 оны 1 дүгээр сарын 3. ТБД андууд төвийн урд талын зам дээр улаан өнгийн автобусны жолооч жижиг машины жолоочтой хэрэлдэж чи би дээ тулах нь дэндүү эмгэнэлтэй. “Май муу П минь” хэмээн салаавч гарган хүч түрнэ. Энэ бол жолооч нарын хувьд олдмол дархлаа болсон араншин.

 

Энэ “өвчин” нь одоо бүр хүндэрч, тэр хэрээрээ олон нийтийн эрх ашгийг зөрчиж, нийгмийн үнэт зүйлийг дэвсэлж байна. Хэдэн жилийн өмнө микро гэдэг галзуу хулгана Улаанбаатарыг ганц самарч байлаа. Харин 2007 оноос тэднийг үйлчилгээнээс шахаж, том оврын автобус орон зайг нь эзэлж эхэлсэн билээ. Нийслэлчүүд үүнд хэчнээн их баярласан гээч. Гэвч өнөө баяр хөөр болон, гэрэл гэгээ дүүрэн төсөөлж авсан автобус нь итгэл эвдээд эхлэв.

 

Үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангаж чадахтай үгүйтэй л байгаа нууц биш. Хамгийн гол нь жолооч нараа нарийн үзүүлэлтээр сонгох авах бодлого автобус компаниудад хангалтгүй байна. Сургалт сурталчилгаа алдаг оног хийсэн болдогоос биш жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олигтой ажил зохиохгүй байна.

 

Уул уурхайн компаниудад хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам гэж хамгийн чухал нэгж байдаг. Ажилтнуудаа өглөө ажилдаа гарахад нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Яг үүн шиг автобусны жолоочдыг өглөө ажилдаа гарахад нь хэдэн минутын семинар өгч яагаад болохгүй гэж.
Д.Бат

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих