Гэр хорооллын долоон хэсэгт дахин төлөвлөлт хийнэ

1301180002Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  шинэ бүтэцтэйгээр хуралдаж, хуралдаанаар дараахь хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Удирдлагын зөвлөлийн хуралд  гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах тухай асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа.

Улаанбаатар хотыг 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөөнд энхний ээлжинд  VII хороолол,   Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж ерөнхий архитектор танилцуулаа.  Шинээр төлөвлөлтөнд орох газруудын байршлыг танилцуулахад

-       Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчимын гэр хороолол,

-       Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Арьс ширний ажилчдын нийтийн байр

-       Сүхбаатар дүүргийн 15-р хороо,

-       Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчимын гэр хороолол

-       Чингэлтэй дүүргийн  7-р хороо,

-       Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,

-       Баянзүрх дүүргийн 8-р хорооны гэр хорооллууд эхний ээлжийн төлөвлөлтөнд багтжээ.

Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчмын 130 га газарт одоо байгаа 2112 өрхийг хамруулан загвар төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтөөр 3500 айлыг  орчин үеийн шийдэл бүхий орон сууцтай болгох юм байна. Урдчилсан байдлаар тус хороололд  Хотын захиргааны барилга, худалдааны төв, театр, номын сан зэрэг нь нийт 9 га газарт баригдах бол 16 га талбайд хиймэл нуур, спорт талбай, спорт цогцолбор бүхий ногоон байгууламж, мөн эмнэлэг, сургууль, оффис, банк, үйлчилгээний барилга барина гэж тооцон төлөвлөсөн байна. Мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын өөрсдийн хүсэлтийн дагуу дахин төлөвлөт хийхээр болсон байна.  Одоогоор энэ газарт  2,3 га талбайд  120 өрх амьдарч байгаа юм. Дахин төлөвлөтөөр 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, 24 айлын орон сууцны хороолол, ногоон байгууламж тоглоомын талбай 2,3 га газарт барьж байгуулахаас гадна 240 айлын орон сууц барих юм. Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газарт дахин төлөвлөлтийн эскизний шатанд зураг төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтийн хил хязгаарт 140 айлын 189 өрх хамрагдаж байгаа бол эхний ээлжинд 200 айлын орчин нөхцөл сайжирна гэж үзсэн байна. Дулааны асуудлыг 58-р сургуулийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлдэх боломжтой байгаа бөгөөд, цэвэр бохир усны асуудлыг урд нь тооцсон цэвэрлэх байгууламжаа өргөтгөх маягаар шийдвэрлэх боломжтой юм байна. Төлөвлөлтөөр энэхүү 13 га газарт худалдаа үйлчилгээний цогцолбор, таун хаус, ногоон байгууламжийг бий болгож инженерийн шугамыг шийдвэрлэхээр төлөвлөгджээ.

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн  орчим гэр хороололд 15 га газарт дахин төлөвлөлт хийхээр эхний зургийг боловсруулжээ.

Төлөвлөтийн хил хязгаарт 87 өрх хамрагдаж байгаа бол төлөвлөлтөөр 115 айлын орон сууц баригдах юм байна. Энэ хэсэгт дахин төлөвлөснөөр нийт 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ. Мөн инженерийн шугам сүлжээ, орон сууц, үйлчилгээний барилга байгууламж байгуулахад 8,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны орчимд 11,4 га газарт дахин төлөвлөлт  хийхээр урдчилсан зураг төслийг танилцууллаа. Одоогоор энэ хэсэгт нийт 72 хашаа хамрагдаж байгаа бөгөөд  дахин төлөвлөснөөр эхний ээлжинд 115 айлын амьдрах нөхцөл сайжирна гэж үзжээ. Дулааны асуудлыг тухайн хэсэгт байгаа цэргийн ангийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэх боломжтой юм байна.

Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газарт мөн эхний ээлжийн төлөвлөлтийг хийж зураг төслийг боловсруулсан байна.

Одоогоор энэ хэсэгт 157 хашаа хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц  төлөвлөгджээ.

Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барих боломжтой юм байна. Цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барих юм байна. Дулааныг одоо байгаа Алтангадас ХХК-ны уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ.

Баянзүрх дүүргийн 8-р хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт мөн дахин төлөвлөт хийхээр зураг төслийг гаргасан байна Төлөвлөлтөнд нийт 691 өрх хамрагдаж байгаа бол дахин төлөвлөснөөр 500 айлын амины орон сууц, 200 айлын орон сууц баригдах юм байна. Энэ хэсгийн гэр хороололд дахин төлөвлөлт хийж авто зам дагуу үйлчилгээний төв ажлын байр барихаас гадна төв хэсэгт таун хаус хэлбэрийн орон сууцны хотхон, 100 хүүхдийн цэцэрлэг, зах орчмоор тохилог амины сууц, ногоон байгууламж, амрах спорт талбай, 960 хүүхдийн сургууль зэргийг шинээр барих юм байна. Цэвэр, бохир усыг төвлөрсөн шугамаас холбож, дулааныг одоо байгаа аж ахуйн нэгж болон, цэргийн ангийн уурын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэж болох юм байна.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат утааны голомт гэж нэрлэгдээд байгаа гэр хорооллыг дахин төлөвлөснөөр агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломж байгааг тодрууллаа.

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж гэр хорооллын ердийн зуухны утаа агаарын бохирдлын 70 хувийг эзлэж байна гэсэн тооцоог бид гаргасан. Эхний ээлжийн төлөвлөлтийг хийснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 37 мянган яндан байхгүй болж утаа  30 хүртлэх хувиар буурууна гэж үзэж байна гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шинэ сууршлийн бүсэд газар олгохгүй. Хөрөнгө оруулагч нарыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд татахын тулд шинэ сууршилд газар олгохгүй байх шийдвэрийг зайлшгүй гаргах хэрэгтэй юм. Мөн урдчилсан төлөвлөлтийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, НИТХ-аар оруулахдаа энэ тухай илүү тодотгон хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.  Ингээд удирдлагын зөвлөлийн гишүүд гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. НИТХ-аас зохих шийдвэр гарсны дараа гэр хорооллын иргэдээс санал авснаар эхний ажлууд энэ оны гурван сараас хийгдэж эхлэх юм.

                                                                        Гэр хорооллын хог тээвэрлэлтийн шинэ хэлбэрийг иргэд дэмжлээ

Гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх шинэ хэлбэрт шилжсэн тухай танилцуулгыг удирдлагын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

Гэр хорооллын хог тээвэрлэлт муу, гуу, жалга хогондоо дарагдаж, гэр хорооллын хог гамшгийн хэмжээнд хүрлээ гэж иргэдийн зүгээс ихээхэн шүүмжилдэг байсан юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30-р тогтоолоор гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх шинэ журам баталжээ. Энэхүү журам гарснаар төвийн зургаан дүүргийн гэр хорооллыг 18 бүсэд хувааж хог тээвэрлэгч компаниудыг сонгон шалгаруулсан бөгөөд Захирагчийн харъяа хот тохижилтын газраас нэгдсэн журмаар тээвэрлэсэн хогны хэмжээгээр санхүүжүүлж байхаар тээвэрлэгч байгууллагуудтай гэрээ хийжээ. Журмын дагуу хог тээвэрлэгч компаниудыг сонгон шалгаруулж, шалгаруултанд нийт 23 компани хүсэлт ирүүлснээс 15 компани шалгарсан байна. Шалгарсан компаниудтай Хот тохижилтын газар, дүүргийн Засаг дарга, хог тээвэрлэгч компани гэсэн гурвалсан гэрээг байгуулж, гэрээнд айл өрхийн хог хаягдлыг сард 2 удаа ачиж байхаар тусгажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог тээвэрлэлтийн шинэ менежментэд судалгаа хийсэн байна.  Судалгаа хийхдээ гэр хорооллын иргэдтэй уулзан  санал асуулга явуулжээ. Санал асуулгаар иргэдийн 63 хувь нь хог хаягдлаа сард 2 удаа ачуулсан, 70 орчим хувь нь ойр орчмын ил задгай хог хаягдал багссан гэж үзсэн бөгөөд хог тээвэрлэлтийн шинэ хэлбэрийг 88 хувь нь дэмжсэн байна.

Иймээс энэхүү үйл ажиллагааг 2013 оны 1-р улирал хүртэл үргэжлүүлэх саналтай байна гэж ерөнхий менежер хэллээ.

Хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөрөөр санхүүжүүлж, харин төвлөрсөн цэгийн хог хаягдлыг хөрсөөр дарж хучих зардал, нийтийн эзэмшлийн зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг. НИТХ-ын 2006 оны 182 дугаар тогтоолоор хогны төлбөрийг орон сууцанд амьдардаг нэг өрх сард 2000 төгрөг, гэр хороололд амьдардаг айл өрх  сард 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэхэд 1 метр кюадрат нь 50 төг байхаар тогтоосон байна. Харин байгууллага аж ахуйн нэгжүүдийн хогны төлбөрийг сард үүсгэж байгаа хогны хэмжээнээс хамааран НИТХ-ын 2009 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан тонн километрээр тооцдог хог тээврийн тарифыг үндэслэн хог тээвэрлэгч байгууллагуудтай гэрээ байгуулан тээвэрлдэг байна. Гэвч нийслэлийн хэмжээнд айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөр жилд дунджаар 8-10 тэр бум төгрөг цугларах ёстойгоос жилд 4-4,5 тэрбум төгрөг цугларч байгаа юм байна. Төлбөр цуглуулалт бага байгаагаас санхжүүжилт дутагдан, хог тээвэрлэлт, цуглуулат тогтмол хийгдэж чадахгүй давтамж холдох, ингэснээр айл өрхүүд гудамж талбай гуу жалгандаа ил задгай хог хаях явдал нэмэгдэж байна гэж тэрээр онцлон хэллээ.

Цаашид гэр хорооллын хог хаягдлыг  цуглуулж, тээвэрлэж байгаа энэхүү шинэ хэлбэрийг улам сайжруулж, нэмэлт санхүүжилтийг 2013 оны төсвийн хүрээнд шийдвэрлэх шаардлага байгааг танилцууллаа. Мөн хог тээвэрлэх ажлыг сайжруулахын тулд  гэр хорооллын хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд нь хог хаягдлыг тээвэрлэсэн өрхүүдээс гарын үсгээр баталгаажуулалт хийлгэж, бүртгэл хөтлөх /утасны дугаар, хаяг г.м/, гэр хороололд үүссэн хур хогийг тээвэрлэхээс илүүтэйгээр айл өрх бүрийн хог хаягдлыг сард 2-3 удаа тээвэрлэх графикийг гарган айл өрх, албан байгууллагуудад мэдэгдэж, дүүргийн холбогдох мэргэжилтэн, хорооны Засаг даргаар батлуулан мөрдлөгө болгон ажиллах санал тавилаа.

Мөн гаргасан хуваарийг өрх бүрт тараах ажлыг тээвэрлэгч байгуулага хороотой хамтарч зохион байгуулж, графикийн хэрэгжилтэнд Хот тохижилтын газар, хорооны Засаг дарга хяналт тавих нь тээвэрлэлт сайжрахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна.

Хамгийн чухал нь энэхүү графикийн хэрэгжилт айл өрхийн баталгаажуулсан гарын үсгийн баталгаагаар түүвэр судалгаа явуулан давхар хяналт тавьж санхүүжилтийг олгож байхаар санал  оруулжээ.

Танилцуулгыг сонсоод удирдлагын зөвлөл энэ асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, 2013 оны нэгдүгээр улирлыг дуустал буюу 3 дугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар тогтлоо. Гэхдээ, гудамж, жалганд ил задгай хог хаях явдлыг эрс бууруулахын тулд гэр хорооллын гудамжинд хяналтын камер суурилуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

                                                                                 Тохижилт үйлчилгээний компаниудад шалгалт хийжээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар Улаанбаатар хотын төвийн дөрвөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниуд шалгалт хийжээ. Тус компаниуд хувьчлагдсан гэх боловч нийслэлийн төсвөөс санхүүжилт авсан хэвээрээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтаар эдгээр компаниуд нийслэлийн төрийн захиргааны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. ТҮК-уудыг 2003 онд менежментийн багт гэрээгээр ажиллуулахаар шилжүүлжээ. Улмаар уг гэрээг дүгнээд хувьд шилжүүлэх шийдэлд хүрчээ. Харин төрийн өмчийг менежментийн багт шилжүүлэх үйл явцийг 10 жилд багтаан шийдвэрлэхээр гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хувьчлах шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлалын комисс хүчингүй болгох заалт оруулжээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын шалгалтаар нийслэлийн төр, захиргааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ. Тйимээс, нийслэлийн өмчийн харилцааны газар  хувьчлалыг хүчингүй болгох санал орууллаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн дээр ТҮК хувьчлалыг явуулахдаа хууль зөрчин хийсэн болох нь тогтоогдсан байна. Иймд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль зөрчиж хувьчлал явуулах шийдвэр гаргасан тухайн үеийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагад шалгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга  Ш.Төмөрбаатарт сануулав.

Нөөцийн мах актлагджээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н. Батаа  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд“Багахангайн махын үйлдэр”  тэрбум гаруй төгрөгөөр 2012 онд нөөцийн мах бэлтгэхдээ алдаа гаргасан талаар танилцуулав. Тус үйлдвэр 2012 онд мах бэлтгэхдээ 2011 онд Дархан-Уул аймагт экспортод гаргахаар бэлтгээд гаргаж чадаагүй  махыг нөөцөлсөн болох нь шалгалтаар тогтоогджээ. Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг тайлбар  хийлээ. Уг мах одоогийн байдлаар хүнсэнд хэрэглэж боломжгүй, бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтээр устгах акт үйлдэгдсэн байна. Мөн тухайн махыг нөөцлөхөд зарцуулсан хөрөнгө нийслэлийн алдагдал болж байна. Устгалд орох болсон махыг хэн, хэзээ, хэрхэн бэлтгэж нийслэлийг алдагдалд оруулсан болохыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих