Д.БОЛДБААТАР “ДАКАР РАЛЛИ”-Г ОРХИЛОО

Монголын тамирчин Д.Болдбаатар, Н.Лхамаа нар “Дакар ралли”-гийн 34 дэх уралдаанд анх удаа эх орноо төлөөлөн мөрөө гаргасан. Харин манай шилдэг автомастеруудын нэг ОУХМ Д.Болдбаатар уралдааны замаа тав дахь гараанаас орхилоо.
Тэрбээр Австрийн “KTM”  мотоцикльтой уралдсан бөгөөд тав дахь гарааны үеэр жолоо нь хугарч, уралдах боломжгүй болов. Уралдааны дүрэмд зааснаар техник хэрэгсэлд гэмтэл гарах үед засварлаж, тэмцээнээ үргэлжлүүлж болох ч жолоог солих шаардлагатай тул уралдааныг өндөрлүүлэхээс аргагүй болжээ. Тэр таван гарааны нийлбэр дүнгээр 97 дугаарт бичигдэж байсан юм.
Харин ОУХМ Н.Лхамаагийн хувьд 174 дугаартай, “Yamaha”  мотоцикльтой уралдаж байна. Тэрбээр бямба гарагт болсон найм дахь гараанд 03:03:29 /гурван цаг, гурван минут, 29 секунд/ цагийн амжилтаар 108 дугаарт бариалжээ. Нийлбэр дүнгээр 113 дугаарт бичигдэж байна. Уралдааны ес дэх гараа өнөөдөр Аргентин улсын Сан Мигуэл де Тукуманаас Кордоба хүртэл      үргэлжилнэ. Мотоциклийн ангилалд өрсөлдөж байгаа тамирчид тус гараанд 852 км зайд уралдах юм.
“Дакар ралли”-гийн аваргууд энэ сарын 20-ны өдөр тодорно.
 Д.Өлзий

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих