Б.Баярмагнайг Засаг дарга болгох фракцийнхан шагналаа хүртэж Хайнань руу аялжээ

Аливаа улс төрийн албан тушаалтны үүрэг гүйцэтгэх хугацаа дөрвөн жил байдаг. Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн, дүүрэг, аймгийн Засаг дарга ч дөрвөн жилийн хугацаанд сонгуульт ажлаа хийж, амласан амлалтаа биелүүлдэг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Гэхдээ дүүрэг, хороод, аймгийн Засаг дарга нарыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр огцруулж болдог. Манайд ингэж огцруулж, хольж сольж байсан тохиолдол цөөн. Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын суудлын төлөөх өрсөлдөөн ширүүсч, энэ албанд нэг дарга хоёр жилээс илүү тогтохоо байсан аж.
Өнгөрсөн даваа гарагт Сүхбаатар дүүргийн иргэд манай сонинд хандаж, дүүргийн Засаг дарга солигдсоноос зарим хорооны Засаг дарга давхар солигдож намчирхах байдал газар авсныг хэлсэн. Энэ бүхэн Б.Баярмагнай Сүхбаатар дүүргийн Засаг дарга болсноос үүдэлтэй аж. Б.Баярмагнай гэж хэн бэ. Яаж энэ албан тушаалд суусан талаархи баримтыг тэд бидэнд дэлгэсэн юм. Б.Баярмагнай МАХН-ын дэргэдэх МАСОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст улс төрийн ажилтан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч байх үедээ тэр үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга байсан Г.Төмөрбаатарыг унагах төлөвлөгөө гэгчийг боловсруулж, тусгай баг гаргасан байна. Тэрхүү тусгай багийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч АГанхуяг, Ганбаяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Өлзийбүрэн нар тэргүүлж ажилласан гэнэ. Эдгээр хүмүүс Сүхбаатар дүүргийн 18 хорооны Засаг даргатай уулзаж, санал авснаар дээрх төлөвлөгөө хэрэгжиж эхлэх шатандаа оржээ.
Хорооны Засаг дарга нарын саналыг хэрхэн худалдаж авсан бэ. Тусгай багийнхан Г.Төмөрбаатарыг унагаж, Б.Баярмагнайг гаргавал хүн бүрт харамсахааргүй шагнал амласан байна. Тэгээд л тусгай багийн ажиллагаа амжилттай хэрэгжиж, Б.Баярмагнай хүссэндээ хүрч одоо Сүхбаатар дүүргийн Засаг даргын суудалд тухалж байна. Түүнийг Засаг дарга болгоход хүчин зүтгэсэн багийнхан бүгд шагналаа авсан гэнэ. Г.Төмөрбаатарыг түлхэн унагах тусгай багийг ахалж ажилласан А.Ганхуяг нь Сүхбаатар дүүргийнЗасаг даргын орлогч болж дэвшсэн төдийгүй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэрэлтүүлгийн тендерийг авсан байгаа юм.
А.Ганхуяг дарга хувьдаа “Амиго”нэртэй гэрэлтүүлгиин компанитай юм гэсэн. Харин хороодын Засаг дарга нар нь тусгай багийг дэмжиж ажилласны хүчинд дансандаа таван сая төгрөгтэй, Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэсвгэрт зуслангийн газартай болж авчээ. Эхнээсээ газраа авч эхэлсэн тухай ч иргэд ам уралдан ярьж байна. Б.Баярмагнай дарга Сүхбаатар дүүргийн Засаг даргын суудалд суухын тулд энэ зэргийн газар болон 90 сая төгрөгийг зүгээр л “шидчихсэн” гэнэ. Тэгээд ч зогсохгүй 18 хорооны Засаг даргыг Хайнань руу явуулж юм үзүүлж нүдийг нээж байгаа гэнэ.
Энэ сарын 1-ний өдөр нийтээрээ Хайнанийг зорьсон Засаг дарга нар өнөөдөр эх орондоо ирж байгаа. Дүүргийн Засаг даргын суудлыг луйвардах үйл ажиллагаа ийнхүү хэрэгжиж, шинэ дарга гарч ирснээр хороодын засаг ноёд ч солигдож, бөөн бужигнаан үүсчихээд байгаа аж. Тэдний дунд мэдээж Б.Баярмагнай дарга өөрийн хүмүүсээ ч “шургуулаад”амжиж. Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Д.Бямбацэдэн гэнэ. Энэ хүн хорооны Засаг дараг болсноос хойш халаа сэлгээг хийх шиг болж, хууль бусаар мөнгө идэх, улсын хөрөнгө завших байдал газар авч байгааг хорооных нь иргэд ам уралдан ярьж байна.
Д.Бямбацэдэн дарга ч тэрүүхэндээ өөрийн гэсэн хүрээллээ бүрдүүлээд авсан гэнэ лээ. Ахмадын зөвлөлийн дарга Хандсүрэн, тэргүүлэгч гишүүн Ренчиндорж, Олон нийтийн байцаагч Намжилсүрэн гэсэн гурван хүн түүний гар, хөл нь болдог юм байх. Улмаар хороонд намчирх-лыг гааруулж, МАН-ын гишүүн л биш бол гишгэх газаргүй болтол нь хавчиж, гадуурхдаг юм гэсэн. Наад захын жишээ гэхэд, саяхан Сүхбаатар дүүргээс иргэдэд ногоо тарих газар олгосон юм байна. Төмөр замын 62 дугаар гармын орчим газар өгөхөөр болж, хэсгийн ахлагчдыг нэг нэг хүн авч ир гэжээ.
Гэтэл хувиараа ногоо тарьдаг, аж ахуй эрхэлдэг хүн өргөдөл өгтөл МАН-ын гишүүн бол өгөхгүй гээд хөөх нь холгүй гаргасан гэсэн. Энэ юу ч биш. Д.Бямбацэдэн дарга хүн амын тооллогын үеэр багагүй мөнгө “цохиж”, “хоол идсэн” байгаа юм. 10 дугаар хороонд 24 тоологч, долоон шалгагч нийт 31 хүн ажилласан байна. Тооллого дууссаны дараа эрхэм дарга 25 тоологчтой байсан гэж дээшээ мэдүүлж илүү цалин бодуулж авчээ. Яаж ингэж чадсан бэ гэж үү. Их амархан. Ердөө л тоологчдоо дарамтлаад л гүйцээ. Нэг тоологч 200-300 хүн тоолсон бол 50-60 мянган төгрөгийн цалин авч байсан гэнэ.
Харин 400-гаас дээш бол 108 мянган төгрөг авна. Харин Бямбацэдэн даргын хиймэл тоологч бол нэг ч хүн тоолоогүй байж 108 мянган төгрөг авсан гэж байгаа. 24 тоологчийнхоо тоолсон хүнээс 20, 30-аар хасаад, 25 дахь хиймэл тоологчдоо бэлэглээд л 108 мянган төгрөг түүнийх. Амархан байгаа биз. Тэгээд ч зогсохгүй  дүүргээс тоологчдод хоол унааны мөнгө гэж 20 мянга, гар утасны нэгжнийх гэж 4500 төгрөг өгсөн байгаа юм. Гэтэл эрхэм  Засаг ноён хүн амын орлогын албан татвар авсан гэсэн.
Уг нь бол татвар авахгүйгээр дүүргээс өгсөн юм билээ. Мөнгө олох аргаа олно гэдэг энэ л байх. Ингээд ч дуусахгүй. Түүнд мөнгө олох арга их олон байдаг гэсэн. Уг нь өнгөрсөн жил 10 дугаар хороо есөн хэсгийн ахлагчтай байсан юм билээ. Гэтэл 10 гэж мэдээ өгөөд, нэг хэсгийн ахлагчийн цалин сул авдаг байж. Түүнийгээ Олон нийтийн байцаагч Намжилсүрэндээ өгдөг байжээ. Харин дүүргээс хэсгийн ахлагч нарыг цөөлөхөөр болоход энэ булхай нь илэрсэн аж. Гэтэл Олон нийтийн байцаагч ч гэсэн хэсгийн ахлагч мөн гэсэн тайлбар өгөөд л гүйцээ.
Үүнээс өөр, ноцтой гэж болохоор ч булхай байгаа гэсэн. Баттай эх сурвалж болон 10 дугаар хорооны иргэдийн ярьж байгаагаар Д.Бямбацэдэн дарга 100 ахмадын амралтын мөнгийг “идсэн” гэх. Дүүрэг бүр ахмадуудаа амраадаг сувиллын газартай байдаг. Сүхбаатар дүүргийн ахмадын амралт Хандгайт дахь “Янзага” зусланд байрладаг юм билээ. Энэ амралтад ахмадууд өөрийн мөнгөөр очиж сувилуулаад эргэж ирэхдээ халамжаас мөнгөө авдаг аж. Гэтэл 100 ахмадыг амраагүй байхад нь амарсан мэтээр бичиг баримт бүрдүүлээд халамжаас мөнгийг нь авчихсан гэж байгаа.
Хэсгийн ахлагч нараар иргэний үнэмлэхийг нъ авахуулаад л гүйцээ. Харамсалтай нь олонхи ахмадууд энэ талаар ерөөсөө мэдээгүй байгаа гэсэн. Зарим нь бүр амралтад амарчихаад ирээд мөнгөө авах гэсэн чинь цаанаас нь “Та мөнгөө авчихсан байна. Ямар сонин юм” гэж аашилсан гэсэн. Энэ талаар цөөн хэдэн хүн мэдэж байгаа ч “Тунгалаг тамир”-ын Эрдэнэ шиг болох вий гэж айгаад дуугарахгүй байгаа юм билээ. Иргэдийн ярьсан энэ бүхнийг сонсоод сууж байхад арлчи.тсан нийгэмд амьдарч байгаадаа итгэл алдарсан шүү.
Дүүрэг, хороодын Засаг дарга нар ч хуучны засаг ноёдоос илүү, одооны зарим нэг увайгүй төрийн түшмэдээс ер дутах юм алга эх нь “хээр хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг юутай үнэн үг вэ. МАН-ын хурган дарга нар ч манаргаж байна даа.  Маргааш нь харин юу болох бол доо.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.