ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ

w260162139606Цаазаар авах ялын дэлхий нийтийн чиг хандлага

Цаазаар авах ялын тухай асуудал дан ганц эрх зүйн төдийгүй улс төр, философи, социологи, сэтгэл судлал, нийгмийн ухамсарын түвшний асуудал юм. Цаазаар авах ял гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэггүй болохыг дэлхий нийтийн туршлага харуулж байна.

Цаазаар авах ялыг халж байгаа улс орнуудын тоо сүүлийн 20 жилд нэмэгдсээр байна. Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиндаа болон практикт халаад байна. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн халж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ялын гүйцэтгэл хийгээгүй байна. Үлдсэн Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа боловч тэдгээрийн зарим нэг оронд ял оноох хэргийн тоог бууруулсан байна.

2006 онд Ази-Номхон далайн орнуудаас Филиппин улс нь хуулиндаа болон практикт цаазаар авах ялыг халсан 25 дахь орон боллоо.

  • “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” судалгаа

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас 2005-2006 онд “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” сэдэвт түүхэн тойм бичих, тандалтын судалгааг амжилттай хийлээ. АНУ-ын Эмнести Интернэшнл байгууллагын санхүүгийн тусламжтайгаар хэрэгжсэн энэ судалгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, Монгол улсын дээд шүүхийн судалгааны төв, Монгол улсын цагаатгалын комиссийн судалгааны алба, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудтай хамтран явууллаа.

Энэ судалгааны хүрээнд бид цаазаар авах ялыг хэвээр байлгах болон хүчингүй болгохыг хэрэгтэй гэж үзэж байгаа хүн амын хэсгүүдийн харьцааг гаргах, ямар үндэслэлүүдийг гол болгож байгааг хэсэг тус бүрээр тогтоох, ялын бодлого Монгол улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх, түүнийг хэвээр байлгах, эсхүл түүнийг шатчилан халах шаардлагатай эсэхийг судлан тогтоох, цаазаар авах ялын талаарх өөрийн орны түүхэн тоймыг бичихээр зорьсон юм.

Төслийн 1-р шатанд цаазаар авах ялд хандах хандлагын тандалтын судалгаа /Социологийн судалгаа/-ны хүрээнд МУИС-ын ХЗДС-ын эрдэмтэн багш нар иргэд болон хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан хоёр төрлийн тандалтын судалгааны асуулгыг боловсруулсан. МЭИ байгууллагаас судалгааны асуулгыг нийт 5500 ширхэгийг хэвлүүлж, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын оролцоотойгоор Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 4344 иргэд, 558 хуульчдыг оролцуулсан санал асуулгыг явууллаа. Мэргэжлийн хуульчдаас 110 шүүгч, 99 прокурор, 81 мөрдөн байцаагч, 40 өмгөөлөгч, 24 хуулийн зөвлөх, 14 нотариатч, 17 профессор багш нар болон бусад мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан байна. МУИС-ийн ХЗДС-ийн судалгааны багийнхан санал асуулгын дүнг нэгтгэн дүгнэв. Энэ дүгнэлтээс харахад хуульчдын 83 хувь, иргэдийн 78 хувь нь цаазаар авах ялыг байлгах хэрэгтэй гэж үзсэн байх бөгөөд мөн иргэдийн 61 хувь нь цаазаар авах ял ногдуулах тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах шаардлагатай гэж үзсэн байна. Төслийн ажлын хэсэг судалгааны дүнгээр олон нийтэд хэлэлцүүлэг явууллаа.

Төслийн 2-р шатанд МУ-ын Дээд шүүхийн судалгааны төвтэй хамтран Монгол улс дахь цаазаар авах ялын түүхэн он дарааллын баримт бичгүүдийг цуглуулан, түүхэн тойм бичиж, цаазаар авах ялын давж заалдах, уучлал үзүүлэх байдал, цаазаар авах ялын хүлээлт, ялтны эрх зүйн байдал, ял эдлүүлэх нөхцөл байдлын судалгаа, цаазаар авах ялын сүүлийн 40 жилийн харьцуулсан судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, цаазаар авах ял оноолт болон гүйцэтгэлийн талаарх улс орны харьцуулсан судалгааг хийлээ.

Монгол улсад цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүх бий. Тухайлбал 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Дараа нь хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоосноос хойш энэ ялыг Монгол улсад халаагүй байна. Хууль тогтоогчид цаазаар авах ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон юм. Монгол улсын өнөөгийн дагаж мөрдөж буй 2002 оны эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна.

Төслийн 3 дугаар шатанд цаазаар авах ялын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн Зөвлөмж боловсруулан төслийн судалгааны тайланг монгол хэлээр бэлтгэн олон нийтэд тараагаад байна.

  • “Цаазаар авах ял ба хууль эрх зүйн доройтол” буюу цаазаар авах ялыг халах олон улсын өдөр

10 дугаар сарын 10-нд буюу Цаазаар авах ялыг эсэргүүцэх дөрөв дэх удаагийн дэлхий нийтийн өдрөөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хурлаар УЗ-ийн дарга Академич С.Нарангэрэл, Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” судалгааны ажлын тайлан болон Эмнести Интернэшнл байгууллага цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаарх мэдээллийг танилцуулж, Өнөөдөр, Өнөөдрийн Монгол, Ардын эрх зэрэг сонинууд болон телевизийн олон сувгуудаар мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Захидал уриалга бичих аян

Мөн өдөр залуучуудын бүлгийн оюутан залуус Иран, Хятад зэрэг орон эрх бүхий байгууллагуудад хандан насанд хүрээгүйчүүдэд цаазын ял оноохыг хориглох, цаазаар авах ял оноох хэргүүдийн тоог цөөрүүлэх болон энэ ялыг бүрмөсөн халахыг уриалсан захидал уриалга илгээлээ.

Өмнөд Солонгос нь 1948 онд тусгаар улс болсноос хойш хамгийн багадаа л 900 хүнийг цаазаар аваачсан байна. 2001 оны 11 дүгээр сард Үндэсний Ассамблейн 273 гишүүдээс 155 гишүүд нь цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг дэмжиж байсан. Гэвч хойшлогдсооор энэ оны 2 дугаар сард Хууль зүйн хороогоор хэлэлцэгдэж эхэлжээ.

Энэ хуулийн төслийг Хууль зүйн хорооны гишүүдийн дийлэнх хувь нь дэмжиж байсан ч 2006 оны 7 дугаар сард Хууль зүйн хорооны гишүүдийн тал хувь нь өөрчлөгдсөн бөгөөд тэд энэ хуулийг дэмжих эсэх нь тодорхойгүй байсан. МЭИ-ийн гишүүд дэмжигчдээс амьд явах эрхийг баталгаажуулах түүхэн алхам хийж байгаа Үндэсний Ассамблейн Хууль зүйн хорооны гишүүд, тус улсын Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайдад хандан цаазаар авах ялыг халснаараа Өмнөд Солонгос улс нь Азийн бүсийн орнууд дотроо хүний эрхийг хүндэтгэн сахиулагч үлгэр жишээ орон болох төдийгүй дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн чухал алхам болно гэдгийг лоббидон цаазаар авах ялыг бүрэн халахыг уриалсан өргөх бичиг илгээсэн юм. Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас 2006 оны 11 дүгээр сарын 9-нд бичсэн хариу захидалдаа хууль зүйн яам цаазаар авах ялын талаар судалж байгаа бөгөөд уг хуулийн төсөл нь Үндэсний Ассамблейгээр хэлэлцэгдэх үеэр бидний барьсан өргөх бичгийг авч хэлэлцэн уг хуулийн төслийг дэмжинэ гэдгээ өгүүлсэн байна.

Цаазаар авах ялыг халахыг дэмжигч нарын сүлжээ

Цаазаар авх ялыг эсэргүүцэгч, цаазаар авах ялын эргэн тойронд байгаа нууцлал, хүнлэг бус харьцаа зэргийг эсэргүүцэгч сэтгүүлч, хуульч, оюутан залуус зэрэг олон хувь, байгууллагуудтай Монголын Эмнести Интернэшнл хамтран ажиллахыг эрхэмлэдэг. Тухайлбал Хүний эрхийн үндэсний комисс, Ардчилалын Боловсрол төвийн дэргэдэх Ү- клуб, Франц Монголын соёлын төв болон иргэн Л. Санжаасүрэн, болон бусад хувь хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Үүнээс гадна Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа Хонконгод болсон цаазаар авах ял талаар судалгаа хийдэг хүмүүс, мэргэжилтэн, шинжээчид оролцсон зөвлөлдөх уулзалтанд оролцон Монголд хийсэн судалгааны талаар илтгэл тавилаа. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд Цаазаар авах ялын эсрэг Азийн сүлжээ /ADPAN/ байгуулагдсан байна.

  • Kино хэлэлцүүлэг

Монгол дахь цаазаар авах ялын талаар хийсэн судалгаагаар иргэдээс илүүтэй хуулийн байгууллагын ажилтнууд энэ ялыг дэмжиж байгааг олж тогтоосон юм. 12 дугаар сарын 2-нд Эмнести Интернэшнлийн УЗ-ийн гишүүд Ц.Оюунбаатар, Б.Энхтуяа, хуульчдын бүлгийн гишүүд Ц.Цэмбэлмаа, Ч.Аюурзана нар удирдан зохион байгуулсан олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх, цаазаар авах ял оноосноор гэмт хэрэг буурахад нөлөөлсөн тухай ямар ч нотолгоо байхгүй бөгөөд амьд явах эрхийг зөрчиж байгаа хүнлэг бус шийтгэл мөн гэдгийг таниулах зорилгоор “Үхдэл явж байна” киногоор хэлэлцүүлэг явууллаа. Уг хэлэлцүүлэг өмгөөлөгч, шүүгч, прокурорууд оролцсоноороо онцлог болов. Нийтдээ 40 орчим хүн оролцож Монгол улсын эрүүгийн хуулинд байгаа цаазаар авах ялын талаарх өөрсдийн байр суурь, дэлхий нийтийн чиг хандлага болон цаазаар авах ялын талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд авсан санал асуулгын дүнгээс харахад оролцогчдын 69 хувь нь цаазаар авах ялыг халах нь зүйтэй гэж үзсэн байна. Үлдсэн хэсэг нь Монголын өнөөгийн нийгэмд энэ ялыг халах нөхцөл байдал бүрдээгүй тул одоохондоо эрүүгийн хуулинд энэ заалтыг байлгах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байв.

DEATH PENALTY хаягаар орж Эмнести Интернэшнл байгууллагын олон улсад явуулж буй үйл ажиллагаатай танилцана уу.


URL:

Сэтгэгдэл бичих