Жүжигчин АМБИЙ: НАМАЙГ НАС БАРЧИХЛАА ГЭДЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НАЙЗ НӨХДИЙГ МААНЬ ЦОЧИРДОЛД ОРУУЛСАН

9629Монголын чадварлаг  жүжигчдийн нэг  Ц.Батхуяг буюу жүжигчин Амбийг мэдэхгүй хүн  гэж байхгүй. Түүнийг хорт хавдар туссан, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэсэн  таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч олон хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж байсан мөч саяхан билээ. Тэгвэл энэ бүх таагүй мэдээлэлд цэг тавигдаж үзэгч бидний хайртай жүжигчин маань одоогоор  цоо эрүүл болж өвчин нь ор мөргүй эдгэсэн гэсэн сайхан мэдээллээр  жүжигчин СТА Ц.Батхуягийг та бүхэнтэйгээ уулзуулж байгаад баяртай байна. Ингээд түүнтэй амьдрал, уран бүтээл, цаг үеийн талаар ярилцсанаа та бүхэндээ хүргэе. 


-Таны бага  наснаас яриагаа эхэлье. Таны бага нас хаана өнгөрсөн бэ? Ямархуу хүүхэд байсан бэ?

-Миний  бага нас бусад хүүхдүүдийн л адил өнгөрсөн дөө. Айлын бага болоод ч тэр юм уу их эрх өссөн. 1960 онд манайх Дорнод аймагт очсон юм. Манай том ах, эгч хоёр маань Сүхбаатарын Эрдэнэцагаанд төрсөн. Миний хувьд Дорнод аймагт төрсөн. Хүүхэд нас маань Хэрлэнгийн хөвөөнд аз жаргалтай өнгөрсөн дөө. Ер нь айлын бага хүүхэд гэдэг нэлээн эрх байдаг шүү дээ. Одоо би хүүгээ харахаар яг л миний бага нас шиг санагддаг юм. Гэрт нь байхад тогтож барьж авна гэж бараг л байхгүй шүү. Хааяа хүүгээ үнэрлэмээр санагдахаар унтсан хойно л ханатлаа үнэрлэж авдаг даа. Би бага байхдаа ах нараараа  “Нанзадбаатар” гэдэг  номыг их  уншуулдаг байсан.  харин жаахан томроод “Бадарчингуудын  тухай хөгтэй явдлууд” гэсэн романаас ч том номыг  их уншдаг болсон.  Ерөнхий боловсролын сургуулиа Дорнод аймагтаа төгсөөд цэрэгт мордсон юм. Харин цэрэгт байхдаа л  СУИС-д конкурс өгч байсан.

-Аав, ээжийнхээ тухай дурсахад. Таныг хүүхэд байхад юу хийдэг хүмүүс байсан бэ?

-Тухайн үеийн хүмүүс чинь  ихэнх нь мэргэжилгүй байдаг  байсан шүү дээ. Гэхдээ миний аавын хувьд  Дорнод аймгийн театрт  галчаас нь эхлээд тайзны эрхлэгч  болтлоо ажиллаж байсан хүн. Тийм ч учраас урлагт сонирхолтой болсон нь аавын минь ажил болон өссөн, төрсөн орчин нөлөөлсөн байх л гэж боддог доо. Тухайн үед аав минь тайз засдаг байсан учраас  хамтдаа жүжгийн бэлтгэл сургуулилтыг  маш их үздэг байсан. Тэгээд л ийм мундаг жүжигчин болох юмсан гэж маш их боддог байлаа. Манай хороололд мундаг том жүжигчид байдаг байсан юм. Тэдгээр хүмүүст аав минь “Манай энэ бага хүү өрөмний өт шиг хөдөлгөөнтэй,  жүжигчин болох сонирхолтой юм шиг байна” гээд л их хэлж ярьдаг байсан. Октябрын жагсаал болоход Жүжигчин Цэрэндаш гуай Ленин болдог байсан юм. Би чинь аавын найз гээд л тэр хүний  гараас нь хөтлөөд  онгироод л алхдаг байлаа. Тухайн үедээ хүүхэд байсан ч гэсэн  энэ хүн шиг мундаг хүн болно доо гэж мөрөөддөг байсан даа.

-Урлагийн хүмүүс хүүхэд байхдаа нийгмийн идэвхи сайтай ч  харин сурлагандаа жаахан тааруухан байдаг. Таны хувьд хүүхэд байхдаа хэд сурдаг хүүхэд байсан бэ?

-Ер нь хүүхэд гэдэг чинь сахилгагүй л байх ёстой юм билээ. Гэнэн томоогүй, сахилгагүй байх чинь л хүүхэд байхын гол утга учир шүү дээ. Одоо үед хүүхдийг онц л сурах ёстой .Тийм ч дамжаа, ийм ч дугуйлан гэдэг болж. Энэ бас нэг талаараа буруу ч юм шиг санагддаг. Хүүхэд гэдэг өөрөө эрх чөлөөтэй байх ёстой. Гэтэл ингэх ёстой, тэгэх ёстой гэдгээрээ хүүхдийн эрх чөлөөг хаагаад байгаа юм шиг л санагддаг юм.  Бидний үед  хэтэрхий сурлагатай байсан хүүхдүүдийг бас хараад байхад сахилгагүй байсан хүүхдүүдээсээ илүү явж байна уу гэхэд үгүй л байдаг шүү дээ. Тэгэхээр зөв сахилгагүй, буруу сахилгагүй гэж байдаг юм шиг байна лээ. Би чинь тухайн үедээ нийгмийн маш их идэвхитэй хүүхэд байсан. Тэр ч утгаараа сурлагаараа биш гэхэд урлаг, нийгмээрээ манлайлагч  байсан. Найзуудтайгаа нийлж байгаад л тэр жагсаал дээр очьё энэ наадмыг үзье гэхэд бүгд намайг дагаад л шур хийдэг байлаа шүү дээ. (Инээв) Сурлагын хувьд тийм сайн байгаагүй ч тийм муу бас байгаагүй. Алтан дундаж л байсан даа.

-Ярианы сэдвээ жаахан өөрчлөөд уран бүтээлрүү орьё гэж бодож байна. Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Сая жаран ангитай сериалын  кино зураг авалт маань  яг дуусаад л байж байна даа. Энэхүү кинонд найзуудынхаа урилгаар тоглосон байгаа. Одоогоор өөрийгөө тийм, ийм тоглосон гэж сайн хэлж мэдэхгүй л байна. Жаахан айдастай л байна. Гэвч уран бүтээлч хүний хамгийн том шүүгч бол үзэгчид шүү дээ. Тиймээс киног маань үзээд юу гэж дүгнэхийг мэдэхгүй ч тэр болтол айдастай л байна байх.

-Нууц биш бол  ямар нэртэй  кино вэ?

“Хувь тавилангийн ээдрээ “ гэдэг  баримтат уран сайхны кино байгаа. Энэ кинонд Ардын жүжигчин Цэрэндагва багштайгаа хамтарч тоглож байгаа учраас маш сайхан байлаа. Ийм мундаг хүнтэй анх удаа ийм ойрхоноос бараг л амьсгалж байгаа амьсгалыг нь мэдэрч хамтдаа тоглосноороо их олон зүйлийг сурч авлаа.

-Таны хамгийн анхны уран бүтээл ямар уран бүтээл байдаг вэ?

-Би дөрөвдүгээр ангидаа анх тайзан дээр гарч байсан.Тухайн үед  Дорнодын театрын захирал Юра гэж хүн байсан юм. Миний аавын найз байсан болоод ч тэр юм уу анх намайг тайзан дээр гаргаж байсан. Тэр үед надад авъяас байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан надад тэр хүн маш их урам зориг өгдөг байсан юм. Тэр үед их алдартай байсан “хүжийн гал” гэдэг зохиол байдаг даа.  Тэр зохиолын ламын дүрийг  дөрөвдүгээр ангидаа бүтээж  тэмцээндээ түрүүлж байсан юм. Энэ бол миний хамгийн анхны бүтээж байсан дүр буюу хамгийн анхны уран бүтээл юм уу даа л гэж бодогддог шүү дээ. Тэр дүрээр л олны өмнө гарч түүнээс хойш жил болгон сургуулийн алиалагч болдог болсон. Ингээд алиалагч болох ч уг нь надад их таалагддаг байсан юм. “Тэр гараа угаагаагүй, тэр муу сурдаг”  гээд л дурандаж өгдөг байлаа. Харин дараа нь дурандуулсан хүүхэдтэйгээ муудаад л, зодолдоод л явдаг байсан даа. Тухайн үеийн хүүхдүүд шүүмжлэлийг их авдаг байж дээ гэж бодогддог юм. Одоо үеийн хүүхдүүдийг тэгэх юм бол өс санадаг аливаа зүйлийг эерэг талаас нь харахаа больчихож дээ. Ер нь миний уран бүтээлийн гараа Дорнод аймгаас л эхтэй учраас Дорнодынхоо үзэгчдийг ч гэсэн энэ дашрамд үнэхээр дурьдахгүй байхын аргагүй . Дэлгэцийн уран бүтээлийн хувьд оюутан байхдаа л тоглож байсан даа. Тэр үеийн оюутнууд гэж одоо бодоход мундаг жүжигчид байж шүү дээ. Юу ч тоглоход бэлэн их эрч, хүчтэй ийм хүмүүс байж. “Отелла”  хэзээ тоглох вэ? Маргааш гэсэн би тоглоё гээд л  нүүрээ будаад, ээмгээ зүүгээд л  “Отелла”болоод  гарчихдаг байлаа шүү дээ. Харин одоо бол мэргэжил рүүгээ ойртоод мэргэжлийн жүжигчид болоод ирэхээрээ тэр үеийнх шигээ байхаа больж  их айж эмээдэг болчихдог юм байна. Яаж хүнд хүртээлтэй юм хийх үү. Яаж үлдэцтэй юм хийх үү гээд л урьдны хүмүүсийнхээ уран бүтээлийг байн дахин үзээд л сонирхолдоо  улам их хөтлөгддөг болчихдог юм байна. Тийм мундаг жүжигчин байж яагаад  амьдрал нь ийм байсан юм бол. Ийм дүрийг гаргахын тулд яагаад ийм их юм золиосолсон юм бол гээд л их ч юм боддог байсан. Тийм ч учраас  тэдгээр хүмүүстэй өөрийгөө харьцуулахаар мэргэжлээсээ  айдаг ч  тэр бүхний ард гарсан энэ мундаг  хүмүүсээрээ үнэхээр их бахархаж л явдаг даа.

-Таны хувьд энэ мэргэжлээсээ шантарч байсан үе байдаг уу?  Би жүжигчин болж чадахгүй юм байна гэж бодох үе байсан л биз.

-Байлгүй яахав. Ялангуяа оюутан байх үед юугаа ч ойлгохгүй явахад үнэхээр хэцүү санагдаж байсан үеүд бий.Ер нь бидний мэргэжил хамгийн хэцүү хүнд мэргэжил шүү дээ. Жүжигчин гэдэг нэр нь л сайхан. Түүнээс  биш  улаан диплом аваад “онц”  гээд төгсчихдөг мэргэжил биш шүү дээ. Насаараа суралцсаар байж байгаад л  эцэст нь онц дүн авдаг болохоос дипломны онц дүнгээр насаараа онц явдаг мэрэгжил биш шүү дээ. Харин тэр онц дүнг нь нийгэм, ард түмэн цаг хугацаа тавьж өгдөг. Миний хувьд Бооёотойгоо анх тайзан дээр гарч байхад бид хоёртой хамт алиалсан алиалагч дээр хүмүүс алга ташаад бид хоёрт нэг их алга ташаагүйд сэтгэл маш гундуу байсан юм. Харин тэр үед Бадарууган гуай  циркийн нарийхан коридорт “миний хоёр хүү маш сайн байсан шүү . Та хоёр чинь мэргэжлийн жүжигчид болох гэж байгаа хүүхдүүд тиймээс тун удахгүй алиалагчаас илүү та хоёрт  алга ташдаг болно. Тиймээс миний хоёр хүү үзүүлээд өг. Би та хоёрыг мэдэж байна. Та хоёр маш сайн жүжигчид болно. Хэрвээ та хоёр сайн байх юм бол би та хоёрт цалин өгнө”  гээд бид хоёрт өөрийнхөө түрийвчнээс мөнгө гаргаж өгч байсан. Харин дараа нь “Азтай бадарчин”-д Бооёо бид хоёр түрүүлсэн юм. Тэр үед бид хоёрт өмнө нь хэлж байсан тэр үгээ Бадарууган гуай  дахиад л хэлж  байсан. Харин тэр үг нь чи дэлхийн хэмжээний жүжигчин гэж хэлүүлэхээс ч илүүтэйгээр  илүү их урам зоригийг өгч байсан.

-Сүүлийн үед таны хувьд  тайзны уран бүтээлээс илүүтэйгээр дэлгэцийн уран бүтээл нэлээдгүй хийж байна. Ер нь энэ тал дээр аль нэг нь арай хялбар гэсэн зүйл байдаг болов уу?

-Би жүжигчин хүн учраас аль, алиныг нь л хийхийг зорьж  аль, алинд нь хүч үзэхийг хүсдэг. Аль нэгийг нь хэтэрхий баримтлахгүйгээр мэргэж­лийнхээ бүх л салбарт  өөрийгөө дайчлахыг боддог доо.

-Саяхан та маш хүнд хагалгаанд орсон. Тэрнээс болоод  таныг хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэсэн таагүй  мэдээлэл цацагдаж  олон хүнийг багагүй цочирдуулаад авсан. Одоогоор таны биеийн байдал ямархуу байгаа бэ?

-Тийм ээ. Ийм мэдээлэл цацагдсан нь андуу, ташаа ойлгосон нэг хүний хариуцлагагүйгээс болсон. Олон найз нөхдөд  маань энэ мэдээлэл хүнд цохилт болсон байсан. Биеийн байдлын хувьд үзэгч түмнийхээ болон олон найз, нөхөд, ах , дүүгийнхээ буянаар ямар ч асуудалгүй эдгэсэн. Тийм ч учраас цоо эрүүл болсон гэдгээ үзэгч олондоо уран бүтээлээрээ харуулах болно гэдгийг танай сониноор дамжуулан уламжилмаар байна.

-Манай улс урлаг соёлыг дэмжихдээ тааруухан гэгддэг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Хүн байж жүжигчин байх ёстой. Харин хүн байхыг  нийгэм өөрөө  шаарддаг . Тийм ч учраас хүнийг хүн байлгахын тулд хууль, дүрэм, журам байдаг. Гэвч аль алинд буруу өгч болохгүй. Өнөөдөр нийгэм ядуу амьдарч байна. Засаг мөнгө өгөх ёстой гэдэг бол буруу  шүү дээ. Харин би нийгэмд хэрэгтэй аливаа нэгэн зүйлийг хийлээ гэхэд  тэрийг төр засаг дэмжиж нийгэмдээ хүргэдэг байх л хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр алсыг харах  буюу үеийн үед  хойч үедээ үлдээх  гэдэг зүйлийг харахаасаа илүү яаж энэ ганц олдсон амьдралдаа баян чинээлэг нэр төртэй амьдрах уу л гэдгийг чухалчилдаг болчихож.

-Урлагийн хүн байхын сайхан тал болон хэцүү тал нь таны хувьд юу байдаг вэ?

-Сайхан тал маш олон бий. Өнөөдөр энд, тэнд  явахад Амбий ах байна сайн  байна уу гээд л танихгүй хүн  байсан ч мэнд мэдчихдэг.Замын хөдөлгөөнд оролцсон ч зам тавиад л өгчихдөг энэ бүгд нь маш сайхан байдаг. Намайг хүндлэж хайрлаж байгаа ард түмэн болон үзэгч олныхоо итгэлийг л дааж явахыг хичээдэг дээ. Гэтэл өнөөдөр миний талаар нэг таагүй мэдээлэл гарлаа гэхэд  намайг үзээд инээдэг байсан тэр хүмүүсийн сэтгэгдэл хамт устчихдаг. Хүн л болохоор алдаж эндэнэ. Ялангуяа хүнд залуу халуун насны алдаа оноо байлгүй л  яахав. Гэхдээ урлагийн хүний хувьд олон түмний итгэлийг дааж үлгэр дууриалал болж явдаг хүмүүсийн хувьд их зөв явах хэрэгтэй л гэж боддог доо.  Би саяхан Дагвадорж аваргийн нэвтрүүлгийг үзэж байхдаа үнэхээр нулимс унагаж байсан. Миний дүү Монголынхоо нэрийг өндөрт гаргаж яваа мундаг залуу. Намайг ахаа гээд  бид гэмгүй сайхан байдаг юм. Саяхан “Амбий ахаа таны бие өвдөхөд таны хэдэн найзууд алга болсон бэ”  гэхэд нь би бараг 50 хувь нь гэхэд “минийх бүр 80 шүү дээ” гээд инээж байсан.  Ер нь хүний хүн чанар тийм л үед илүү танигддаг юм билээ.  Дэлхийн хэмжээний алдартай  од буюу  бүр Холливудын алдарт жүжигчин Джет-ли-гээс  хүртэл таны хувьд баатар гэж байдаг уу? та баатар мөн үү?  гэж асуухад тэр хүн би баатар бишээ гэж гэнэ. Тэгвэл таны хувьд баатар гэж байдаг уу гэхэд миний хувьд баатар гэдэг бол Монголын Асашёорюү Дагвадорж гэж хэлсэн  байгаа юм. Гэтэл дэлхийн ийм агуу хүн энэ хүнээр бахархаж байхад бид харин энэ хүнээ өмгөөлж хамгаалах ёстой болохоос алдаа оноог нь бичээд шүүмжлээд байх хэрэггүй л байгаа юм гэж бодогддог юм. Харахад их аварга гээд том биетэй харагдаад байдаг ч нас нь залуу хүүхдээрээ амьтан шүү дээ.

-Амбий ахынхаа хувийн амьдралын талаар мэдмээр санагдлаа. Анх гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байсан дурсамжаа бидэнтэй хуваалцаач. Одоогоор хэдүүлээ амьдардаг вэ?

-Ах нь амьдралдаа  нэг л хүнд дурласан. Тэр хүнтэйгээ ханилсан. Одоо бид Ууган бат, Эзэнбат, Эзэнтулга гэсэн гурван хүү, Эзэнбулаг гэсэн нэг охинтой өнөр өтгөн  сайхан амьдарч байна. Миний хань жүжигчин мэргэжилтэй. Гэхдээ одоогоор компанийн ажил хийж байгаа. Миний хань бид хоёр нэг нутгийн хүмүүс л дээ. Би ахтай нь их  найзууд  байсан юм. Найз маань дүүгээ надад захисан учраас их халамжилж хайрладаг байлаа. Ингээд эцэст нь  хүүхдийн үерхэл цаг хугацааны эрхээр хайр сэтгэл болон солигдсон доо.

-Таны хүүхдүүдээс аав шигээ жүжигчин болно гэх хүүхэд байгаа биз?

-Миний том хүү миний мэргэжлийг их сонирхож байгаа. Би хүүдээ “миний хүү энэ жүжигчин гэдэг мэргэжил чинь улаан дипломтой төгсөөд болчихдог мэргэжил биш шүү”  гэдгийг хэлж байгаа.
-Урлагийн хүмүүсийн хувьд гэр бүл, үр хүүхэддээ цаг зав бага гаргадаг. Таны хувьд тийм шүүмж хэр сонсож байсан бэ?
-Сонсолгүй яахав.Бид чинь тоглолт гээд л хөдөө орон нутгаар явна. Гэрийн бараа харахгүй шүү дээ. Харин энэ бүхнийг ойлгож энэ бүхнийг хамтдаа туулж гарсан хүн бол яахын аргагүй миний хань байгаа юм. “Сайн  яваа эр хүн бүхний ард сайхан  Монгол  эмэгтэйн хатан ухаан бий” гэдэг энэ үг үнэхээрийн үнэн санагддаг юм. Миний  хань чинь ил гараагүй л болохоос миний ард байдаг  мундаг жүжигчин шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.  З.Одончимэг


URL:

Сэтгэгдэл бичих