Армстронг сэргээш хэрэглэснээ хүлээжээ

НЬЮ-ЙОРК. /ИТАР-ТАСС/. Америкийн алдарт дугуйчин Лэнс Армстронг сэргээш хэрэглэж байснаа олон нийтэд хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр өчигдөр Опра Уинфригийн алдарт ток шоуны бичлэгт оролцож байх үеэрээ ийм мэдэгдлийг хийсэн бөгөөд уг нэвтрүүлэг 17-ны өдөр телевизээр гарна.

41 настай Армстронгийг бүх насаар нь уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь хасч, 1998 оноос хойш түүний хүртсэн бүх шагнал, тухайлбал “Тур де Франс” тэмцээний 7 удаагийн аваргын шагналыг нь хураан авсан АНУ-ын Сэргээшийн эсрэг холбооны шийдвэрийг Олон улсын дугуйчдын холбоо өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр хүлээн зөвшөөрсөн юм. Харин алдарт тамирчин маань түүнийг хориотой сэргээшийг хэрэглэсэн талаар үе үе хэвлэлд гарах мэдээллийг ямагт үгүйсгэсээр ирсэн хэдий ч дээрх шийдвэрийг давж заалдаагүй тул өнгөрсөн 12 дугаар сарын 27-ноос энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх болсон юм.

Хориотой эм бэлдмэл хэрэглэж байснаа Армстронг хүлээн зөвшөөрсөн нь тэрбээр цаашид спортын уралдаан тэмцээнд цаашид оролцохыг хүсч байгаа хэрэг юм хэмээн өмнө нь “Нью-Йорк таймс” сонин бичиж байв. Тухайлбал, тэрбээр гурван төрөлт /триатлон/ болон гүйлтийн тэмцээнүүдэд оролцох болно гэдэгтээ найдсаар байгаа аж. Түүнээс гадна Армстронгийг сэргээш хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрөхийг хавдартай хүмүүст туслахаар түүний байгуулсан буяны “Ливстронг” сангийнх нь баян ивээн тэтгэгчид нь ятгасан гэнэ.

Түүнд хавдрын шинж тэмдэг илэрснээс хэдхэн сарын дараа тэрбээр “Ливстронг” сангаа 1997 онд байгуулсан билээ. Харин энэхүү сэргээшийн дуулиан шуугианы улмаас тус сангийн нэр хүндэд ноцтой хохирол учраад буй. Өнгөрсөн 10 дугаар сараас дугуйчин тэрбээр “Ливстронг” сангийнхаа даргын албан тушаалыг орхиж, 11 дүгээр сард нь сангийн захирлуудын зөвлөлөөс гарсан билээ. Тэрбээр сангийнхаа ажилтнуудтай уулзаж уучлалт хүссэн байна.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн үндсэн бичиг баримт болох Дэлхийн сэргээшийн эсрэг кодекс ёсоор бол сэргээш хэрэглэсэн хэрэгт нэр холбогдсон тамирчин нь хэрвээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сэргээш хэрэглэж байсан үүх түүхээ нээн дэлгэрүүлж, бусад оролцогчдынхоо нэрсийг мэдээлэх аваас шийтгэлийг нь зөөлрүүлж болдог ажээ.

С.Амар


URL:

Сэтгэгдэл бичих