Ууцны үнэ хэд болов

Та сар шинийнхээ бэлтгэлийг хангаж байна уу?  Иргэдийн олонхи нь энэ өдрүүдэд “Хүчит шонхор” захаар эргэлдэж, цагаан сараар ширээ засах ууц болон ойр зуурын хүнсний бараа ямар ханштайг сонирхох болжээ.

“Хүчит шонхор” захын задгай талбайд эгнүүлсэн чингэлэгт ууцны худалдаа өргөжжээ.

Энд одоогоор ууцны үнэ 110-250 мянган төгрөг байна.  Гэвч ихэнх нь үнэ тохирч биш, кг нь 5400 төгрөг гэж тооцон худалдаж байна. Тэгэхээр дундаж нь 180 мянган төгрөгтэй байхад боломжийн ууц эндээс авч болохоор аж. Заавал тарган л бол үнэтэй байгаа гэсэн сэтгэхүйгээр ууцаа харах биш, сайн хайгаад үзээрэй.

Тус захад худалдаж буй зарим хүнсний барааны үнэ ханшийг сонирхуулъя. 

Чанасан хиам-5.800-6.000 төгрөг
Давхар утлагат хиам-6.000-8.000 төгрөг
Салями хиам-8800 төгрөг
Шар тос-8000 төгрөг
Хорхой ааруул- 5.500-6.000 төгрөг
Аарц -1200 төгрөг
Хурууд ааруул-4.000 төгрөг
“Хайнз” майонез 3 кг-16.000 төгрөг
“Улаанбаатар” майонез 1 кг-3800 төгрөг
Огурци 1кг-3500 төгрөг
Помидор-3500 төгрөг

“Улаанбаатар” гурил /дээд/- 25 кг- 24.000 төгрөг
I гурил -10 кг-7.000 төгрөг
“Алтан тариа”-ын гурил /дээд/-1кг- 900 төгрөг
I гурил-1 кг-700 төгрөг
Төмс-500-600 төгрөг
Лууван-800 төгрөг
Сонгино-1200 төгрөг
Байцаа 1кг- 1200 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээр зочилсон нь

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хамтран “Цагаан сар-Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийх бөгөөд өчигдрөөс компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэж эхэлжээ.  Жил бүрийн цагаан сарын өмнө болдог үзэсгэлэн яармагаар гар урлалын түлхүүрийн оосор, ноосон оймс л зардаг шүү дээ гэж иргэд ярьдаг болсон. Тэгвэл энэ үзэсгэлэн худалдаанд ноос, ноолууран бүтээгдэхүүн дийлэнх байна. Хамгийн анхаарал татсан нь хормогчны хослол байв. Хормогчны бүрдлийг гэртээ авахаас гадна цагаан сарынхаа бэлгэнд эмэгтэй хүнд өгнө гэсэн хүмүүс ихээр авч байна лээ. Мөн ширэн тэлээ, хатгамлаар чимсэн дэрний уут, аяганы суурь, ширээний бүтээлэг, хөөрөгний уут зэрэг бараа эрэлттэй байна билээ. Үнэ ханшийг товч дурдъя.

Хонины ноосон трико-25.000-35.000 төгрөг
Хатгамалтай хөөргөний уут-5.000 төгрөг
Хатгамалтай цүнх-18.000 төгрөг
Хөшиг 200х300 см -40.000 төгрөг
Дэрний уут-25.000-45.000 төгрөг
Тэмээний ноосон цамц-45.000 төгрөг
Тэмээний ноосон хантааз-10.000-35.000 төгрөг
Эсгий тавчик-10.000-30.000 төгрөг

Ширэн тэлээ-8000-18.000 төгрөгөөр тус тус худалдаж авч болох юм байна.

Ийнхүү энд тэнд “хүний хэрэгцээ цөм бүрэн” гэмээр  үзэсгэлэн яармаг, худалдаа болж байна. Хүмүүс сүүлийн сар шинийн баяраар эрээний барааг авахгүй гээд түлхүүрийн оосор, оймс, бэлэг дурсгалын сувенир бөөнддөг болсон. Одоо энэ байдал мөн өөрчлөгдөж, худалдаачдын дэлгэж буй бараа нь ч өдөр тутмын хэрэгцээнд хэрэгтэй бэлэг болон хувирч байна.

Үнэ ханшийн хувьд, ямартай ч цагаан сарын ууц, цагаан идээ, гурил будааны  одоогийн байдлаар дээр дурдсанчлан боломжийн байна. Цагаан сар болохоос өмнө хэд хоног үлдчихсэн байхад “одоо авахаас өөр яахав” гэсэн байдлаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Иргэд ч нээрэн л авахаас өөр аргагүй болоод хүнсээ цуглуулаад явбал гадаах замын түгжрэлд улам бүр бухимдана. Тиймээс заавал цагийг нь тулгаж бус, одооноос бага багаар ч болов сар шинийнхээ бэлтгэлийг хийж байсан нь дээр бололтой.

У.БОЛОР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих