Ч.Хүрэлбаатар: Б.Чойжилсүрэнтэй холбоотой асуудлыг өөрөөс нь асуу

c7785f09b86d32debigУИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шүүхийн шийдвэр эцэслэн гартал УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн та хоёрт “УИХ-ын гишүүний үнэмлэх олгох ёсгүй байсан ч Увс аймгийн сонгуулийн тойргийн хороо болон Сонгуулийн ерөнхий хорооныхон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон” гэж Ардчилсан намынхан үзэж байгаа юм билээ. Учир нь УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байх үед Увс аймгийн удирдлага болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ардын намынхан ажиллаж байсанд учир бий гэж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ардчилсан намынхан андуураад байх шиг байна. Тэр үед Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг шоронд хийчихсэн байсан шүү дээ.

Энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэж байж ард түмнийг мунхруулахын тулд иймэрхүү зүйл яриад байх хэрэггүй юм болов уу. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын дагуу ард түмний сонголтоор л УИХ-ын гишүүн сонгогдох ёстой. Миний хувьд Ардчилсан намын нэр дэвшигчдээс 20 орчим хувийн саналаар илүүрхэж ялалт байгуулж, Үндсэн хуулийн зарчмын дагуу сонгогдох эрхээ эдэлсэн хүн шүү дээ.

-Та бүхнийг илүүрхсэн гэж байгаа саналаа “Худалдаж авсан” гэж шүүхээс тогтоогоод байгаа юм биш үү. Ардчилсан намын нэр дэвшигч Д.Нямхүү ч гэсэн тийм бодолтой байгаагаа илэрхийлж байсан шүү дээ?

-Би танай сонины өчигдрийн дугаарт өгсөн Д.Нямхүүгийн ярилцлагыг уншсан л даа. Тэр ярилцлагадаа Увс аймгийн ард түмнийг “Ядуу учир саналаа худалдсан” гэж хэлсэн байна билээ. Увс аймгийн ард түмнийг ядуугаар нь дуудаж, мөнгөөр саналаа худалддаг гэж доромжилчихоод энэ хүн Увсын ард түмнийг яаж төлөөлж УИХ-д суух юм бэ. Хамар дор хагархай гэдэг үг байдаг ч гэсэн ярьж, хэлж байгаа үгээ бодож, тунгааж байж хэлж байгаасай гэж сануулмаар байна.

-Энэ асуудалтай холбоотойгоор Баянгол дүүргийн шүүхэд Увс аймгийн Ардын намын дэд дарга Н.Жамсран зэрэг хүмүүсийг шүүсэн. Тухайн үед шүүх хурлын үеэр Н.Жамсран дарга “Мөнгө тараах санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гаргасан” гэж мэдүүлэг өгсөн гэсэн. Энэ бүхнээс та бүхний мөнгө тараасан гэдгийг шүүх батлаад байгаа юм биш үү?
-Надад тэр шүүх хурлын талаар мэдэх зүйл байхгүй. Гэхдээ ганцхан л зүйл хэлье. Би 23514 хүний санал авсан. Тэгэхээр намайг энэ их хүнд мөнгө тараасан гэж хэлэх гээд байгаа юм уу. Үнэнийг хэлэхэд Увсад бидний рейтинг өндөр байсан шүү дээ. Хийж бүтээсэн, хэлэх ярих зүйлтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн учир ард түмэн сонголтоо хийсэн. Биднийг сонгосон ард түмэн сонголтыг яах вэ тэгээд.

Нөгөөтэйгүүр, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс биднийг хоёр асуудалд буруутгаж, шийдвэр гаргасан. Эхнийх нь сонгуулийн сурталчилгаа хаасан өдөр самбар дээр урсдаг зар явуулсан гэдэг үндэслэлээр буруутгасан. Энэ бүхэнд бид тайлбар хийж, бидний буруугаас болоогүй гэдгийг маш олон баримтаар нотолсон. Бид ямар анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс биш юмны наад, цаад учрыг мэдэх хүмүүс. Гэтэл бид өөрсдийгөө асуудалд оруулах гээд сурталчилгаа хориглосон өдөр сурталчилгаа хийнэ гэж үү. Санаанд багтамгүй асуудал байгаа биз дээ.

-Сонгуулийн сурталчилгаа хориглосон өдөр аймгийн төвийн сурталчилгааны цахилгаан самбар дээр танай намын уриа өдөржин урссан юм биш үү?

-Өдөржингөө урссан асуудал байхгүй. Хэдэн хором Ардын намын уриа урсах нь урссан юм билээ. Би энэ бүхнийг нь мэдээ ч үгүй. Манай намынхан ч мэдээгүй. Гэтэл сүүлд Ардчилсан намынхан ийм асуулал хөндөхөд бид энэ талаар лавласан юм. Тэгэхэд энэ нь тухайн самбарыг хариуцаж байсан компанийн алдаатай үйл ажиллагаанаас болж гарсан техникийн доголдол байж таарсан. Санаатайгаар энэ бүхнийг зохион байгуулсан ч юм билүү хэн мэдэх билээ. Шүүхэд энэ талаар хангалттай нотлох баримт цуглуулж өгсөн ч харгалзаж үзээгүй нь харамсалтай байна.

-Шүүхээс та бүхнийг хоёр асуудалд буруутгасан гэлээ. Хоёр дахь нь ямар асуудал вэ?
-Сонгуулийн сурталчилгаандаа төрийн албан хаагчийг ажиллуулсан гэдэг үндэслэлээр буруутгасан. Миний туслах гээд байгаа тэр хүн чинь сонгуулийн ажилд оролцохоосоо өмнө хууль, дүрмийнх нь дагуу ажлаас гарах өргөдлөө бичиж өгчихөөд явсан байдаг юм. Өргөдлөө бичиж өгчихөөд явсан хүнийг төрийн албан хаагчийнхаа ажлыг хийж байсан байна гэж үзэж байгаа юм бол УИХ-ын гишүүн А.Бакейг ч гэсэн хэрэгт татах ёстой болж таараад байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүн  А.Бакей УИХ-ын сонгуульд нэр дэвшихээсээ өмнө Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн байсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол төрийн албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших болбол үүрэгт ажлаасаа нэгдүгээр сарын 1-ний дотор чөлөөлөгдсөн байх ёстой байсан. Гэтэл УИХ-ын гишүүн А.Бакей ажлаасаа гарах өргөдлөө 2011 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр УИХ-д өгсөн. Харин УИХ түүний өргөдлийг хүлээж авчихаад 2012 оны нэгдүгээр сарын 4-нд түүнийг ажлаас нь чөлөөлж байсан. Тэгэхээр А.Бакей ч гэсэн хууль зөрчсөн болж таарч байгаа биз.

-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн иргэдтэй гэрээ хийж, гэрийг нь түрээслэх замаар мөнгө тараасан гэдгийг нь хууль шүүхийн байгууллага нотлоод байна. Та түүний хөлд нь үрэгдчих гээд байгаа юм бишүү?
-Би тэр асуудлыг огт мэдэхгүй. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй холбоотой асуудлыг өөрөөс нь асуусан нь дээр байх.

-Нэг нам гэдэг утгаар нь асуугаад байгаа юм л даа. Тухайлбал, Өвөрхангайн тойрогт танай намаас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч яг ийм асуудалд орсон. Н.Төмөрхүү нэр дэвшигчийг мөнгө тараасан гэдгийг нотолсон. Гэтэл С.Чинзориг нэр дэвшигч энэ асуудалд холбоогүй гэдэг нь тогтоогдсон одоо болтол шүүхээр тэдний асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа шүү дээ?
-Өвөрхангайд тийм асуудал үнэхээр болсон уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Би хувьдаа Өвөрхангайд Ардын намаас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсон гэж үздэг. Учир нь ард түмэн тэдэнд саналаа өгсөн шүү дээ. Харин дараа нь Ардчилсан намынхан Хан-Уул дүүргийн шүүхээр асуудлыг өөрсдийн талд хэрхэн шийдүүлснийг ч ард түмэн мэдэж байгаа. Одоо болохоор УИХ-ын тангаргаа өргөчихсөн гишүүдийн үнэмлэхийг хураана гэсэн шийдвэрийг шүүх гаргаж байна. Энэ бол ард түмний сонголтыг эрх баригчид баталгаажуулахгүй байгаагийн нэг илрэл. Үүний бас нэг жишээ нь орон нутгийн хурлын сонгуулиар манай намынханд санал өгсөн орон нутгийнхны саналыг хүндэтгэхгүй, Засаг даргыг нь томилохгүй байгаа асуудал юм.

-Ерөнхий сайд энэ талаар тодорхой тайлбар хийсэн шүү дээ. Ардын намаас Засаг даргад нэр дэвшүүлсэн хүмүүс шаардлага хангахгүй байгаа гэж байсан байх аа?
-Хүссэн хүн бүтээдэг. Хүсээгүй хүн шалтгаан хэлдэг гэгчийн л үлгэр байгаа байхгүй юу. Эрх баригчид хүсэхгүй байгаа учир л янз бүрийн шалтаг, тайлбар хийгээд байгаа юм. Увс аймагт болсон анхан шатны шүүх хуралд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бид хоёр ялалт байгуулсан. Гэтэл Ардчилсан намын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр биднийг ялагдсан гэдэг мэдээлэл цацсан. Энэ юу ч биш УИХ-ын дарга З.Энхболд хүртэл тэгж яриад олны элэг, доог болоод явж байсан шүү дээ. Уг нь тэр хүн чинь аль нэг намын бүлгийн дарга биш УИХ-ын дарга хүн шүү дээ. Гэтэл намын бүлгийн дарга шиг л аяглах юм.

-Та бүхэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүлээж авсан уу?
-Одоохондоо тэрхүү тогтоолыг хүлээж аваагүй байна.

-Шүүхийн тогтоолыг аваад Хяналтын шатны шүүхэд хандах уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид Хяналтын шатны шүүхэд хандана. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг баримталсан гэж үзэж байгаа. Тиймээс Дээд шүүхэд хандана. Дээд шүүхэд шүүхийн системд олон жил ажилласан. Хуулиа мэддэг, зөв тайлбарладаг хүмүүс байдаг учир энэ асуудлыг сайтар нягтлана гэдэгт итгэж байгаа.

-Хяналтын шатны шүүх өмнөх шатны шүүхийн нотолсон шийдвэрийг цуцлах эрхгүй байдаг гэж Ардчилсан намынхан хэлж байна билээ. Энэ бүхнээс нь харахад тэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Хяналтын шатны шүүхээс баталгаажуулна гэдэгт итгэл төгс байх шиг санагдсан?
-Ардчилсан намынхан бүх шүүхийн шийдвэрийг гарахаас нь өмнө мэдээд байх шиг байна билээ. Би бол мэдэхгүй. Шүүх хурал болоогүй байхад ямар шийдвэр гарахыг нь мэдэж яриад байгаа нь сонин байна. Аль эсвэл улс төрийн шийдвэр гарчихсан болоод тэд ингэж зоригтой яриад байна уу. Мэдэхгүй юм.

-Муугаар бодоход Хяналтын шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулчихвал яах вэ?
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бид хоёр бол УИХ-ын тангаргаа өргөчихсөн гишүүд. Тиймээс хэзээ ч хөдлөхгүй гэж бодож байгаа. Нэг хууль хоёр намд өөр, өөрөөр үйлчлэх ёсгүй биз дээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакейд өөрөөр, манай намд өөрөөр хэрэгжиж болохгүй байх аа. Тэр урсдаг зарын асуудлыг ч гэсэн сайн нягтлах хэрэгтэй. Үнэхээр манай намынхан хуулиа мэдсээр байж өөрсдийгөө асуудалд оруулах гэж байгаа юм шиг аашилсан уу. Аль захиалга өгсний үндсэн дээр ийм асуудал болсон уу. Хариуцлагагүй компанийн буруугаас ийм асуудал бий болсон уу гэдгийг шүүх шалгах ёстой.

-Ардчилсан намынхан та бүхнийг УИХ-ын гишүүн болоогүй байхад гомдол гаргасан учир шүүх гомдол гаргасан өдрөөс эхлээд асуудлыг шүүж байгаа гэж байсан?
-Миний халаасанд УИХ-ын гишүүний түр үнэмлэх байхгүй. Жинхэнэ үнэмлэх бий. Тэгэхээр би УИХ-ын гишүүнийхээ тангаргыг өргөсөн УИХ-ын гишүүн хүн. Тэр хүмүүсийн тайлбарлаж байгаагаар, тэр хүмүүсийн хүслээр асуудалд хандах ёсгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих