Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын түр үнэмлэхийг хүчингүй болгохыг нэхэмжлэв
Өчигдөр төрийн байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв. Тэрээр Засаг дарга нь томилогдоогүй зургаан аймгийн ИТХ болон намууд нь хууль зөрчөөд байгаа учраас томилохгүй байгаа гэдгээ мэдэгдсэн. Харин МАН-ынхан энэ бүхнийг эсэргүүцэж Ерөнхий сайд улс төржиж байгаа учраас л манай намын гишүүд болох дээрх зургаан аймгийн Засаг дарга томилогдохгүй байна гэсэн шүүмжлэл өрнүүлэв.
Үнэхээр суудлаа хүртэж чадахгүй байгаа зургаан аймаг нь МАН ялсан аймгууд гэнэ. Гэхдээ тэдний дундаас Дорнод, Хөвсгөл аймгийн дарга нарын түлхүү маргаан өрнөсөн юм. Дорнод аймгийн Засаг даргад МАН-аас зүггүүлж байгаа хүн нь ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгөний төлөөлөл болж байгаа учраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэр дэвшигчийг батлахаас татгалзаж байгаа аж.
Харин Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч АТГ- т шалгуулж байгаа этгээд. Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ “Аймгуудыг компаниуд хувьчилж авахыг зөвшөөрөхгүй” гэсэн битүү утгатай үг хэлсэн. Ингэснээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хуулийн дагуу эдэлж буйг шүүх албан ёсоор тогтоосон юм.
Харин өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Увс аймгийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.
Нэхэмжлэгч талаас Ардчилсан нам болон Увс аймгийн тариалан сумын Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэн давж заалдсан. Хариуцагч талаас Улсын Их хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн Ч.Хүрэлбаатар, гишүүн Б.Чойжилсүрэн, мөн тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн иргэн Д.Нямхүү, иргэн Т.Мэндсайхан нар байв.
Гэхдээ шүүх хурал дээр гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцоогүй бие төлөөлөгчдөө явуулсан байлаа. Уг шүүх хурлыг П.Соёл-Эрдэнэ шүүгч даргалсан юм. Шүүх хурал 15.30 минутанд эхэлсэн бөгөөд 18.00 цагт түр завсарлав. Энэ хооронд Увс аймгийн АН дарга Д.Цэндсүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Давж заалдах шатны шүүхээс Ардчилсан нам болон Увс аймгийн Тариа¬лан сумын Х.Баярсайхан нарын 13 хүн хариуцагч талаас ямар нэхэмжлэлийг шаардаж байгаа вэ?
-Улсын Их хурлын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны 2012 оны 27,32, 33 дугаар тогтоолуудыг бүхэлд нь 26 дугаар тогтоолын нэг болон 31 дүгээр тогтоолын гурав дахь заалтын нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгохыг нэхэмжилж байна.
-Анхан шатны шүүх хурал дээр юуны учир ялагдал хүлээв?
-Увс аймгийн Ардчилсан намаас гаргасан гомдлыг шалгахдаа холбогдох нотлох баримтыг хуулийн дагуу шударгаар үнэлээгүй. Улмаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн. Тиймээс давж заалдаж байна.
-Тариалан сумын Х.Баярсайхан нарын 13 иргэдийг хэн өмгөөлж байна вэ?
-13 иргэнийг өмгөөлөгч Б.Лхагважав өмгөөлж байна. Шүүх хурал эцэслэн дуусаагүй байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: